УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн Тээшийн нэг цэгийн үйлчилгээний талаар үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсохыг зорилоо.
Энэ сарын 7-ны Баасан гарагийн өглөө 09.00 цаг гэхэд хэдийнэ үйлчлүүлэгчид ачаа тээшээ жинлүүлж, төлбөр тооцоо хийж эхэлжээ. Гэхдээ тээшийнхэн оргил ачааллын үе нь хараахан эхлээгүй байна гэцгээв.
-Төмөр замын тээшээр байнга үйлчлүүлдэг үү? Үнэ тариф, үйлчилгээний орчны талаар сэтгэгдлээ хуваалцна уу?
Үйлчлүүлэгч н.Баасандорж:
-УБТЗ-ын ачаа тээшээр анх удаа үйлчлүүлж байна. Би өмнө нь ихэвчлэн хот хооронд явдаг хувийн таксинд ачаа тавьж явуулдаг байсан. Төмөр замын тээш хамаагүй хямд санагдлаа. Сайншанд руу явдаг Alphard-д энэ хоёр ачааг өгсөн бол тус бүрд нь 50 мянга буюу нийт 100 мянган төгрөг төлөх байлаа. Энэ удаад надаас худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч маань төмөр замаар ачаагаа хүлээж авъя гэсэн учраас төмөр замын тээшээр анх удаа үйлчлүүлэхээр ирлээ. Миний ачаа хоёр баглаа ачаа нийт 101 кг болж, 36 мянган төгрөг төллөө. Үнэхээр маш хямд тусаж байна. Тохитой сайхан орчинд үйлчилдэг юм байна.
-Та өмнө нь УБТЗ-д ачаа тээшийн үйлчилгээг мэддэггүй байсан юмуу?
-Мэддэг байсан ч авто тээврээр л явуулаад сурчихсан байсан юм. Сэтгэгдэл маш өндөр байна. Ачаа тээшийн хамт олонд баярлалаа, ажлын амжилт хүсье. Дахин үйлчлүүлнэ ээ.
Үйлчлүүлэгч Ч. Анхбаяр:
-Би Эрдэнэт рүү 11 кг ачааг 6820 төгрөгөөр ачууллаа. Үнэ нь маш боломжийн санагдлаа. Хэрэв би энэ ачааг автобусанд өгсөн бол 15000, суудлын тэрэгт тавьсан бол 20000 төгрөг төлөх байлаа. Төмөр замын ачаа тээш маш хямд бас найдвартай гэж бодож байна.
Үйлчлүүлэгч н.Гантулга:
-Би “Энто” компанийн борлуулагч. Би долоон жил УБТЗ-ын ачаа тээшээр үйлчлүүлж байна. Манай компани төмөр замын тээшээр өдөр ачаа илгээдэг. Эм тариа, эмнэлгийн хэрэгсэл ачуулдаг учраас хамгийн гол нь найдвартай унаанд тавьж явуулахыг чухалчилдаг. Дээрээс нь үнэ нь хямд, үлчилгээ нь найдвартай, шуурхай. Энэ удаа Дархан руу хоёр байгууллагын захиалгат барааг ачуулж байна. Өглөө бүр ирж ачаа өгдөг болохоор сайн мэднэ. Өмнөх жилүүдэд өвлийн хүйтэнд ачаагаа өгөхөд даардаг байсан.. Одоо их сайхан тохитой дулаан орчинд үйлчлүүлдэг болсон шүү.
Монфа трейдинг хүргэлтийн жолооч:
-Би 27 баглаа боодолтой, нийт 313 кг ачаанд 120 мянган төгрөг төллөө. Долоо хоногт 1-2 удаа бол тогтмол үйлчлүүлдэг. УБТЗ-ын ачаа тээш их амар байдаг. Үйлчлүүлээд дассан байна гэв.
Тасалбар тээшийн орлогын нярав Ө.Оюунчимэг:
-Өдрийн ачаалал хэр байдаг вэ?
-Өдөрт дунджаар 16 тонн ачааг хүлээн авч, явуулдаг. Өчигдрийн байдлаар, 276 хүнд үйлчилж, 846 байр ачааг хүлээн авсан.
-Ажлын нөхцөл ямар байна вэ?
-Өмнөхөөсөө хамаагүй сайхан тохь тухтайорчинд ажилладаг болсон. Өмнө нь цахилгаан халаагуур ашигладаг байлаа. Өглөө ажил эхлэхэд лентэн принтер маань хүйтэнд царцаад хэвлэхгүй гацах зэрэг хүндрэл гардаг байлаа. Одоо сайхан дулаан тохитой ажлын байранд ажиллахад сайхан байна. Бидний компьютер, принтерийг ч шинэчилж өгсөн. Үйлчлүүлэгчдээс байнга талархлын үг сонсож, их урамтай ажилладаг болсон.
Тасалбарын тээшийн орлогын нярав П.Номин-Эрдэнэ:
-Манайх дулаан болон хөргүүртэй тээшийн вагоноор үйлчилдэг учраас хөлдөөж болохгүй эм тариа, мөн хүнсний бүтээгдэхүүнийг манай дулаан тээшинд өгдөг байнгын үйлчлүүлэгч нар олон байдаг. Зуны улиралд хөргүүртэй тээш их гардаг. Дулаан тээш өдөр бүр явахгүй ч хуваарийн дагуу явдаг. Өдөр бүр шинээрээ хэрэглэгчид хүрэх шаардлагатай хоол хүнс, эм тариа, бялуу гээд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд бидний байнгын үйлчлүүлэгчид. Манайхыг баталгаатай найдвартай үйлчилгээ хэмээн сонгож байгаад баярлаж, сайхан үйлчлэхийг зорьдог. Нэг цэгийн үйлчилгээ гэдэг утгаараа бид ачаа бараагаа ч хүлээн авч, галт тэрэгний тасалбараа ч бичдэг. Зорчигч нар тээшээ өгөхдөө, зорчих тасалбараа нэг дор бичүүлээд гардаг болсон. Мөн эндээс тасалбараа киоск машинаас авах боломжтой. Нэг цэгийн үйлчилгээ иргэдэд их таалагдаж байгаа.
Тээшийн цехийн эрхлэгч Б.Ганзориг:
Манайх орон нутаг болон олон улсад ачааг илгээх болон хүлээж авах үйлчилгээг үзүүлдэг. 2024 онд нийт 606605 байр ачаа хүлээн авч, явуулсан. Нийт 3.2 тэрбум гаруй төгрөгийн орлого олсон.
Сүүлийн хоёр жилд тариф хоёр удаа нэмэгдсэнтэй холбогдуулан бид үйлчилгээгээ сайжруулах үүднээс манай байгууллага маш их бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Түүний нэг нь “Тээшийн нэг цэгийн үйлчилгээ”. Энэ үйлчилгээний байрыг засаж тохижуулах ажлыг манай цехийн ажилтнууд өөрсдөө хийсэн. БЗАҮ-ний ангиар зөвхөн дулааныг нь татуулсан. Өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан.
-Тээшээр үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл хэр өндөр байна вэ?
-Үйлчилгээний нөхцөл сайжирснаар хүн хоорондын харилцаа хандлага хүртэл эрс өөрчлөгддөг юм байна. Манай ажилтнууд баярласан талархсан сэтгэгдэл л их сонсдог болсон гэж ярьж байна. Өмнө нь, хүйтэнд бухимдсан үйлчлүүлэгч ачаа бараагаа буруу хэлж бөглүүлэх, ачаа бараа андуурагдах үл ойлголцол мэр сэр гардаг байсан. Одоо манай нэг цэгээр үйлчлүүлсэн хүн бүрийн сэтгэл ханамж маш өндөр байгаа. Бидэнд ч урам өгч баярласан сэтгэлээ илэрхийлж байна.
Биднийг Тээшийн цехээс буцах үед Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэгний зорчигчид таарсан юм. Тэдний сэтгэгдлийг мөн сонслоо.
-Нэг кг тээш ямар үнэтэй байна вэ?
-Км-ээсээ шалтгаална. Улаанбаатараас нэг ширхэг таван кг ачаа Замын -Үүд хүртэл хүргэхэд 4440 төгрөг болж байна. 10 кг-аар бодохоор 7470 төгрөг. УБ-Замын -Үүд хооронд 700 км байлаа гэж тооцоход л дээрх үнэ бодогдох жишээний. УБ -Эрдэнэт рүү нэг багласан 10 кг ачаа 5240 төгрөг байна. Тэгэхээр нэг кг нь 1000 төгрөг ч хүрэхгүй. Тариф нэмэгдсэн үнэ гэхэд л энэ шүү дээ. Нэг баглаа 10 кг ачааны үнэ ердөө л ийм хямд. Төмөр замын ачаа тээш авто тээвэртэй харьцуулахад хямд, хамгийн гол нь найдвартай учраас үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж маш өндөр байдаг. Нэг цэгийн үйлчилгээг идэвхжүүлж үйлчилгээний чанар сайжраад ирэхээр тариф өндөр гэж эргэлзсэн үйлчлүүлэгч эргээд УБТЗ-ын үйлчилгээндээ буцаж ирж байна.
-Жижиг илгээмжийн үйлчилгээ хэвийн явж байгаа юу? Үнэ тариф хэд вэ?
- Жижиг илгээмж хүргэлт өдөр бүр хэвийн явж байна. Жижиг илгээмжийн үнэ их хямд шүү дээ. Хамгийн дээд тал нь 4.5 кг ачаа авдаг. Энэ хэмжээндээ 7700 төгрөг л болно. Мөн л УБ-Замын -Үүд рүү дугтуйтай бичиг баримт явуулья гэхэд л 4400 төгрөг болно.
Зорчигч н.Сарантуяа:
Би хотын иргэн. Сүүлийн хоёр жил галт тэргээр зорчоогүй байсан. Сэлэнгэ явах гээд ирсэн чинь вокзал маань ийм сайхан урсдаг шаттай болжээ. Сэтгэл сэргээд хүүхэд шиг баярлалаа.
Цаг үе өөр болжээ. Бидний залууд вагоны доогуур хамаг юмаа чирээд шургаж, сандраад гүйж явсан үе түүх болж, сайхан хонгилон гарцтай болсон Гэтэл одоо бүр ийм сайхан урсдаг шаттай болж. Цаг үедээ нийцсэн сайхан бүтээн байгуулалт болсон байна. Ачаа бараатай, өвгөд хөгшид, хүүхдэд ээлтэй сайхнаар тохижуулжээ.
Н.Энхцэцэг:
Би Түнхэлд амьдардаг. Улиралдаа нэг төмөр замаар зорчдог. Сүүлд наймдугаар сард ирэхэд их холуур тойрч галт тэргэнд сууж, их л тухгүй байсан. Сая ачаа бараагаа чирсэн хэрнээ их л баяр хөөртэй урсдаг шатаар зорчлоо. Гадаадад яваа мэт их гоё санагдлаа. Төмөр зам сайхан хөгжиж байна гэж бодож байна.
Ийнхүү уулзсан үйлчлүүлэгч бүрээс талархал сонссон сэтгүүлч миний хувьд ч баяртай байна. Зорчигч тээврийн төвийн тасалбарын касс ч иж бүрэн засвар хийж, урьд өмнөхөөс илүү тохилог орчинд үйлчилгээ үзүүлж байна билээ. Үйлчилсэн хүн бүрээсээ инээмсэглэл, урам үгээр мялаалгах нь төмөр замчдад хамгийн том шагнал билээ.
