Төмөр замын удирдах ажилтны зөвлөгөөн болох гэж байна. Манай байгууллагын шат шатны удирдлагууд цугларч өдөр тутмын тулгамдсан асуудлуудаас эхлээд төмөр замыг хөгжүүлэх алсын зорилтыг хүртэл өргөн хүрээтэй асуудлыг хөндөн ярилцаж таарна. Эгэл төмөр замчид тэдний үгийг анхааралтай сонсож дагана. Богд уулын Цэцээ гүний оройгоос Засгийн саарал ордон дээр бууж тэндээсээ төмөр замын Удирдах газрын саарал байшин тэгээд Вокзалын орой, тэндээсээ Өртөөний жижүүрийн пүльт, сумын бэлчир, машинчийн кабин хүртэл өргөн хүрээтэй асуудлууд хөндөгдөх учиртай. Үнэхээр удирдах ажилтны үүрэг роль том юм. Хоттой хонь хүртэл сэрхээ дагаж бэлчээрт гардаг шүү дээ. Төмөр замын тээврийн удирдлагын систем ч улам боловсронгуй болж байх учиртай. Менежментийг төгөлдөржүүлэх талаар бид багагүй ярьж тодорхой зүйлүүдийг хийж үр дүнд хүрч байна. Энд Замын орлогч дарга А.Батболд, Замын орлогч Ш.Нямсүрэн, Орлогч дарга Б.Гантөмөр, Д.Амарбаясгалан гээд удирдах нөхөд маань идэвхтэй үлгэр жишээчээр оролцож ирлээ. Мөн Стратеги төлөвлөлтийн албаны дарга С.Мөнх-Алдар, Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболд, Маркетенгийн албаны дарга Ш.Ариунбаяр, Эрчим хүч ус хангамжийн төвийн дарга П.Баяржаргал, инженер Л.Энхболд, Дэмбэрэлсүрэн, Х.Алмагүл, Вагоны инженер шинийг санаачлагч А.Пүрэвбаатар нарын зэрэг олон хүний нэрийг үлгэр жишээ болгож хэлж болно. Монголчууд бид Орос нөхөддөө итгэж тэднийг хүндэтгэдэг. Тэр ч утгаараа ажлын өндөр үр дүнг нөхдөөсөө шаардаж бас хүлээх ёстой. Төмөр замын ажиллах хүч улам залуужиж байна. Ийм учраас залуучуудын манлайллыг дээшлүүлэх асуудал ч чухлаар тавигдаж байна.

Байгуулагуудын дарга нар бол үнэхээр алх дөш хоёрын завсар явдаг хүмүүс. Тэд их ажлыг нугалж байна. Тэд хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулна. Төмөр замын нийлмэл тн км-ийн ажлыг хөдөлмөрийн хамт олон л үндсэндээ нуруун дээрээ үүрдэг. Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх, Зорчигчийн вагон депогийн дарга Б.Юлхарсүрэн, Замын I ангийн дарга С.Галсандорж, Зүүнхараагийн вагон депогийн дарга Э.Эрдэнэбат, Улаанбаатар өртөөний ачаа тээврийн хэсгийн дарга Л.Дээдэнцэцэг, Төв засварын газрын дарга Ц.Ариунбаатар, Зам засврын машинт станцын дарга Л.Жаргалсайхан, Холбооны III ангийн С.Түмэнбаяр, Замын IV ангийн дарга А.Оргодол, Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар, Баянбуурал амралтын дарга Д.Ганбат нарын  ажил нь гарт нь орсон аж ахуйн сайн удирдагчдын тоо өссөөр байгааг тэмдэглэж байна. Алба байгууллагуудын дарга нараас өөрчлөгдсөн тохиолдолд тэдний орны хүнийг цаг алдалгүй томилж байх учиртай. Нэг даргын нөөцөнд гурваас доошгүй хүний нэрийг зоож, тэдэнтэй байнга ажиллаж байх ёстой юм.

Энэ онд төмөр зам өөрөө Хөдөлмөрийн баатар болсон. Энд Замын дарга Х.Хэрлэнгийн нэр нүүр хөөцөлдлөгөө чухал үүргийг гүйцэтгэсэн билээ.

Цаашид төмөр замчдыг идэвхжүүлэх, ухамсартай хөдөлмөрийг тэтгэх, шинэ бүтээл инновацийн хөдөлгөөнийг дэмжин дэлгэрүүлэх, түүгээр төмөр зам амьсгалах, залуу замчдыг зах зээлийн эв дүйд идэвхийлэн сургах, ахмад болоод залуучуудын холбоог улам бүр эрчлэх зэрэг олон ажлууд байна. Саяхан төмөр замын залуучуудын чуулган болж өнгөрсөн. Чуулганаар энэ л асуудалд анхаарлаа хандуулсанд гүнээ талархаж байна. Төмөр замын Улаан загалмайн байгууллага улсын хэмжээнд гуравт жагслаа. Дөрөвдүгээр сард вокзалын ард зохион байгуулагдсан инновацийн үзэсгэлэн дээр Зорчигч үйлчилгээний албаны дарга Д.Пүрэвсүрэн, Вагон депогийн дарга Б.Юлхарсүрэн нарын зорчигчдод үйлчлэх загвар тасалгааг бүтээж тавьсан нь замын энэ жилийн “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг дээшлүүлэх” гэсэн ажлын хүрээ урианд бүрнээ нийцэж байлаа. С. Янжмаа даргатай ган замын хөгжил дэвшлийн ирээдүй хүүхдийн цэцэрлэгүүдийн өнгө зүс ажил үйлс өөдрөг байна. Намрын замын даргын үзлэгээр бүх цэцэрлэгүүд “онц” гэсэн үнэлгээ авсан байна билээ.

Удирдлагын үйл ажиллагаанд жирийн төмөр замчдын оролцоог бий болгох, олон түмний хяналтыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна. Дэлхийн том компаниуд РЖД ч ялгаа байхгүй олон нийтийн оролцоо хяналтыг бэхжүүлэх асуудлыг хамгийн чухалд үзэж байна. Энэ тал дээр бидний үйл ажиллагаанд дутагдал оршсоор байна. Аливаа хурал зөвлөгөөн дээр төмөр замчид төдийлөн юм ярихгүй, санаа оноогоо хэлэхгүй байна шүү дээ. Дотоод хяналтын ажлын чанар, шударга байдал, нэр хүндийг ч цаашид бодох хэрэгтэй. Бидний дунд дээшээ долийдог, доошоо хялайдаг долдой зан ч оршсоор байгааг нуух хэрэггүй. Хүн ер нь нэг л зангаараа явбал хойд насанд ч хэрэгтэй гэдэг шүү дээ.

Орчин үед сэтгэл зүй, эрүүл мэнд хоёрт их анхаардаг болжээ. За тэгээд замчдын ар гэр, амьдрал ахуй ямар байна гээд зөндөө юм бий. Тус зөвлөгөөний шийдвэрийг ажил болгож төмөр замчдад хүргэхэд Ган зам сонины сэтгүүлчдийн үг нь ончтой, үзэгний мөр нь тод байх учиртай.

 

Ахмад төмөр замчин, Замын даргын зөвлөх Р.Раш