“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани нь 2008 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан бөгөөд үндэсний төмөр замын сүлжээг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, төмөр замын дэд бүтцийг барих, эзэмших, ашиглах тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий үндэсний компани юм.
Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилсэн Зам тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр хамгийн их эрэлт хэрэгцээтэй, олны сонирхлыг татсан компани бол “Монголын төмөр зам” байлаа. Одоогоор тус компанид 1280 хүн ажиллаж байгаа юм. Жилд 20 сая тонн ачаа тээвэрлэлтийн хүчин чадалтай үндэсний төмөр замын компанид орж ажиллах сонирхолтой олон хүн бүртгүүлжээ.
Одоогийн байдлаар говийн бүсгийн аймгуудаас ажиллах хүчнээ сонгож авч буй нь тус бүс нутгийн ажилгүйдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Говийн бүсийн харьяалалтай 359 ажилтан байгаагаас суурин ажилладаг 88 ажилтанд 42 хувийн нэмэгдэл, 886 ажилтанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг нь харгалзан үзэж, 20 хувийн нэмэгдэл олгожээ. Мөн ажилд орсон нийт хүмүүсийн 15 хувь нь говийн бүсээс удирдах албан тушаалд томилогдсон хүмүүс байгаа аж.
