Замын даргын намрын үзлэг энэ сарын 05-11-ний хооронд урд замд үргэлжлэн явагдлаа. Үзлэг Замын-Үүд өртөөнөөс эхэлсэн. Тус хэсэглэл 2025 онд 18 сая тонн ачаа тээвэрлэхээс, аравдугаар сарын 01-ний байдлаар өргөн, нарийн царигаар 13 сая гаруй тонн ачаа тээвэрлэжээ. Өргөн царигаар 11586 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулбал 103 хувийн биелэлттэй. Нарийн царигаар 1944 сая тонн ачаа тээвэрлэж, биелэлт 101 хувьтай байна. Галт тэрэг солилцооны гол үзүүлэлт өсөлттэй явж байгаа. 6000 тонн галт тэргийг 305 удаа аялуулж, зүтгүүр бригад ажиллуулахгүйгээр 89.9 галт тэрэг хэмнэж чадсан. Төлөвлөгөөний биелэлт 75-80 хувийн биелэлттэй. Гологдлыг хоёр нэгжээр, дутагдлыг дөрвөн нэгжээр бууруулжээ. Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой ажлыг шат дараалалтайгаар хийж байна. Аюулыг мэдээлэх хуудсыг ажиллуулснаар дөрвөн ажилтан хөдөлгөөний аюулгүй байдал, эрсдэлтэй зүйлүүдийг илрүүлсэн байна. Шинэ залуу ажилтанд мэдлэг олгох хөдөлгөөнт самбарыг байрлуулж дадлагажуулах, алдаж оносон ажилтантай уулзаж халуун дотно яриа өрнүүлснээр дахин алдахгүй байх итгэл найдварыг төрүүлэх зорилготой аж. Тус хэсэглэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн төлөвлөгөөний биелэлт 91 хувьтай. Мөн энэ чиглэлээр аюулыг мэдээлэх хуудсыг ажиллуулснаар 28 ажилтнаа шагнан урамшуулж, эрсдэл аюулыг засаж хэвийн болгожээ.
Замын-Үүд өртөөний ажилчдын тогтвор суурьшлын байдал эрс сайжирч, ОХУ, БНХАУ-аас ирсэн, мөн их дээд сургууль төгссөн зэрэг арван инженерээр эгнээгээ өргөжүүлж, мөн чадавхжуулах, хөрвөн ажиллах ажилчдын тоог нэмэгдүүлэх, шугам замд шинээр ажиллахаар ирж байгаа ажилчдыг орон байраар хангах, орон сууцны засварын ажлыг үе шаттайгаар хийж байна.
Өнгөрсөн үзлэгээр яригдаж байсан Замын-Үүд өртөөний нарийн царигийн эрсдэлтэй цэгүүдийг камержуулах, өртөөний гаднах нийтийн 00-ын засварын ажлын төсөв хүлээгдсээр байна. Энэ хэсэглэл 1700 гаруй ажилтантай, дийлэнх нь залуучууд. Тиймээс Замын-Үүд өртөө спорт заалтай болох асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ дахин илэрхийлж байсан. Учир нь бусдын спорт заалыг түрээслэхэд жилд 300-400 сая төгрөг зарцуулж байгаа тооцоо гарчээ. Зураг төсвийг нь баталчихвал орон нутгийн төсөвт тусгуулах зэрэг боломж байгаа аж. Мөн 1109 дүгээр км-ийн гармыг хоёр өөр түвшинд огтлолцуулах 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг 2026 оны төсөвт суулгаж өгөхөөр болжээ. Замын-Үүд өртөөнд шийдвэрлүүлэх хоёр асуудал байна. Яаралтай шийдвэрлэх асуудал нь зорчигчийн тавцангийн их засварын үндсэн гэмтлийн акт өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр тогтоогджээ. Төсөв гаргуулж шуурхай шийдвэрлэх шаардлагатай. Нэг, хоёрдугаар замын тавцанд 12 жил орчим засвар хийгээгүй. Тавцангийн ирмэг, бетон хэсэг байрласан шавар бутарч нурсан, хөдөлгөөнд орсноор нурах эрсдэл үүсжээ. Өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 100 хувь биелүүлжээ. Замын-Үүд хэсэглэлийн хэмжээнд 196 заалттай төлөвлөгөөг баталж, биелэлт 96.5 хувьтай байна.
Замын-Үүд өртөө, Шаргын-Овоо, Нартын хошуу, Авгын гол, Сумангийн, Цагаанхад, Номт, Улаан-Уул, Долоодын хөндий, Өргөн, 41 дүгээр зөрлөг, Түшлэг, 39 дүгээр зөрлөгийн хамт олон 2025-2026 оны өвлийн бэлтгэл ажлыг сайн хангаж “Онц” үнэлгээтэй гэрчилгээгээ Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковоос гардаж авцгаасан юм.
29 иргэн мэргэшиж ажлын байртай болжээ
Сайншанд хэсэглэлийн 2025 онд ачилтын төлөвлөгөө вагон тоогоор 103.5 жин тонноор 89 хувийн биелэлттэй байна. Буулгалт 117.5 хувийн биелэлттэй. Хэсэглэлийн хэмжээнд буулгалт өссөн нь Сайншанд өртөөгөөр буудаг дизелийн түлш, Хонгорын-Овоо өртөөнд буусан төмрийн хүдэр, Өргөн өртөөнд буусан нүүрсний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой ажээ. Харин тээвэрлэлтийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурчээ. Энэ онд Сайншанд өртөө хэсэглэл нь ХАБЭА-г бүрэн хангаж осолгүй, осолд дөхсөн тохиолдолгүй ажиллаж байна. “Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжсэнээр ажилтан, тэднийг гэр бүлийг дэмжиж, мөн төмөр замын мэргэжлээр сургаж, ажлаар хангаж ажилласантай холбоотойгоор хүний нөөцийн тогтвор суурьшил бий болж байгаа гэж дүгнэж байв. Өртөө зөрлөгүүдэд илүү цагийг бууруулахаар хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулснаар мөн онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ.
Сайншанд Татах хэсэг 2025 оны эхний есөн сарын байдлаар 50 дутагдалтай ажиллаж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад дутагдлыг 20 нэгжээр багасгажээ. Зүтгүүрийн мэргэжлийг сонгон суралцагсдын тоо багассантай холбогдуулан хөдөлмөрийн зах зээлд байгууллагын нэр хүндийг өсгөх, мэргэжил сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Политехник коллежтой хамтран ажиллаж, 2024-2025 оны хичээлийн жилд элсэгчдийн тоог нэмэгдүүлэн, туслах машинчийн хоёр ангийг нээж, дадлагын хугацаанд нь сургалт зохион байгуулж, төгсөгчдийн практик ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Мөн зүтгүүрийн засварчны ажлын байранд нөөц бүрдүүлэх зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-тэй хамтран засварчны мэргэжил олгох богино хугацааны чадамжийн сургалтыг зохион байгуулсан байна. Нийт 29 иргэн төгсөж, ажлын байртай болжээ. Явах ангийн ажлын байрыг сайжруулж, бэлтгэл цехийн гадна чингэлгээр өргөтгөл хийжээ. “18-9ДГ” хөдөлгүүртэй илчит тэрэгний цилиндрийг угсрах тоног төхөөрөмж хийж, засвар хийхдээ ашиглаж эхэлжээ.
Эрчим хүч, ус хангамжийн II анги нь цахилгаан 30488746.26 кВт.ц ЦЭХ худалдан авч 28894813 кВт.ц ЦЭХ борлуулсан, зөвшөөрөгдөх алдагдал 7.6 байхаас 6.7 болгож бууруулжээ. Цэвэр ус 183880 шоо.метр ус гаргаж, 179848 шоо.метр борлуулсан, зөвшөөрөгдөх алдагдал гурван хувь байхаас 2.2 хувь болгон бууруулсан байна. Их барилга, засвар, хөрөнгө оруулалтаар есөн ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, 41 дүгээр зөрлөг Өргөн хоорондын замын 937 дугаар км-ийн нэгдүгээр зуутын гармын жижүүрийн байрны гадна цахилгаан хангамж, Бор-Өндөр өртөөний хоёрдогч эх үүсвэр, КТПН-160/6 кВт дэд станц, Өргөн-Улаан-Уул арван кВт цахилгаан дамжуулах агаарын шугам, Замын-Үүд Авгын гол арван кВт цахилгаан дамжуулах агаарын шугам болон Чойр хэсэг ТП-3 дэд станцын 0.4 кВт-ийн щитний засварын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.
Сайншанд хэсэглэл, Зүүнбаян, 36 дугаар зөрлөг, Агьсүмбэт, Алтганы гол, Айраг, Бор-Өндөр нь өвөлжилтийн бэлэн байдлыг бүрэн хангаж “Онц” үнэлгээ авлаа.
Чулуун завод нь өөрийн өртгийг бууруулж, ашигтай ажиллаж байна
УБТЗ-ын Чулуун завод нь 2025 оны төлөвлөгөөний дагуу Олон-Овоо-Цомог, Цомог-Айраг өртөө хоорондын зам, Багахангай өртөөний гол зам нийт 34.6 км-т шаардлагатай MNS GOST 7392:2021 стандартын шаардлага хангасан 79231 шоо.метр шебень, төмөр замын байгууллагуудад нийт 93246 шоометр шебень үйлдвэрлэн нийлүүлж, замын их засварт нийлүүлжээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замд 12450 шоометр шебень нийлүүлээд байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 103.5 хувиар давуулан 108672 шоо.метр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрийн өртөгийг өмнөх оны мөн үеэс 13-20 хувиар бууруулж, үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлт 63.0 сая төгрөгийн ашигтай ажиллаж байна. “Олон-Овоо-2” ордын ил уурхайн анхны тэсэлгээний ажлыг есөн метр догол мөргөцөгт өрөмдлөгийн ажил гүйцэтгэн өөрсдийн тэсэлгээний багаар гадаргуун “Искра” ашиглан тэсэлгээг чанартай хийх шинэ технологи эзэмшиж нэг удаагийн тэсэлгээгээр 1000 цооногийг тэсэлж тэсэлгээний материалын зардлыг 30-40 хувиар бууруулсан амжилт үзүүлжээ.
“Proxeon Group Industry” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “SHJY-P058” маркийн бутлан ангилах шугамыг өнгөрсөн сарын 16-ны өдрөөс “Олон-Овоо-2” ордод угсралт суурилуулалтын ажлыг хийжээ. Бутлан ангилах шугамын угсралт тохируулгын ажлыг хийж, наймдугаар сарын 07-ны өдрөөс анхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээд байна. Дасан зохицох хөтөлбөрт 16 ажилтныг хамруулснаас 14 шалгалтаа өгч ажилдаа тэнцжээ. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн хүнд машин механизмын оператораар суралцдаг оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, цаашид ажиллах боломжтой оюутныг ажлыг байраар хангажээ. Өнөөдрийн байдлаар тус заводад хүнд даацын машины жолооч тав, хийн дугуйт ачигчийн жолооч, экскаваторчин, өрмийн машинч, өрмийн туслах машинч, диспетчер тоологч тус бүр нэг орон тоо дутуу байгаа аж. Ажлын байрны орчин нөхцөлөөс хамаарч мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлж нийт ажилтныхаа сонсгол бууралтыг шалгах бичлэгт хамруулжээ.
Ил уурхайн ашиглалтын бус доголд эвдрэлд орсон газарт техникийн нөхөн сэргээлтийг га газарт хийж Даланжаргалан суманд хүлээлгэн өгсөн байна. “Олон-Овоо-1”, “Олон-Овоо-2” ордыг холбосон 5.5 км автозамыг засварлах автогрейдер байхгүйн улмаас автомашины дугуй эдэлгээний нормд хүрэхгүй байгаа тул ЗЗМС-ын хуучин автогрейдерийг үндсэн хөрөнгөөр шилжүүлэх авах хүсэлтээ үзлэгийн комиссод тавьж байсан. Цаашид “Олон-Овоо-2” ордод шинээр ашиглалтад орсон бутлах ангилах шугамд бүтээгдэхүүнийг нөөцлөх 100 х100 метр хэмжээтэй бетонон талбай шинээр цутгах аж. Бүтээгдэхүүний цэвэр байдлыг хангах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэглэлийн агуулахыг Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэглэлийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн дагуу” Олон-Овоо-2” ордод талбайд нүүлгэн шинээр барихаар төлөвлөжээ. Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдах автокраныг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр тусгахаар болжээ.
Чойр хэсэглэл, Замын III анги үзлэгт “Сайн” үнэлгээтэй, Цомог, Олон-Овоо, Өлзийт, Шивээговь, Шивээ-Овоо, Лүн, “Оорцог-Энгэр”, Наран-Элгэн, Агуйт, Мааньт, Багахангай, Багануур, Булагтай, Хангай, Чулуут, Цагаанхяр, Хоолт, Хайрхан, Баян, Бумбат, Хонхор, Туул зөрлөг өвлийн бэлтгэл ажлаа сайн биелүүлж, “Онц” үнэлэгдэв.
“Сансар” цэцэрлэг 184 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татав
Чойр хэсэглэлийн “Сансар” цэцэрлэг 18 багш ажилтантай. Тус хамт олон гадны хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Тухайлбал, “Дуут нуур хөгжил” компаниас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч гадна хүүхдийн тоглоомын талбайгаа тохижуулжээ. Орон нутгийн хөгжил сангийн 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гал тогоондоо их засвар хийж, тоног төхөөрөмжөөр хангажээ. Багш нар эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр 200 ам.метр талбайд цемент цутгаж лего дэвсгэр дэвссэн. Ахмад төмөр замчин С.Дэлгэрийн гэр бүлийнхэн 50 сая төгрөгөөр дунд бүлгийн засвар тохижилтыг хийж, цаашид ч туслахаар болсон байна. “DREAM OSIES” байгууллагаас 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Мөн цэцэрлэгийн хашааны орчимд байсан хуучин барилгыг орон нутгийн засаг захиргаанд уламжлан буулгаж эцэг эх асран хамгаалагч нарын автомашиныг цэцэрлэгийг тойруулан нэг чигийн урсгалд оруулах ажлыг хийж, цэцэрлэгийн баруун талд автомашины зогсоолыг шинээр хийжээ.
Урд бүсийн есөн цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч, багш нар туршлага солилцсон байна. “Интеграцид суурилсан багшлахуй, суралцахуй” улсын илтгэлийн уралдаанд хөгжмийн багш Р.Эрдэнэбаяр амжилттай оролцож, Боловсрол судлалын хүрээлэнгээс гаргасан “Эрдэм шинжилгээний үндэсний хура-2025” номонд илтгэл нь хэвлэгджээ.
Цэцэрлэгийн таазнаас дулаанаа алдсанаар өвлийн улиралд 12-15 градустай хүйтэн өвөлжиж хүүхэд олноороо өвдөж, хүүхдийн ирц буурдаг тул тааз хэсгээс дулаалж засварлах болон барилгын их засварт оруулах хүсэлтийг үзлэгийн комисст тавьж байв.
Багануур өртөө 125 үл тохирлыг арилгажээ
Багануур өртөө нь 2025 оны эхний есөн сард хоног тутмын ачилт, буулгалт, сул зогсолтын төлөвлөгөөнд тогтмол хяналт тавьж ажилласнаар төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг 100.0-121.0 хүртэл хувиар биелүүлж ажиллажээ. Эхний есөн сард буулгалт төлөвлөгөөнөөс 106 вагоноор илүү буулгасан. Ашиглалтын зардлыг 33304.0 төгрөгөөр хэмнэж, хөдөлмөрийн бүтээмж 969 хүн/вагоныг 1032 хүн/вагонд хүргэж, 63 хүн/вагоноор өссөн. Өөрийн өртгийг 40660 төгрөгийг 37982 төгрөг болгож 2678 төгрөгөөр хямдруулж ажилласан байна. Нийт ажилчдын дундаж цалин хөлс 2.971.346 төгрөг байсныг 3.189.950 төгрөг болж 218604 төгрөгөөр нэмэгджээ. Үзлэг шалгалтыг долоон удаа хийж, 125 үл тохирлыг илрүүлэн арилгасан байна. Багануур өртөө илүү цагийг 713 цагаар бууруулж ажилласан. Багануур ХК-тай байгуулсан төлөвлөгөө гэрээний дагуу дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг бүрдүүлж ажиллаж байна. Галлагаатай байранд амьдардаг 16 ажилтны нүүрсний үнийн хөнгөлөлтийг олгожээ. Багануур өртөөний вокзалын барилгад галын утаа болон дулаан мэдрэгч төхөөрөмж суурилуулах, комисс ажиллуулах хүсэлтээ илэрхийлж байлаа.
Замын даргын үзлэг урд хэсэглэлд үр дүнтэй болж өндөрлөлөө. Замын удирдлагууд тулгамдаж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг өгч байв. Урд хэсэглэлийн зангилаадын аж ахуйн нэгж, байгууллагууд өвлийн тээвэрт бэлэн байна.
П.Түмэндэмбэрэл
