Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг  УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Ирээдүй”, “Солонго”, “Дэгдээхэй”, “Найрамдал”, “Ган зам” цэцэрлэгт багшийн хөгжлийг дэмжих зорилгоор улсын төсвөөс анх удаа нийт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа дээрх цэцэрлэгүүдэд нийт 2500 орчим хүүхэд сурч хүмүүждэг. Энд төмөр замчдын хүүхдүүдээс гадна харьяа дүүргийн хүүхдүүдийг олноор хамруулж, СӨБ олгож буй юм. Ялангуяа, эдгээр цэцэрлэгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ялгаатай хэрэгцээт болон өрхийн амьжиргааны түвшинд доогуур хүүхдүүдийг хүлээн авдаг тул улсын төсвөөс хөрөнгө оруулалт авах хүсэлтийг тавьсан байна. Уг хүсэлтийг цааш уламжил, хөрөнгө оруулалтыг авахад Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дэмжлэг үзүүлсэн байна. Ийнхүү өнгөрсөн Баасан гарагт Хүүхдийн секторын хамт олонд 65 инчийн 39 ширхэг ухаалаг самбар, зөөврийн компьютер i7 үзүүлэлттэй 38, i5 үзүүлэлттэй 100 ширхэг, багшийн хэрэгцээнд зориулсан таблет 15 ширхэгийг хүлээлгэн өгсөн байна.