Намрын дунд сарын хуучдаар Улаанбаатар Татах хэсгийг зорьж 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар танилцлаа. Цаг агаар тогтуун, нарлаг сайхан өдрүүд үргэлжилж байна. Нарны замын засвар шинэчлэлийн ажил үргэлжилж, зам хучилт хийгдэж байлаа. Өөдлөх айл үүднээсээ гэж  Улаанбаатар татах хэсэг рүү орсон замыг шинэчлэн хучсан нь нүдэнд тусна.  Улаанбаатар Татах хэсгийн хаалгаар ороход цэвэр цэмцгэр орчин угтана. Депогийн том зааланд хоёр гурван зүтгүүрт засвар хийж байгаа харагдана. Хажуугаар нь том шүүр барьсан залуус заал талбайгаа цэвэрлэх аж. Толигор шалан дээгүүр нь тоостой гуталтай алхахаас ч эмээрмээр дэндүү гялгар харагдана.

 Депогийн том заалаар дамжин цаад тал руу орж хоёр давхарын шатаар өгсөж ерөнхий инженерийн өрөөнд оров. Хэрэг зоригоо эрж, яриа хөөрөөгөө өрнүүллээ. Улаанбаатар татах хэсгийн ерөнхий инженер Г.Аюурбуниа найрсагаар хүлээн авч, татах хэсгийнхээ өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.  Замын даргын 2024 оны долдугаар сарын 4-ний өдрийн “Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай”  А/602 тоот тушаалыг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар татах хэсэг нийтдээ 40 ажил хийхээр төлөвлөгөө гарган ажиллажээ.

Одоогоор 38  ажлыг бүрэн хийж, төлөвлөгөөний биелэлт  95 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар тэр хэллээ. Үлдэж байгаа  хоёр ажлын гүйцэтгэл 30-50 хувийн явцтай байгаа юм байна.   Үлдсэн ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа ажээ.

Юуны өмнө Замын даргын ажлын төлөвлөгөөнд орсон УБ депогийн КНС-ийн шүүлтүүр шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхийн тулд сульфоуголь, төмөр тор гэх мэт материалын худалдан авалт хийж, ажлыг 100 хувь гүйцэтгээд байгаа гэнэ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний хамгийн том, чухал ажил нь зүтгүүрийн паркыг 2024-2025 оны өвлийн тээвэрт бэлтгэх, комиссын үзлэгт шаардагдах сэлбэг материалын захиалга хийж,  нөөц бүрдүүлэх, зүтгүүрүүдийг засварлах ажил байдаг.

Үүнд шаардлагатай 140 нэр төрлийн материал сэлбэгийг  Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба болон Зүтгүүрийн аж ахуйтай хамтарч худалдан авах хуваарь гаргаж, 167.0 сая төгрөгөөр захиалж бэлэн болгожээ. Засвар үйлчилгээнд 56 илчит тэрэг орохоос 15 илчит тэргийг үйлчилгээнд оруулж бэлэн болгосон. Одоо 18 илчит тэрэг үйлчилгээнд орж байна. Төлөвлөгөөний биелэлт хуваарийн дагуу 27-32 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэнэ.

Илчит тэрэгний зэхэлтийн элс бэлтгэл хангахын тулд Замын даргын 2024 оны наймдугаар сарын15-ны өдрийн №А/670 тушаал гарсан. Энэ тушаалын дагуу есдүгээр сарын 2-ноос аравдугаар сарын 3-ны дотор  Зүтгүүрийн аж ахуйн хэмжээнд 66 вагон буюу 4460 тонн зэхэлтийн элс бэлтгэх ёстой.

Улаанбаатар татах хэсгийн хувьд Зүүнбаянгаас 2600 тонн буюу 40 вагон зэхэлтийн элс татан авч бэлтгэх ёстой. Одоогоор 24 вагон буюу 1440 тонн элс татан аваад байна.Үлдсэн элс татах ажлыг аравдугаар сарын 10-ны дотор бүрэн татаж авахаар ажиллаж байна.

Салбар нэгжийн автомашин, хүнд машин механизм, тоног төхөөрөмжинд хэрэглэх автобензин, дизелийн түлш болон шатах тослох материал худалдан авахын тулд “Шунхлай петролиум” ХХК болон НИК ХХК-тай гэрээ байгуулан төвийн болон хойд хэсэглэлийн салбар нэгжүүдэд хуваарийн дагуу түлш, шатахууныг нийлүүлж байна.

Дулааны найдвартай ажиллагааг хангахын тулд ялтсан бойлерыг задаргаа хийж, цэвэрлэсэн. Мөн систем цэвэрлэх төхөөрөмж ажиллуулснаар насосны хүчин чадлыг 80 хувьд хүргэснээр эрчим хүчний хэрэглээг 60 хувиар бууруулах нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэснээр 50 Гц эрчим хүч хэрэглэж байсан бол 30 Гц болж буурсан байна. Үүнд сургалт, ЦТП цех, музейн барилгын халаалтын системд хуваарилах узель шинээр хийсэн нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

Нийт ажилчдын өвлийн хувцас, хамгаалах хэрэгслийг бэлтгэж, тараах ажлыг аравдугаар сарын 1-ний өдөр хийж дууссан байх ёстой. Өөрийн оёдлын цехээр төлөвлөсөн 317 хувцсыг оёж бэлэн болгосон. Одоо Худалдан авах ажиллагаа,борлуулалтын албанаас гутал татаж авах ажил хүлээгдэж байгаа.

Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  ирэх онд барих Цахилгаан машины цехийн барилгын зураг төсөв хийх ажил үндсэндээ дуусаж, тендер шалгаруулалт хийгдэн, “Мотор блок” ХХК шалгараад байна. Одоо гэрээ байгуулах бэлтгэл хийгдэж байгаа юм байна. Цахилгаан машины цех баригдсанаар ОХУ, БНХАУ-д засварлуулдаг илчит тэрэгний шугаман эд анги, агрегатуудыг өөрийн депод засварлах боломж бүрдэх гэнэ.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар БНХАУ, ОХУ, Гетженероус ХХК-д  ЭД-118, ЭД-133 маркийн 92 татах цахилгаан хөдөлгүүр, ЭД-118, ЭД-133 маркийн 34 татах цахилгаан хөдөлгүүр, 2ТЭ116УМ  илчит тэрэгний 24  ширхэг хос дугуй, ГП-300 ерөнхий генератор нэг ширхэг, 5ПСГМ туслах генератор дөрөв, ВС-650У2 дөрвөн ширхэг тус тус засварлуулж хүлээн авч ашиглаж байна. 

 Улаанбаатар татах хэсгийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ. Ингэснээр ачаа тээврийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, төр засгаас өгч байгаа үүрэг даалгаврыг бүрэн биелүүлэх боломж бүрдэж байна.

Амжилт бүтээл арвин байгаа Улаанбаатар Татах хэсгийн үйл ажиллагаатай танилцаад буцахад Нарны замын асфальт хучилтын ажил бараг 500 метрээр урагшилсан байлаа.

Билэг дэмбэрэлтэй автозамын ажил төмөр замчдын хичээл зүтгэлийг урамшуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

 

Г.Энхбаатар