Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад гурван удаа шинээр Үндсэн хуулиа баталсан түүхтэй.
1980-аад оны сүүлчээс Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал өрнөсөн. Үүнтэй уялдан 1990 онд Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах ажил эхэлсэн байдаг. БНМАУ-ын Бага Хурлаар хэлэлцсэн Үндсэн хуулийн төслийг хүлээн авсан БНМАУ-ын Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан билээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан шинэ Монгол Улсыг зарлан тунхагласан 1992 оны үндсэн хуулийг хэлэлцэн батлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан, Үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцсэн БНМАУ-ын Бага Хурлын гишүүдийг “УБТЗ” ХНН-ийн удирдлага хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн Улсын Бага Хурлын гишүүдэд баяр хүргэж үг хэлэв. Улсын Бага Хурлын гишүүд “УБТЗ” ХНН-ийн удирдлагад хүндэтгэл үзүүлж хүлээн авсанд талархлаа илэрхийллээ.