Замын даргын намрын үзлэг урд замд ажиллах үеэр төмөр замчдын зүгээс хамгийн тавьсан асуудал нь орон сууц, тэр дундаа технологийн сууцуудын талаар байлаа. Өөрөөр хэлбэл, ашиглалтад ороод 50, 60 хүртэл жил болж буй зарим сууцны хана туурга, дээвэр муудсан, ажилчид амьдрахад тохь тухгүй, хүйтэнд жавар сийгж, борооны улиралд дусаал гоождог гэцгээж байв. Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд Замын бодлогоор зарим зангилаа, өртөөдөд ипотекийн орон сууц ээлж дараалан барьж байгааг танилцуулав. Мөн шугам замд ажиллаж буй залуу төмөр замчид ажлаас бууж ирээд нүүрс түлэх амаргүй, дулаан алдагдалтай байр нь үргэлж галлагаатай байхыг шаарддаг гэнэ. Тиймээс цахилгаан халаалтад шилжүүлж өгөхийг хүсэв. Энэ онд туршилтаар Долоодын хөндий зөрлөгийн технологийн сууцанд цахилгаан халаалт тавьсан байна. Уг халаалтын системээс шалтгаалж цаашид бусад сууцанд тавьж болох эсэхийг шийдвэрлэхээ комиссын ахлагч хэлсэн юм. Харин цахилгаан халаалттай болсон төмөр замчид нь “Эрчим хүчний төлбөр өндөр гарахаар байна. Цахилгааны төлбөрөөс тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэцгээж байв. Тиймээс энэ асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох алба, ангийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн, зарим өртөөн дэх 12, 24 айлын орон сууцуудад засвар хийх шаардлагатай байгааг хэлэв.