Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2022 онд 60.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11.5 (23.4 хувь) сая тонноор нэмэгджээ.
Энэ өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 84.1 хувиар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 146.4 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 39.2 (36.6 хувь) сая хүнээр нэмэгдсэн байна. Зорчигчдын тоо өсөхөд авто тээврээр зорчигч 36.4 (34.2 хувь) сая хүнээр нэмэгдсэн нь гол лон нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 2.6 (14.6 хувь) сая тонноор нэмэгдсэн бол зорчигчид 17.7 (37.2 хувь) сая хүнээр багассан байна.
Бүх төрлийн тээврийн орлого 2022 онд 2 037.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 656.8 (47.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд авто замын тээврийн орлого 370.6 (89.6 хувь) тэрбум, агаарын тээврийн орлого 305.1 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Бүх төрлийн тээврийн орлого 2022 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 42.4 (6.9%) тэрбум төгрөгөөр өссөн аж.