Нүүр УБТЗ ХНН Улаанбаатар татах хэсэг 70 жилийнхээ ойг тэмдэглэлээ
УБТЗ ХНН

Улаанбаатар татах хэсэг 70 жилийнхээ ойг тэмдэглэлээ

G.Press 12 цагийн өмнө 22 үзэлт 0 сэтгэгдэл

Өнөө жил УБТЗ-ын олон байгууллага, салбар нэгжийн тэгш ой тохиож буй билээ. Тэдний нэг нь Улаанбаатар татах хэсэг бөгөөд 70 жилийн ойгоо энэ сарын 25-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярт Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга М.Цогт, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр тэргүүтэй удирдлага, алба, салбар нэгжийн дарга нар, тус байгууллагаас төрсөн Хөдөлмөрийин баатар, гавьяат тээвэрчдийн төлөөлөл оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Улаанбаатар татах хэсгийн дарга Э.Батдэлгэр “Үе үеийн зүтгүүрчид, инженер техникийн ажилтнууд, засварчид болон нийт хамт олондоо байгууллагын 70 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн өнгөрсөн 70 жилийн турш мэдлэг чадвар, хичээл зүтгэл, багийн ажиллагаагаараа зүтгүүрийн паркийн найдвартай ажиллагаа, засварын чанар, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, Монгол Улсын төмөр замын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Энэ бол ахмадуудын хөдөлмөр, өнөөгийн ажилчдын хариуцлага, залуусын шинэ санаачилга, эв нэгдлийн үр дүн юм. Цаашид бид засвар үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулж, тоног төхөөрөмжөө шинэчлэн, ажлын бүтээмжээ нэмэгдүүлж, хамтын хүчээр шинэ амжилтуудыг бүтээн, Улаанбаатар татах хэсгийн алдар нэрийг өндөрт өргөх болно. Та бүхэнд эрүүл энх, ажлын өндөр амжилт, гэр бүлд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Алтан гадас одонгоор гурав, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр ажилтныг тус тус шагналаа. Мөн Зам, тээврийн сайдын тушаалаар “Хүндэт төмөр замчин” тэмдгээр машинч Б.Мөнхбаатар тэргүүтэй 15 хүн шагнуулсныг гардууллаа. Түүнчлэн, Замын даргын тушаалаар “Төмөр замчны алдар” тэмдгээр машинч Ж.Батсайхан нарын зургаа, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр 10, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр 11 төмөр замчин шагнуулсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.