1. ХНН УБТЗ-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнав
УБТЗ гэх их айл үүсэн байгуулагдсаны 75 жилийн түүхэн ой 2024 онд тохиов. Төмөр замчдын Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, түүхт ойг нь тохиолдуулан УБТЗ –ын хамт олныг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж алдаршуулсан юм.
2. Ачаа тээврийн шинэ дээд амжилт тогтоолоо
УБТЗ-ын хамт олон өнгөрсөн онд олон шинэ дээд амжилтыг тогтоосон. 2024 онд 33.4 сая тонн ачаа тээвэрлэж, 24.2 сая тонн ачаа ачиж, 317.900 вагон буулгаж тээврийн шинэ дээд амжилтыг тогтоолоо.
3. Орон нутгийн нүүрсний тээврийн тариф алдагдалгүй болов
УБТЗ тээврийн тарифыг индексжүүлэх ажлыг өнгөрсөн онд эрчимтэй үргэлжлүүлэн хийлээ. 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс дотоодын ачаа тээвэрлэлтийн тарифын найман бүлгийн ачааг 10-16 хүртэлх хувиар индексжүүлсэн. Мөн өдрөөс дамжин өнгөрөх чингэлэг тээвэрт үзүүлдэг замналын (маршрутын) хөнгөлөлтийг гурван хувиар бууруулсан.
2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 12 бүлгийн ачаа тээвэрлэлтийн тарифыг 3.9 – 30 хувь, дамжин өнгөрөх чингэлэг тээвэрт үзүүлдэг замналын (маршрутын) 12 хувийн хөнгөлөлтийг цуцалж байна.
Мөн 30 гаруй жил алдагдалтай явж ирсэн манай нийт тээврийн гуравны нэг хувийг эзэлдэг орон нутгийн харилцааны нүүрс буюу эрчим хүчний зориулалттай нүүрсний тээвэрлэлтийг өнөөдрөөс эхлэн 15.5 хувиар индексжүүлэхээр болсон билээ. Үүний үр дүнд 21 төрлийн ачаа тээвэрлэдгээс гурван төрлийн ачаанаас бусад тээвэр алдагдалгүй болоод байна.
4. УБТЗ дүрмийн сангаа нэмэгдүүлж, таван шинэ зүтгүүрээр паркаа шинэчлэлээ
Олон жилийн турш шийдлээ олохгүй удсан Японы Засгийн газраас авсан Мон-П1, Мон-П2 зээлийн үлдэгдлийг тэглэж, дүрмийн сангаа 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний үр дүнд Оросын талын хөрөнгө оруулалтаар гол замын хүчирхэг таван шинэ зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүний паркаа шинэчиллээ.
Эдгээр зүтгүүрийг УБТЗ-ын 75 жилийн ойн баярын өмнөхөн хүлээн авсан юм.
5. Гол замдаа 45 км их засвар хийв
Улиран одсон 2024 онд УБТЗ гол замдаа 45 км их засварын ажил хийж, хэд хэдэн зөрлөгүүдээ өргөтгөн шинэчиллээ. Ийнхүү Ази-Европыг холбосон гол замынхаа суурь бүтцийг шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах боломж дээшилж байна.
6. Улаанбаатар Төв вокзалын хонгилон гарцыг шинэчлэн засварлалаа
УБТЗ Зорчигч тээврийн үйлчилгээнийхээ чанарыг олон улсын стандарт жишигт хүргэхийн тулд Улаанбаатар төв вокзалын хонгилон гарцыг засварлаж, шинэчиллээ. Ингэснээр зорчигчид хонгилон гарцаар зорчихдоо урсдаг шатаар төвөггүй явж, тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэв.
7. Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмлээ
УБТЗ -д ажиллаж байгаа нийт ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар нэмэх шийдвэрийг Замын захиргаанаас гаргав. 2024 оны наймдугаар сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч хоёр сараар урагшлуулж, зургадугаар сарын 1-ний өдрөөс олгож эхэлсэн юм. Мөн замчдын үндсэн цалин дээр 150.000-350.000 төгрөгийн нэмэгдэл олгодог боллоо.
8. Цалинтай ээжүүд сар бүр 220 мянган төгрөгийн тэтгэмж авдаг болов
УБТЗ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан эхчүүдэд “Цалинтай ээж” тэтгэмжийг 2024 оны эхний өдрөөс олгож эхэлсэн. Уг тэтгэмжийг олгож эхэлснээр ээжүүд сар бүр 220 мянган төгрөгийн тэтгэмж авч, хүүхдээ хоёр нас хүртэл нь гэртээ асарч хүмүүжүүлэх боломжтой боллоо.
9. 50 хүүхдийн цэцэрлэг нээж, 40 айл шинэ орон сууцанд орлоо
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ЗТЯ-ны Авто тээврийн Үндэсний төвийн хуучин байранд засвар хийж УБТЗ-ын “Ган зам” цэцэрлэгийн салбар болох 50 хүүхдийн цэцэрлэгийг нээн ажиллуулж байна. Мөн “Ган зам” цэцэрлэгийн 200 хүүхдийн шинэ барилгыг ирэх жил ашиглалтад оруулах юм.
УБТЗ нь 2023-2024 онд Зүүнхараа зангилаанд хоёр блок 80 айлын ипотекийн орон сууц барихаар төлөвлөснөөс эхний блок бүхий 40 айлын орон сууцыг 2024 онд байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв. УБТЗ ажилтнууддаа хөнгөлөлт үзүүлэх зорилгоор 1.3 тэрбум төгрөгийн гадна инженерийн шугам сүлжээний ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, нэг ам метрийн үнийг 1.900.000 төгрөг буюу нэн таатай нөхцөлөөр төмөр замчдаа орон сууцжуулах боломжийг хангасан юм.
2025 онд дараагийн 40 айлын орон сууц ашиглалтад орох гэж байна.