Хятадын Зам тээврийн яамны тооцоолсноор, энэ жилийн Үндэсний баярын амралтын хугацаанд Хятад даяар давхацсан тоогоор 2.13 тэрбум хүн зорчсон гэсэн тооцоо гарчээ. Аравдугаар сарын 1-нд зорчигч урсгал оргилдоо хүрч, тухайн өдөр давхацсан тоогоор 340 сая хүн зорчсон нь ердийн өдрийн зорчилтын хэмжээнээс бараг хоёр дахин их байна.
Амралтын өдрүүдийн зорчигч урсгалын оргил үеийг угтан төмөр зам, иргэний агаарын тээвэр болон хилийн боомтууд тээврийн баталгааг эрчимжүүлжээ. Төмөр замын байгууллага намрын дунд сарын баяр болон Үндэсний баярын амралтыг хамарсан 16 хоногийн тээврийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, зорчигч ихтэй чиглэлүүдэд галт тэрэг нэмж явуулжээ. Есдүгээр сарын 30-нд Хятадын төмөр замаар давхацсан тоогоор 19 сая 760 мянган зорчигч тээвэрлэхээр төлөвлөж, 2053 галт тэрэг нэмж явуулжээ.
Агаарын тээврийн зорчигч урсгал одоо ч өндөр хэвээр байна. Бээжингийн олон улсын болон Дашин нисэх онгоцны буудал амралтын хугацаанд давхацсан тоогоор 2.9 сая гаруй зорчигч тээвэрлэсэн аж. Дотоодын аяллын эрэлт ихтэй чиглэлд Шанхай, Гуанжөү, Шэньжэнь, Чэндү, Чүнчин зэрэг хот багтаж байна. Олон улсын нислэгийн тийзний захиалга өнгөрсөн оны мөн үеэс 22.5 хувиар нэмэгдэж, иргэний агаарын тээврээр зорчих зорчигчдын тоо түүхэн ижил үеийн шинэ дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна.
Гадаадад аялах болон төрөл төрөгсдөө эргэх зорчилтын эрэлт мөн мэдэгдэхүйц нэмэгджээ. Үндэсний баярын амралтын хугацаанд Шанхайн боомтуудаар давхацсан тоогоор 868 мянган зорчигч хилээр нэвтэрч, өдөрт дунджаар 124 мянган хүн зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Шанхайн Хүнчяо олон улсын нисэх онгоцны буудал ухаалаг шалган нэвтрүүлэх 24 тусгай гарцыг ашиглалтад оруулсан бөгөөд шаардлага хангасан зорчигч нэг удаагийн шалган нэвтрүүлэх үйл явцыг 10 орчим секундэд дуусгах боломжтой болж, боомтын нэвтрүүлэх үр ашгийг улам дээшлүүлжээ.
Аравдугаар сарын 1-нд Хятад даяар төмөр замаар давхацсан тоогоор 25 сая 204 мянган зорчигч зорчиж, нэг өдрийн зорчигч тээврийн хэмжээгээр түүхэн дээд амжилт тогтоолоо. Төмөр замын тээвэр аюулгүй, тогтвортой, эмх цэгцтэй үргэлжилжээ.
Аравдугаар сарын 2-нд Хятад даяар төмөр замаар давхацсан тоогоор 20 сая 390 мянган зорчигч зорчиж, нэмэлтээр 1462 галт тэрэг аялуулсан байна.
