Нүүр Боловсрол УБТЗ-ын удирдлагууд хүүхдийн төлөө үргэлж “За” гэж хэлдэг
Боловсрол

УБТЗ-ын удирдлагууд хүүхдийн төлөө үргэлж “За” гэж хэлдэг

G.Press 1 жилийн өмнө 107 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байрны эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг  өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Хүүхдүүдийн сурч хөгжих таатай орчин, сургалтын үндсэн үйл ажиллагаа, MNS6781-2019 стандартын хүрээнд хийсэн хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг танилцуулах, нэгтгэн дүгнэх, эцэг эх, асран хамгаалагчдын санал сэтгэгдлийг сонсох, эцэг эхчүүдийн оролцоог хангах, хамтын ажиллагааг дэмжих зорилготой энэ өдөрлөгийг жил бүр уламжлан  болгон зохион байгуулдаг. УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа, Замын II ангийн дарга Д.Алтангэрэл болон Замын даргын ажлын алба, Төлөвлөлт, эдийн засгийн алба, Гадаад харилцааны алба, Хүний нөөцийн алба, Их барилга, хөрөнгө оруулалтын алба, Барилга, орон сууцны алба, Худалдааны алба, Кейтеринг Зочлох үйлчилгээний хэлтэс, Төмөр замын чуулга, УБТЗ-ын Төв эмнэлэг, Улаан загалмайн хороо, 73 дугаар сургууль, БГД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Японы хүүхдийг ивээх сан, ТЗДС, Политехникийн коллежийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн нь энэ арга хэмжээнд ач холбогдол өгсний илрэл юм. 

УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд “...Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс “Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд үг хэлж, илтгэл тавьсан. Монгол хүүхдүүдэд зуны зуслан дутмаг байна. Хүүхдийн боловсрол гэдэг зөвхөн сургуулийн орчинд суралцаж мэдлэг эзэмшсэнээр хязгаарлагдахгүй. Зуны улиралд хүүхдүүд хэрхэн анхаарал халамж, хүмүүжил олгох тал дээр төр засаг анхаарч, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ. 2019 онд олон эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ЕБС-ийн дотуур байрны стандартыг гаргасан. Манай Сурагчдын дотуур байр энэ стандартыг мөрдөж ажиллаж байна. УБТЗ сүүлийн гурван жилд гурван тэрбум төгрөгийн засвар, хөрөнгө  оруулалтын ажил хийсэн. Хүүхэд бол Монголын ирээдүй, үнэт зүйл юм. УБТЗ-ын удирдлагууд ч дотуур байранд амьдардаг 135 хүүхдийн амьдрах орчин, ая тухтай сурч, хөгжих нөхцөлийг хангахад анхаарч ажилладаг. Хүүхдийн хөгжил, хамгаалал гэдэг нь хүүхэд 18 нас хүртлээ хамгаалуулах эрхтэй гэсэн үг. Тэгэхээр энэ дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийг элдэв эрсдэл, муу орчноос хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Замын захиргаа анхаарч ажиллах ёстой. Замын даргын зүгээс эцэг эх, ах эгчийг нь орлож мэдээж чадахгүй ч тэр хэмжээнд халуун гал голомтоос нь дутаахгүй байх юмсан гэж хэлдэг” хэмээн онцолсон.

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг “Хүүхдийн сектор болон дотуур байрны хамт олон сүүлийн хоёр жил хүүхдүүдийн төлөө уйгагүй зүтгэж хийсэн ажлаа өнөөдөр эцэг эх, асран хамгаалагчдад өдөрлөгөөр танилцуулж байна. Замын даргын 2022 оны хаврын  үзлэгээр Л.Янжмаа дарга дотуур байрыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, засварын бүх тооцоо судалгааг гарган танилцуулж байсныг тодхон санаж байна. Мэдээж хөрөнгө оруулалтыг маш олон алба хэлтэс нийлж байж шийддэг. Гэхдээ УБТЗ-ын удирдлага бол ямагт хүүхдийн төлөө “За” гэж хэлдэг нь өнөөдрийн энэ хийсэн ажлаар тодхон харагдаж байна. Энэ хөрөнгө оруулалтын үрд дүнд дотуур байранд 100 гаруй хүүхэд сурч хүмүүжиж, амьдарч, боловсорч байна. Үүний цаана төв суурингаас алслагдсан завсрын өртөө, зөрлөгт ажилладаг төмөр замчид сэтгэл амар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах нөхцөлийг Хүүхдийн секторын хамт олон бүрдүүлж өгч байна. Хүүхдийн секторын дотуур байрны эрхлэгч, арга зүйч, багш, үйлчлэгч, тогооч, нийгмийн ажилтан гээд бүх ажилчид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шууд нөлөөтэй оролцож байгааг онцолж хэлье. Энэ ажлыг анх зохион байгуулсан Хүүхдийн секторын хамт олон болон уг ажилд Хүүхдийн сектортой шефийн харилцаатай байсан бүх байгууллага, эцэг эхчүүд та бүхний оролцоо чухал байсан” гэв.

Хүүхдийн сектор, Сурагчдын дотуур байрны багш ажилчид алслагдсан зөрлөг өртөөнөөс ирсэн эцэг, эхчүүдийг өглөөний цайтай угтаж, хүүхдүүдийн амьдардаг өрөө тасалгаатай танилцах  боломжийг бүрдүүлсэн байв.  Замын санхүүжилтээр 2022 онд гал тогоонд 564 сая, 2023 онд спорт заалыг 300  сая төгрөгийн их засвар хөрөнгө оруулалтыг хийсэн. 2024 онд нэг, хоёр, гуравдугаар давхарт их засвар хийж, мөн сантехник, цахилгаан монтажийг бүрэн шинэчилсэн. Дотуур байрны орчин нөхцөлд тавигдах стандарт шаардлагын дагуу хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон, ширээ, сандал, хувцасны шүүгээ, давхар бүрт хүүхэд амрах буйдан, ус цэвэршүүлэгч байршуулсан нь эцэг эхчүүдийн сэтгэлд их нийцсэн. Тэд өдөрлөгийг сэтгэл ханамж өндөр эхлүүлж байгаагаа биеийн хэлэмж, нүүрний баясал, инээмсэглэлээрээ илэрхийлж байлаа. Хэдийгээр сургуулийн амралт эхэлсэн байгаа ч зарим авьяаслаг хүүхдүүд ээж, аавтайгаа хамт ирцгээж, зочдод гоцлол болон хамтлагийн бүжгээ сонирхуулж, Замын удирдлагуудаас гарын бэлэг хүртэцгээлээ.

Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа “Сурагчдын дотуур байрыг 2022-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайланг тавьж, Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн сургалтын менежер сурагчдын амжилт, сурлагын дүнгийн ерөнхий мэдээллийг өгсөн юм. Японы “Хүүхдийн ивээх сан”-гийн мэргэжилтэн “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд” сургалтыг эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулсан. Холоос ирсэн аав, ээж нар хүүхдүүдийнхээ нэг өдрийн хоолны цэсээр үйлчлүүлж, хоолны нэг хоногийн зардал 2500 төгрөгөөр нэмэгдэж 6500 төгрөг болсонд талархаж байгаагаа илэрхийллээ.

УБТЗ-ын Баянбуурал амралтын газрын Аж ахуйн эрхлэгч, хангамжийн нярав Д.Сосорбурам “Энэ арга хэмжээнд жил бүр оролцдог. Сүүлийн хоёр жилд бүтээн байгуулалт, их засвар хийсэн байна. Нийт сурагчид тав тухтай орчинд амьдарч байгаа нь их сэтгэгдэл төрүүллээ. Манай дөрвөн хүүхэд, ах дүүсийн нийлсэн 15 хүүхэд энэ дотуур байранд хүмүүжсэн. Одоо бага охин аравдугаар ангид суралцаж байгаа. Урсгал засвар, хөрөнгө оруулалт хийдэг ч хүүхдүүдийн гарын аясаар элэгдэнэ, муудна. Сүүлийн хоёр жилд их засвар хийсэнд баярлаж байна. Дотуур байрны удирдлага, багш, ажилтан, Хүүхдийн секторын хамт олонд баярлалаа. Хүүхдүүдийн аюулгүй байдал, тав тухыг хангахаас гадна сурлага хүмүүжил, цаашлаад мэргэжлээ зөв сонгоход чиглүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байгаа  нь сүүлийн үед мэдрэгдэж байгаа. Үе үеийн багш нартаа баярлалаа. 73 дугаар сургуулийг төгссөн хүүхдүүд ажил, амьдрал дээр бүдэрсэн тухай миний мэдэхийн сонсогддоггүй. Дандаа гялалзсан амжилттай, үр бүтээлтэй ажиллаж байгаа” гэж өгүүлэв. Эмээлт өртөөний “Янзага” цэцэрлэгийн эрхлэгч Г.Бадралмаа “Манай хүү нэгдүгээр ангиасаа энд амьдарч, сурч хүмүүжиж байна. Одоо зургадугаар ангид сурдаг. Анх би явахгүй, ээж минь намайг аваадах гэдэг байсан одоо бол ээжээ баяртай гээд л яваад өгдөг. Бид  дотор нь ажилладаг ч дотуур байранд тэр бүр ирж амждаггүй. Саяхан дотуур байрны спорт зааланд тэмцээнд ирэхдээ үнэхээр бахархсан. Үүднээсээ авахуулаад өнгө үзэмж нь сайжирч, хүүхдийнхээ өрөөгөөр ороход ор, хувцасны шүүгээ бүх зүйл нь шинэчлэгдсэн байсан. Энэ их хөрөнгө оруулалтыг татаж чадсан Л.Янжмаа дарга, Замын удирдлагууд дэмжиж шийдвэрлэж өгсөнд баярлалаа. Дотуур байрны багш ажилчдид эелдэг, хүүхдүүдэд халамжтай байдагт үргэлж талархаж явдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт оролцсон эцэг эхчүүд сэтгэл ханамжийн судалгаа өгч, сэтгэл хангалуун буцацгаалаа.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.