Хятадын Үндэсний баярын долоо хоногийн амралтын хугацаанд улсын хэмжээнд төмөр замаар 152 сая гаруй зорчигч тээвэрлэсэн байна. Олон үзүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Хятадын Үндэсний төмөр замын группын мэдээлснээр, баярын эхний өдөр буюу 10 дугаар сарын 1-нд 25 сая 204 мянган зорчигч тээвэрлэсэн нь нэг өдрийн зорчигч тээврийн түүхэн дээд үзүүлэлт болсон байна. Долоо хоногийн амралтын зургаан өдөрт өдөр бүр 20 сая гаруй зорчигч зорчжээ. Мөн 10 дугаар сарын 1-нд Гуанжөү өмнөд өртөөгөөр нэг сая 49 мянган зорчигч ирж, буцсан нь Хятадын төмөр замын түүхэнд нэг өдрийн зорчигч урсгал нэг сая давсан анхны өртөө болжээ.
Баярын өдрүүдэд төмөр замын байгууллагууд ачаалал ихтэй үеийн тусгай хуваарийн дагуу ажиллаж, өндөр хурдны болон ердийн галт тэрэгний нөөцийг уялдуулан ашигласан байна. Энэ хугацаанд өдөр бүр 13 мянга орчим зорчигчийн галт тэрэг үйлчилжээ.
Баярын амралтын сүүлийн өдөр Наньчан төмөр замын газар 460 нэмэлт зорчигчийн галт тэрэг ажиллууллаа
Хятадын Төмөр замын Наньчан групп компанийн мэдээлснээр, Үндэсний баярын амралтын сүүлийн өдөр буцах зорчигчдын урсгал оргилдоо хүрлээ. 10-р сарын 7-нд Наньчан төмөр замын газар нийт давхцсан тоогоор 1.79 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй бөгөөд үүнээс Жянши мужид давхцсан тоогоор 948 мянга, Фүжянь мужид давхцсан тоогоор 842 мянган зорчигч тээвэрлэхээр байна.
Зорчигчдын буцах хэрэгцээг хангахын тулд Наньчан төмөр замын газар 460 нэмэлт зорчигчийн галт тэрэг ажиллуулна. Үүнээс Жянши, Фүжянь хоёр мужийн хооронд болон мужуудын гол хотуудын хооронд зорчих богино болон дунд зайн 374 галт тэрэг, мөн тус хоёр мужаас Шанхай, Ханжөү, Гуанжөү, Шэньжэнь зэрэг хот руу зорчих холын зайн 86 галт тэрэг багтжээ.
Зорчигчид Үндэсний баярын амралтын хугацааг бүрэн дүүрэн ашиглах боломжтой болгохын тулд Наньчан төмөр замын газар өнөөдөр Наньчан, Фүжөү, Шямэнь хотоос Шанхай, Гуанжөү зэрэг чиглэлд шөнийн цагаар зорчих 22 өндөр хурдны галт тэрэг нэмэлтээр ажиллуулна.
