“Боловсрол шинэчлэл-2023” мэргэжил сурталчлах үзэсгэлэн энэ сарын 21-24-ний өдрүүдэд “Мишээл экспо”-д зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд ТЗДС-ийн хамт олон оролцсон тухай тус сургуулийн захирал, доктор У.Мягмарсүрэнгээс тодрууллаа.
-Их, дээд сургуулиудын мэргэжил сурталчилах өдөрлөгт танай сургууль оролцлоо. Энэ үеэр төмөр замын сургуулийг эцэг эхчүүд, хүүхэд залуучууд хэр сонирхож байна вэ?
-Манай сургуулийг эцэг, эхчүүд, сурагчид маш их сонирхож байна. Тэр тусмаа IX анги төгсөөд МСҮТ-д суралцах хүсэлтэй, боломжтой эсэх талаар илүү сонирхож байна.
-Өмнөх жилүүдийн ийм төрлийн өдөрлөгүүдтэй харьцуулбал?
-ТЗДС нь анх удаа энэ үзэсгэлэнд оролцож хөтөлбөр, мэргэжлээ сурталчиллаа. “Мишээл Экспо” ХХК-иас автобус гаргаж, чиглэл бүрд үнэгүй автобусаар сургуулиас нь сурагчдыг авч ирж үйлчилсэн. Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга, ахлах, их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээлэл, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ гээд нэг дороос бүх мэдээллийг авснаараа онцлог болсон.
-Ирэх хичээлийн жилд танайх хэчнээн оюутан элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд төмөр замын салбарт хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ ихсэж мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна. Өнөө жилийн хувьд есөн хөтөлбөрөөр 270-аас дээш оюутан элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа.