Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн урьдчилсан судалгааны төслийн тайлангийн хурал өнгөрөгч Мягмар гарагт ЗТЯ-нд боллоо. Хуралд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон БНСУ-ын Үндэсний төмөр замын байгууллагын Ерөнхий менежер Ким Сон Жүн тэргүүтэй хоёр талын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.
Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын урьдчилсан судалгааны ажлыг “Сүсонг инженеринг” ХХК 2025 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн арван сарын хугацаанд гүйцэтгэсэн байна. Эцсийн урьдчилсан тайланг Солонгосын үндэсний төмөр замын Дэд ерөнхийлөгч Ян Ён Жон танилцууллаа. Уг тайланд төслийн зураг төсөл, трассын хувилбар, судалгаа тооцоолол, замын дээд бүтэц, далангийн байгууламж, цахилгаан болон дизель хөдөлгүүрийн судалгаа, зорчигч болон ачаа тээврийн галт тэрэгний хурд, эргэлтийн тооцоолол зэрэг олон талт мэдээлэл багтжээ. Хархорин чиглэлийн төмөр замын урьдчилсан судалгаанд маршрутыг үндсэн хувилбартайгаар тусгаж, хамгийн богино маршрут, тойрог замын маршрутын хувилбаруудыг багтаажээ.
Уг төмөр замаар дизель болон цахилгаан галт тэрэг явахаар тооцоолжээ. Төслийн танилцуулгад дурдсанаар, зорчигч тээврийн галт тэрэгний хурдыг 160км/цаг, ачаа тээврийн галт тэрэгний хурдыг 120 км/цаг байхаар тусгажээ.
Мөн төслийн хүрээнд төв вокзалыг байгуулахдаа орон нутгийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн төгсгөл цэгийг Хархорум хотод ойр байршилд буюу шинэ хотын төвөөс найман км зайд, хотын захаас 2.1 км-ийн зайд галт тэрэгний зогсоолыг байгуулахаар төлөвлөсөн байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, уг төслийг шинээр байгуулагдах нэг хотын төлөвлөгөөнд бус, бүс нутгийн хөгжлийг дэмжих, Хархорин хотыг тойрсон аймаг, орон нутгийн хүн амд зориулсан дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлэх хэрэгтэй хэмээгээд, өргөн хүрээтэй, уялдаа холбоотой төлөвлөж ажиллахыг зөвлөлөө.
Мөн төслийн төсвийг танах, тунелийн замаас татгалзах, хэрэгжих хугацааг богиносгох, ЗТЯ болон төмөр замын газрын удирдлагуудтай зөвшилцөж нэмэлт санал зөвлөмжийг авахыг санал болголоо. Мөн төслийн эхлэх цэгийн талаар дахин зөвлөлдөж, хэрэгцээт мэдээллүүдээ яаралтай солилцож, цагаа хэмнэх, урьдчилсан судалгаанд тусгасан санал зөвлөмж, эдийн засгийн тооцоо судалгааг илүү бодитоор тооцоолж хамтран ажиллахыг хүсэв.

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.