Нэгдсэн төсвийн 2024 оны эхний таван сарын гүйцэтгэлийн хураангуй мэдээллээс хүргэж байна.

 

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: 2.028.0 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. 2024 оны эхний таван сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 632.7 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн дүнгээс 3.262.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

 

Төсвийн орлогын хувьд: 2024 оны эхний таван сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 12.072.0 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 82.5 сая төгрөг буюу 0.7 хувиар дутуу биелсэн бол өмнөх оны мөн үеэс 3.568.2 тэрбум төгрөг буюу 42.0 хувиар нэмэгдсэн байна.

Төлөвлөгөөтэй харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө тайлант хугацаанд 99.2 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 92.5 сая төгрөгөөр дутуу биелсэн. Үүнд: Татварын орлого 1.3 хувь буюу 145.5 сая төгрөгөөр төлөвлөснөөс дутуу биелсэн бол татварын бус орлого 7.6 хувь буюу 53.0 сая төгрөгөөр давж биелсэн байна.

Тайлант хугацаанд нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртгийн албан татвар, тусгай зориулалтын орлого, гадаад үйл ажиллагааны орлого 3.4-12.2 хувиар төлөвлөснөөс давж биелсэн бол бусад төрлийн татварын орлого /орлогын албан татвар, хөрөнгийн албан татвар, онцгой албан татвар, бусад татвар, төлбөр, хураамж/ 0.5-7.1 хувиар төлөвлөснөөс дутуу биелсэн гүйцэтгэлтэй байна.

Татварын бус орлогын төлөвлөгөө тайлант хугацааны гүйцэтгэлээр 53.0 сая төгрөг буюу 7.6 хувиар давж биелсэн нь хүү, торгуулийн орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого, түрээсийн орлого, газрын тосны орлого, бусад орлого 1.4-200 хувь давж биелснээс шалтгаалжээ.

 

Төсвийн нийт зарлагын хувьд: Нэгдсэн төсвийн нийт зарлага 2024 оны эхний таван сарын гүйцэтгэлээр 10.043.9 тэрбум төгрөг болж, 3.344.9 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 75.0 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 25.0 хувиар дутуу зарцуулагдаж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41.3 хувиар буюу 2.935.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 29.1 тэрбум төгрөгөөр өссөн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 148.5 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй гарсан байна.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалт: Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 2024 онд нийт 3.359.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. 2024 оны эхний таван сарын гүйцэтгэлээр 308.4 тэрбум төгрөгийг зарцуулж 99.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

 

Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 93.8 хувийг татварын орлого, 6.2 хувийг татварын бус орлого эзэлж байна

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татварын орлого 40.1 хувь буюу 3.241.1 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 76.6 хувь буюу 327.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Татварын орлого 11.318.1 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 1.2 хувь буюу 135.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Татварын орлогын 33.7 хувийг орлогын албан татвар, 15.3 хувийг нийгмийн даатгалын орлого, 1.5 хувийг хөрөнгийн албан татвар, 19.9 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 3.9 хувийг онцгой албан татвар, 0.1 хувийг тусгай зориулалтын орлого, 5.8 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 19.9 хувийг бусад татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна.

 

Эх сурвалж: УИХ