Нүүр Хөндүүр цэг, шүүмж Удирдлага таны дуртай зүйлд таны баг дуртай гэсэн үг биш
Хөндүүр цэг, шүүмж

Удирдлага таны дуртай зүйлд таны баг дуртай гэсэн үг биш

G.Press 7 сарын өмнө 110 үзэлт 0 сэтгэгдэл

 

Ажлын байр бол хүмүүсийн амьдралын хамгийн идэвхтэй цаг хугацааны гуравны нэгийг өнгөрүүлдэг орчин. Гэвч энэ цаг хугацааг аз жаргалтай, үр бүтээлтэй өнгөрүүлэх эсэх нь зөвхөн хийж буй ажлаас гадна байгууллагын дотоод соёл, хувь хүнийг хүндлэх байдлаас шууд хамаардаг. Энэхүү нийтлэлээр бид удирдлагын түвшний болон багийн хэмжээнд гаргадаг нийтлэг алдаа, түүний ажлын гүйцэтгэлд үзүүлэх нөлөөллийг хөндөнө.

 

1. Удирдлагын төөрөгдөл

 

Удирдагч бүр өөрийн гэсэн хобби, сонирхолтой байдаг нь мэдээж. Зарим нь ууланд алхах, зарим нь спортоор хичээллэх, зарим нь байнга цуглаж суух дуртай. Харин гол алдаа нь "Удирдлага таны дуртай зүйлд таны баг дуртай гэсэн үг биш" гэдгийг ойлгохгүй байх явдал юм.

Удирдагч өөрийн дуртай зүйлийг "багийг нэгтгэх" арга хэмжээ нэрийн дор бүх ажилтнуудад тулгах нь тэдний хувийн цаг, эрх чөлөөнд халдах хэрэг болдог. Ажилтнууд удирдлагадаа таалагдах, эсвэл бусдаас тусгаарлагдахгүйн тулд хүсээгүй арга хэмжээнд оролцох нь цаг хугацаа болон эрчим хүчний гарз төдийгүй, ажлын сэтгэл ханамжийг бууруулдаг.

 

2. "Таалагдахын тулд тоглох"-ын хор уршиг

 

Хүн өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлийг нууж, хэн нэгэнд таалагдах гэсэн дүрд тоглохоороо сэтгэлзүйн хувьд ихээхэн дарамтад ордог. Энэхүү худал дүр нь ажлын байран дахь үнэнч шударга байдлыг алдагдуулж, хувь хүний болон багийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг:

• Ажлын гүйцэтгэл холдож байдаг: Өөрийн хүсээгүй зүйлдээ эрч хүчээ зарцуулах нь гол ажилдаа төвлөрөх чадварыг бууруулдаг.

• Ажлын бүтээмж буурдаг: Сэтгэл санааны дарамттай, таалагдах гэсэн зорилготойгоор ажиллах нь бүтээлч байдал, шийдвэр гаргах чадварыг хязгаарладаг.

 

3. "Үгүй" гэж хэлэх

 

Тиймээс, бидэнд таалагдахгүй байгаа зүйлийг шууд, хүндэтгэлтэйгээр хэлэх нь зөвхөн хувь хүнд төдийгүй, байгууллагын соёлд ч хэрэгтэй.

• Хамт олон чинь ууланд алхдаг ч та алхмааргүй байгаа бол татгалзаж болно.

• Хэн нэгний төрсөн өдрийг тэмдэглэх, хамт олноороо гадуур суух гээд та явмааргүй байгаа бол мөн л татгалзаж болно.

Энэ бол бусдыг үл хүндэтгэсэн хэрэг биш, харин өөрийн хувийн хил хязгаарыг тогтоож буй эрүүл хандлага юм. Хэрэв бид хэзээ "үгүй" гэж хэлэхээ мэдэхгүй бол, хэзээ ч өөрийнхөө амьдралыг удирдаж чадахгүй.

 

4. Хүн төвтэй байгууллагын соёл

 

Хүмүүс амьдралынхаа хамгийн идэвхтэй 3/1-ийг өнгөрүүлэхийг хүсдэг ажлын байр ямар байх ёстой вэ?

Энэ бол:

1. Өөрийн хүсээгүй зүйлээ хийхээс албан ёсоор татгалзаж чаддаг соёлтой газар.

2. Түүнийг нь хамт олон, байгууллага нь зөвөөр хүлээн авдаг орчин.

Эрүүл ажлын соёл нь багийн үйл ажиллагаанд оролцохыг сонголтын асуудал гэж үздэг, харин үүрэг гэж үздэггүй. Хүмүүс чөлөөтэй сонголт хийж, хүндлэгдэж буйгаа мэдэрсэн үедээ л ажлын байрандаа сэтгэл хангалуун, хамгийн өндөр үр бүтээлтэй ажилладаг.

Хамт олны дундах харилцааг бэхжүүлэх нь чухал боловч, үүнийг хувь хүний заавал биелүүлэх үүрэг болгох нь буруу юм. Жинхэнэ "багийн сүнс" хүчээр биш, харин харилцан хүндэтгэл, ойлголцол дээр тогтдог. Удирдлага ажилчдынхаа хувийн хил хязгаарыг хүндлэх нь тэдэнд итгэл хүлээлгэж буйн илрэл бөгөөд энэ нь эргээд багийн үнэнч байдал, ажлын үр дүнг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл болдог.

 

www.amarmanager.mn

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.