Есдүгээр сарын 27-ны Баасан гарагт Замын II ангийнхан удирдах ажилтнуудын “Хишиг өдөр”-ийг Хангай зөрлөгт зохион байгууллаа. Уг өдөр тус ангийн дарга, орлогч нар, ИТА-чид, санхүү, хүний нөөцийн тасгийн ажилтнууд замчидтай мөр зэрэгцэн дэр мод солих ажлыг гүйцэтгэсэн байна. Тухайн өдөр тус ангийн 12, 14, 17 дугаар хэсгийн замчид, удирдлагын багийн 30 ажилтан, дөрвөн бригад болон нийт 300 гаруй дэр сольжээ. Үүнээс удирдах ажилтнууд 53 дэр сольсон байна. Уг өдөрлөгийг тус ангийн захиргаа, ҮЭ-ийн хороо хамтран анх удаа зохион байгуулжээ. “Хишиг өдөр”-ийн талаар тус ангийн удирдлагууд сэтгэгдлээ хуваалцжээ.

Ангийн дарга Д.Алтангэрэл: Удирдах ажилтны “Хишиг өдөр”-ийг манай анги анх удаа зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаанд ангийн удирдлагын багийн 30 ажилтан оролцлоо. Хангай зөрлөгийн 12 дугаар хэсэг маань хүн хүч багатай, дээр нь их барилга, их засварын ажил ихтэй учир энд “Хишиг өдөр”-ийг зохион байгуулж байна. Нөгөө талаар, замчдын ажлын онцлогийг ангийн удирдах ажилтнуудад ойлгуулах, замчид удирдлагуудтайгаа нүүр тулан уулзаж, санал хүсэлтээ хэлэх боломжийг олгохыг зорьсон. Ажил эхлэхээс өмнө санхүү болон хүний нөөцийн гэх мэт замын мэргэжлийн биш ажилтнууддаа замын ажлын анхан шатны мэдлэг олгох сургалтыг хийсэн. Энэ өдөр 12, 14, 17 дугаар хэсгийн замчид, удирдлагын баг дөрвөн бригад болоод уралдаантай ажиллалаа. Удирдах ажилтнууд маань замчдаасаа хол хоцорсонгүй, 53 дэр солилоо. Удирдах ажилтнуудад замчдынхаа ажлын онцлогийг ойлгуулсан чухал ач холбогдолтой ажил боллоо гэж дүгнэж байна. Бидний гол зорилго энэ байсан. Цаашид ийм ажлыг зохион байгуулж байя гэж бодож байна.

-Энэ өдөр та өөрөө ямар ажил хийж гүйцэтгэв?

-Би дохиочноор ажилласан.

Орлогч нягтлан бодогч Ш.Нансалмаа: Би энэ ангид 28 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь, засварын цонхон дээр биеэр ирж харж байсан. Гэхдээ яг хүрз бариад анх удаа замчны ажлыг хийж үзлээ. Замчид маань үнэхээр хүнд ажлыг өдөр бүр хийдэг юм байна гэдгийг биеэр мэдэрлээ.

Хүний нөөцийн тасгийн ахлах мэргэжилтэн В.Ганчимэг: Ийм “Хишиг өдөр”-ийг зохион байгуулсанд баяртай байна. Замчдын ажил хүнд гэдгийг би мэднэ, төсөөлж байсан. Гэхдээ биеэр хийж үзээгүй байлаа. Өнөөдөр аргагүй л хүнд ажил юм байна. Мөн замчдад хөдөлмөрийн багаж зэвсэг нь ямар чухал гэдгийг ойлголоо. Замчдаасаа асууя, мэдье гэж бодож байсан зүйлсээ мэдэж авлаа.

ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайхан: Миний хувьд 2003-2004 онд замчин хийж байсан. Өнөөдөр 17 жилийн дараа зам дээр гарч ирээд дэр мод солих сайхан байна. Өмнө нь, өөрөө хийж байсан ажил болохоор надад хэцүү зүйл алга. Энэ арга хэмжээг ангийн захиргаа, ҮЭ-ийн хороо хамтран зохион байгуулж байгаагийн гол зорилго нь замчдынхаа ажлын онцлог, хүндрэл бэрхшээлийг удирдлагууддаа ойлгуулах байсан юм. Сүүлийн жилүүдэд замчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэлтэй болсон. Замчнаар ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоо цөөрч байна. Замчид өдөрт ямар хэмжээний ажил гүйцэтгэж норм төлөвлөгөөгөө биелүүлж байна. Яагаад илүү цагаар ажиллах шаардлага үүсдэг гэдгийг удирдах ажилтнууд ойлгоосой гэж хүсэж байна.

Ойн техникч Ч.Нямсүрэн: Миний хувьд анх удаа замчны ажлыг хийж үзлээ. Энэ “Хишиг өдөр”-ийг зохион байгуулаагүй бол би хэзээ ч энэ ажлыг хийж үзэхгүй байсан байх. Ийм өдрийг зохион байгуулсан ангийн удирдлагадаа талархаж байна. Өглөө бид дэр мод солих технологийн сургалтад суугаад аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад ажилдаа гарсан. Манай багийнхан маш идэвхтэй сайн ажиллаж байна.

17 дугаар хэсгийн ахлах замчин Д.Чойжилсүрэн: Би 21 дэх жилдээ ажиллаж байна. Тэгэхдээ ангийн дарга нараа хүрз бариад замчидтайгаа хамт ажиллахыг анх удаа харж байна. Маш сайхан санагдлаа. Энэ ташрамд ангийнхаа нийт хамт олонд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

17 дугаар хэсгийн замчин Б.Цээмаа: Өнөөдөр дарга нар маань ирж замчидтайгаа мөр зэрэгцэн ажиллаж байгаад баяртай байна. Гоё харагдаж байна. Бид удирдах ажилтнуудтайгаа уралдаантай ажиллаж байгаа хэмээн ярилаа.

Ийнхүү нар ээсэн намрын нэгэн өдөр Замын II ангийн удирдлага, замчидтайгаа нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, сэтгэлдээ нэгийг бодож, хоёрыг тунгаан буцсан бол замчид дарга нарынхаа хичээл зүтгэлд урам зоригоо сэлбэн тэдэнд талархан үлдлээ.