Нүүр Эрүүл мэнд Улхын-Овоогийн адтай бүсгүйчүүд
Эрүүл мэнд

Улхын-Овоогийн адтай бүсгүйчүүд

G.Press 6 сарын өмнө 124 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Улхын-Овоо гэх буйдхан зөрлөг явуулын хүмүүсийн нүдэнд бусдаасаа ялгарах онц зүйлгүй санагдаж мэднэ. Гэхдээ энэ жижигхэн зөрлөгийн нэрийг өндөрт өргөж явдаг цомхон хамт олон бий. Түүн дотроос ажилсаг шаавай бүсгүйчүүд нь амжилт ололтоороо гялалзаж явна.

Өнгөрсөн хавар “Анухай фитнес” шоуны гурав дахь улирлын ялагчаар замчин А.Хонгорзул тодорч, УБТЗ-ын Улхын-Овоо зөрлөгийн нэрийг улс орон даяар гаргаад авсан. Саяхан Замын даргын намрын үзлэгээр төмөр замд ердөө гурав дахь жилдээ ажиллаж буй тус зөрлөгийн жижүүр М.Оюунзул “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр энгэрээ мялаасан. Учир нь тэрбээр, сонор сэрэмжтэй ажиллаж хоёр ч удаа ноцтой осол сүйрлээс сэргийлсэн тул ийнхүү энгэрээ мялаасан билээ.

Тэгвэл энэ намар тус зөрлөгийн бас нэгэн бүсгүй Олс таталтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, Замын IV ангийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид улсын аваргын тэмцээнд оролцож, эмэгтэйчүүд нь мөнгөн медаль хүртсэн байна. Энэ багийн нэг гишүүн нь 15 дугаар хэсгийн замчин М.Энхцэцэг байжээ.

А.Хонгорзулаар дамжуулан замчин М.Энхцэцэгтэй холбоо барихаар утас цохилоо.  Энэ ташрамд, А.Хонгорзулаас телевизийн шоунаас хойш ажил амьдралд нь гарсан өөрчлөлтийн талаар сонирхлоо. А.Хонгорзул шоуны дараа эрүүл зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгосон гэнэ. Ингэхдээ Замын хэсгийнхээ 28-52 насны долоон бүсгүйд үлгэрлэн наадам хүртэл жингээ хасах аян өрнүүлжээ. Уг аянаар тус хэсгийн бүсгүйчүүд бүгд л тодорхой үр дүнд хүрч 2-3 кг жинг хаяж, амьдралын дадал хэвшилдээ тодорхой өөрчлөлтүүдийг гаргаж, эрүүл мэнддээ анхаардаг болсон гэнэ. Бүсгүйчүүд л болсон хойно, шинэ жил болтол жингээ хасаж, гоёлын даашинзандаа багтах зорилго тавиад байгаа гэлээ. Тэр дотроос олс таталтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн замчин М.Энхцэцэг хамгийн тууштай дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьж, эрүүл мэнддээ анхаардаг бүсгүй гэв.

Ингээд М.Энхцэцэгтэй холбогдоход;

-Би Улхын-Овоо зөрлөгт 12 дахь жилдээ ажиллаж, амьдарч байна. А.Хонгорзулыгаа “Анухай фитнес шоу”-нд оролцоод ирснээс хойш дасгал хөдөлгөөн хийж, зөв зохистой хооллож, жингээ хасаж эхэлсэн. Сар гаруйн хугацаанд биеийн жингээсээ долоон кг-ийг хассан. Одоо миний жин 60 кг байгаа. Өглөө бүр 06.30 цагаас Хонгороо бид хоёр хамт гүйдэг. Орой бүр нэг цаг кардио дасгал хийдэг.

 

-Амьдралын дадал хэвшилээ өөрчилж, жингээ хассанаас өөр ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

 

-Гар хөл, нуруу өвддөг байсан бол одоо өвдөх зүйлгүй болсон. Маш эрч хүчтэй болсон. Биеийн галбир засагдаад, хэвлийн таргалалтгүй болоод ирэхээр өөрийгөө толинд харахад ч урамтай сэтгэл санаа их өөдрөг явдаг болсон. Гэр бүлийнхэн маань маш их дэмждэг. Би нөхөр, гурван хүүхэд, өвөөгийнхөө хамт амьдардаг.

 

-Улсын аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн гэж дуулсан?

 

-Тиймээ, манай ангийн эрэгтэй, эмэгтэй баг Олс таталтын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Эмэгтэй баг тамирчид маань мөнгөн медаль хүртсэн. Байгууллагынхаа нэрийг гаргаад замчин бүсгүйчүүд минь мөнгөн медальтай ирсэндээ баяртай байгаа гэв.

Төмөр замын алс буйдхан зөрлөгт ийм л халуун дулаан сэтгэлтэй, амьдралд хайртай хүмүүс аж төрдөг дөө.

 

 

 Б.Лхам

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.