Улаанбаатар татах хэсгийн ахмадын хороонд 570-аад ахмад харьяалагддаг бөгөөд дарга, орлогч дарга, зургаан тэргүүлэгч, кассын нярав гэсэн есөн хүн хорооны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Манай хороо нь УБТЗ-ын Ахмадын холбооны календарьчилсан төлөвлөгөө болон Татах хэсгийнхээ захиргаатай зөвшилцөн баталсан төлөвлөгөөг үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний зэрэгцээ мөн тэргүүлэгч нар, ахмадуудаас гаргасан саналуудыг хүлээн авч, төлөвлөгөөт бус ажлуудыг зохион байгуулж байна. Улаанбаатар Татах хэсгийн захиргаа, ҮЭ-ийн хороо, Залуучуудын салбар зөвлөлөөс Ахмадын хороогоо дэмжин хамтран ажилладгийн үр дүнд тодорхой ажлууд тогтмолжиж, үр дүнгээ өгч байна. Тухайлбал:
-
Тус байгууллагыг олон жил чадварлаг удирдсан Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Гэсэржав агсны дурсамж уулзалтыг гурван жил дараалан зохион байгуулахдаа жил бүр шинэлэг өвөрмөц байдлаар хийхийг зорьж ирлээ. Тухайлбал, энэ жил депогийн залуусын дунд “АХА” тэмцээн, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна.
-
Гурван үеийн уулзалтыг цех тасаг, хэлтэс, нэгжүүд, ажил мэргэжил, албан тушаалын хэмжээнд зохион байгуулж, энэ нь ахмад бүр оролцох боломжийг нээж байгаагаараа талархал хүлээсэн арга хэмжээний нэг болсонд хорооны хамт олон сэтгэл өндөр байдаг билээ.
-
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын мэргэжил нэгт Зүтгүүрийн ашиглалтын ахмадын байгууллагатай холбоо тогтоон олон жил ажиллаж байгаа. 2024 онд хоёр улсын “Зүтгүүрчин ахмадуудын спортын нөхөрсөг уулзалт”-ыг Улаанбаатар татах хэсэгт зохион байгуулж, софт волейбол, мини волейбол, дартс зэрэг спортын төрлөөр өрсөлдөв. Мөн тэдний урилгаар айлчилж, Байгаль далай, Улаан-Үд хотын явган аяллын зам, Буддын дацангийн гороо замаар явган аяллын багийнхан аялсан билээ.
-
Жил бүрийн цагаан сараар байгууллагын ажилтнуудаас 2-3 хүнийг шалгаруулж, “Улаанбаатар татах хэсгийн Ахмадын хороо”-ны нэрэмжит шагналыг цом мөнгөн шагнал дагалдуулан шагнадаг боллоо.
-
Байгууллагын зүгээс сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг Л.Дашзэвэгийн нэрэмжит байгууллагын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, хөл бөмбөгийн спортын мастер Ж.Батмөнх агсны нэрэмжит хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиодог бөгөөд хамгийн залуу оролцогчдод “Ахмадын хорооны нэрэмжит” цом, медаль гардуулдаг билээ.
-
Тэргүүлэгч А.Баярсайхан, ахмад У.Энхбат нарын санаачлагаар Дартсын ахмадын аварга шалгаруулах тэмцээнийг тус хорооны нэрэмжит болгон зохион байгуулж эхлэв. Мөн 100 буудалт даамын тэмцээнийг ахмад С.Батболдын санаачлагаар мөн тус хорооны нэрэмжит болгож хийхээр бэлтгэж байна.
-
Ахмадуудын үйл ажиллагааны дараа зургуудыг цуглуулан слайд болон альбом хийдэг болсноор өдгөө 20 гаруй альбомтой болжээ.
-
“Зүтгүүрчид” мэргэжлийн сонинд “Манай ахмадууд” булан тогтмол гарч хорооны үйл ажиллагааг сурталчилахын зэрэгцээ амжилт бүтээлтэй ажиллаж байсан ахмадуудын хөрөг нийтлэлийг гаргаж, залуу хойч үеийнхэнд танилцуулах ажлыг хийж байна.
Ирэх 2026 онд тохиох төрөлх байгууллагынхаа 70 жилийн ойг тохиолдуулан манай хороо тодорхой ажлуудыг хийхээр одооноос төлөвлөж, энэхүү ажилд олон ахмадыг татан оролцуулахыг зорьж байна.
Улаанбаатар Зүтгүүрийн депогийн Ахмадын хорооны дарга Ц. Гантөмөр
