А.Батболд: Шинэ санал санаачлагыг дэмжин бие биенээ хүлээн зөвшөөрснөөр ажил урагштай байна
Замын даргын хаврын үзлэгm төвийн хэсэглэлд нийгмийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний байгууллагууд хамрагдлаа. Үзлэгийн комиссыг УБТЗ-ын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд ахлан холбогдох мэргэжлийн хүмүүс дагалдан чиглэл бүрээр үйл ажиллагаатай нь танилцсан юм. Үзлэг Амгалан дахь БЗАҮ-ний Ус дулаан дамжуулах төвийн ажилтай танилцахаас эхэллээ. Тус төв нь УБТЗ-ын Амгалан хавийн айл өрх, албан байгууллагыг ус дулаанаар ханган ажилладаг. Амгалан ЦТП-д 12 хүн ажиллаж байна. Төв засварын үйлдвэрийн хашаанд байрлах ажилчдын хоолны газраар орж хоолны үнэ, чанар стандарт аюулгүй байдал, сэтгэл ханамжийг сонирхлоо. Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд төмөр замын хоол үйлдвэрлэлийг зөв менежментээр хэрхэн дэмжиж ажиллах талаар санаа чилээж яваагаа учирлан, чөлөөлж болох бүхий л юмыг чөлөөлж, гол нь арилжааны буюу төмөр замын бус гадны байгууллагуудад үйлчилгээгээ хүргэж алдагдлыг хэрхэн бууруулж болох талаар санал солилцлоо. Тус цайны газрын хоолны үнэ ердөө 8000-9500 төгрөгийн хооронд байгаа нь махны үнэ нэмэгдсэн энэ үед харьцангуй хямд бөгөөд өдөрт 60-70 хүн тогтмол үйлчлүүлдэг.
Зайлшгүй хэрэгцээг шийдвэрлэж байж ажил урагшилна
Үзлэгийн комисс Хүүхдийн секторын харьяа Амгалан дахь “Бамбарууш” цэцэрлэг, ЗТЯ-ны дэргэдэх “Ган зам” салбар цэцэрлэг, Сурагчдын дотуур байр, “Дэгдээхэй”, “Найрамдал” цэцэрлэгүүдээр орж ажил үйлчилгээ, багш ажилчдын бэлэн байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горим зэргийг шалгасан юм. УБТЗ-ын Хүүхдийн секторын 26 цэцэрлэгт нийт 3824 хүүхэд эрүүл аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд сурч хүмүүжиж байна. Ер нь УБТЗ-ын нийгмийн чиглэлийн байгууллагуудаас Хүүхдийн секторын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн тасралтгүй чамбай ажилладаг нь илт харагддаг билээ. Дотуур байранд хүмүүжиж байгаа хүүхдүүдийг амьдрах ухаанд сургаж өөрсдөөр нь аливаад бие даалгаж, чадвартай иргэн болгоход анхаарахыг захилаа.
ТЗИС-ийн зүтгүүрийн багш Б.Мягмар дотоод шаталтын хөдөлгүүрийн лабораториа танилцуулж сургалтын орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Мөн хими, машин механизм, материалын эсэргүүцэл, машины эд ангийн лабораториудтай танилцлаа. ТЗИС сургалтын лабораториудаа үе шаттайгаар шинэчлэн энэ оны их засвар хөрөнгө оруулалтаар дээрх танхим лабораторийн засварын ажилд 120 сая төгрөг төсөвлөжээ. Мөн оюутны дотуур байрыг ч өнгөрсөн жил засварлаж орчин нөхцөлийг нь сайжруулсан аж.
ТЗИС-ийн захирал У.Мягмарсүрэн өнгөрсөн намрын үзлэгээс энэ хаврын үзлэгийн хооронд хийсэн ажлаа тайлагнаж, 2027-2028 оны хичээлийн жилийн намар магадлан итгэмжлэлийн KPI буюу гүйцэтгэлийг түлхүүр үзүүлэлтийг ханган ажиллаж байгаагаа дуулгаад энэ талаараа үзлэгийн комиссынхонтой санал солилцлоо.
2025-2026 оны хичээлийн жилд эчнээ болон өдрийн анги, магистрын нийт 823 оюутан тус сургуульд сурч байна. Давхардсан тоогоор 51 үндсэн багш, 54 цагийн багш хичээл зааж байгаа аж.
Багшийн хөгжил, судалгаа эрдэм шинжилгээний ажилд ч нэлээд чармайн ажиллаж, томоохон дөрвөн их сургуультай хамтран “Монгол инженер- 2026” арга хэмжээг ТЗИС хариуцан зохион байгуулжээ. Олон орны их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагатай мэргэжил тус бүрээр хамтран ажиллаж байна. ТЗИС- ийн эрдмийн зөвлөл өнгөрсөн намар байгуулагдаж, судалгаа инновацийн тэргүүлэх чиглэлийг барин ажиллаж байгаа ажээ. Үндэсний хэмжээний “ABU Робокон- 2026” үндэсний роботын тэмцээнд оролцох “Райлбот” багийн робот хийж буй оюутнуудтай уулзлаа. Тэдний “Кунфу эрэл” стратегиар tic-tak-toy тоглоом болон кунфугийн судрыг цуглуулах R1 роботыг угсрах даалгаврыг гүйцэтгэхээр ажиллаж байгаатай нь танилцлаа. ПТК-ийн захирал С.Галбадрах сургалтын хөтөлбөрөө хоёр удаа далайцтайгаар шинэчлэн хуучин хөтөлбөрт таван мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан бол шинэ хөтөлбөрөөр өмнөх дээр дөрвөн мэргэжил нэмэгдэн өдгөө есөн мэргэжлээр чадамжийн сургалтаа явуулж байгаагаа ярилаа.
Хүн бүр менежер хийж, маркетингаа хөгжүүлэх боломжтой
Дайн байлдаанаас үүдсэн шатахууны хомсдол УБТЗ-ын эдийн засаг санхүүд зэгсэн хүндрэл болох тул энэ жил Замын даргын 86/б цахилгаанаар хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа. Тиймээс ч байгууллагуудын энэ онд төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтууд зогсож, шийдвэрлүүлэх асуудлаа ярих бүрт хөрөнгө санхүүтэй холбоотой хүндрэл үүсэж байгаагаа учирлаж байлаа. Комиссын ахлагчийн зүгээс шууд хөрөнгө мөнгийг шийдээд явах боломжгүй ч зайлшгүй хэрэгцээт зүйлийг ажил үүргийн хүрээндээ шийдвэрлэж байж ажил урагшилна гэдгийн онцлоод хөрөнгө оруулалтын зарим асуудлыг цааш уламжлахын ялдамд гарц гаргалгааг хамтран ярилцаж шийдвэрлэхээ илэрхийлж явлаа. Яг л дээрх бэрхшээл тулгарсан байгууллагын нэг бол “Ган зам” палас буюу Төмөр замын чуулга байлаа. Дээрх хэмнэлтийн цахилгааны дагуу Төмөр замын чуулга, Аялал жуулчлалын төв, “Замчин” спорт хороо гэсэн гурван байгуулллагыг нэгтгэх шийдвэр гарсантай холбоотойгоор тус байгууллагын удирдлагууд нэгдсэн байдлаар уулзаж ажил байдлаа танилцууллаа. Мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг утгаараа хүмүүсээ чадавхжуулж, идэвхжүүлэхийн тулд олон талт ажлыг зохион байгуулж, дээрх ажлуудаа өөрсдийн боломж бололцоонд тулгуурлан явуулж байгаа аж. “Ган зам” паласын талбай бүрийг ашиглаж төмөр замчид төдийгүй иргэдэд нээлттэй байлгахын тулд үзвэр, урлаг соёлын үйлчилгээгээр таслахгүй шинэ менежментээр ажиллахыг зорьж байгаа гэлээ. Замын хөрөнгө оруулалтаар 2019 онд концертын их танхим болон урлаг танхимдаа их засвар хийсэн хэдий ч чанаргүй материал үйлчилгээнээс улбаалан үзвэрийн танхимын сандал жайжийж, хана харлан өнгө үзэмж нь алдагджээ. Задгай танхимдаа нийтийн бүжиг явуулахаар нээлтээ хийхэд маш олон төмөр замчид ялангуяа ахмадууд ирж таатай хүлээн авсан хэдий ч өмнө байсан дуб буюу нарийн шахмал шалыг паркетаар сольсноос үүдэн бүжиглэхэд бартаатай, шаардлага хангахгүй болж түр зогсоогоод байгаа аж. Чуулгын дарга кино үзвэрийн зориулалтын проектор, тоглолтын тайзны төсөв, ариун цэврийн өрөөний засвар гэхчлэн зайлшгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаагаа дуулгалаа. Гурван байгуулллага нэгдэж буйтай холбоотойгоор шинэ менежмент хийж, шугам замаар тоглолт зохион байгуулж, сурталчилгааг сайн хүргэх хэрэгтэй байгааг Замын орлогч А.Батболд онцоллоо. Аялал жуулчлалын тухайд Б.Мөнхбат дарга МҮОНТ-д 14 хоногт 40 минутын аялал жуулчлалын нэвтрүүлэг гаргахаар ярилцаж тохирсон аж.
АЖТ маркетинг хариуцсан мэргэжилтэнтэй болох, өөрийн вэб хуудастай болохын зэрэгцээ “Цахим төмөр замчин” аппад аяллын бүтээгдэхүүнээ танилцуулах цэс суулгаж өгөхийг хүслээ. Энэ тухайд А.Батболд дарга тус төвийн хүн бүр менежер хийж, маркетингаа хөгжүүлэх боломж байгааг чухалчлан захилаа. “Замчин” спорт хорооны дарга С. Ерөөлтөөс төмөр замчдыг дасгал хөдөлгөөн, зөв хооллолтод уриалсан контент хийхийг санал болгон, ажил хэрэг болгох боломжийг судлахыг хүслээ.
АБТЭМА-ийн цайны газрыг гадны байгууллага түрээсэлдэг байсан бол тус анги иж бүрэн засвар хийж саяхнаас Кейтеринг зочлох үйлчилгээний хэлтсийн ажилтнууд ажиллуулж ажилчдад стандартын шаардлага хангасан эрүүл хямд хоолоор үйлчилдэг болж байгаа аж. Ажилчдын шинэ цайны газар автомат аяга таваг угаагч авах хүсэлт гарсныг тус ангийн дарга Э. Болорхүү шийдэж өгөхөөр боллоо.
Шугам сүлжээ өмнөхөөсөө харьцангуй найдваржсан
БЗАҮ-ний ангийн 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан байгууллагынхаа “Алдрын танхим”-ыг нээж нээлтэд УБТЗ-ын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд, БЗАҮ-ний албаны ерөнхий инженер Ч.Лхагвасүрэн, ангийн дарга Д. Хадбаатар, МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Б. Алтанхуяг ЭАХХ-ийн дарга С. Хонгорзул нарын хүмүүс нээлээ. Алдрын танхимд тус байгууллагын түүхийг бичилцсэн ахмадууд болон байгууллагаас төрөн гарсан алдар гавьяатнууд, байгууллагын үнэт зүйлсийг тодорхойлох дурсгалын зүйлс баримт бичгүүд хадгалагдаж байна. А.Батболд дарга “Алдрын танхим”-ын хүндэт дэвтрийг нээж дурсгалын үгсийг үлдээлээ. Тэд энэ танхимаа хуучин цайны газар байсан байрыг ашиглан өөрсдийн нөөц боломжоор шинэчлэн засаж тохижуулжээ. Ангийнхаа ажил байдлыг тус ангийн дарга Хадбаатар танилцуулж, холбогдох мэдээллийг өглөө.
БЗАҮ-ний ангийн ус дулаан дамжуулах төвүүд диспетчерийн нэгдсэн төвтэй холбогдож, ажлууд нь автоматчлагдан хүний оролцоо багассанаар тус ангид 24 хүн ажлаас чөлөөлөгдөж тус ангидаа өөр орон тоон дээр хөрвөн ажиллахаар болж байгаа аж. Энэ талаар БЗАҮ-ний албаны ерөнхий инженер Ч.Лхагвасүрэн “Диспетчерийн нэгдсэн төвтэй холбоотой ажил сайн байгаа. Систем нэг удаа хийгээд төгс болох зүйл биш, жил ирэх бүр программаа хөгжүүлээд л явна. Ажилчид явлаа гээд ЦТП-ийн ажил доголдох зүйлгүй. Мэргэжлийн слесариуд байна. Өдрийн найман цагаар цагаар дуудлагаар ажиллана, технологийн ажлаа ч хийнэ. Шугам сүлжээгээ шалгана, хуучнаасаа харьцангуй найдваржсан” хэмээн ярилаа. Системийн өөрчлөлт хийж байгаатай холбоотойгоор ажилчдын эрх ашиг зөрчигдөх вий ажилтны эрх ашиг нэгдүгээрт шүү гэдэг дээр МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Алтанхуяг асуулт асууж хариулт авлаа. Тус анги саяхнаас орон тооны ҮЭХ-ны даргатай болжээ. Шинэ даргыг ангийн захиргаа, ИТА, алба аль альтайгаа нийгмийн түншлэлийг хэрэгжүүлж ажиллахыг хүсэж, бүгдээрээ хамтран нэг зүйлийн төлөө л ажиллаж байгааг МТЗ-чдын ҮЭХ-ны дарга онцлов. Энэ оны бүхий л хөрөнгө оруулалтыг зогсоосон байгаа тул хөрөнгө оруулалтаа дахин эрэмблээд хамгийн чухал гэснээ тайлбарын хамт дахин ирүүлэхийг А.Батболд дарга анхаарууллаа.
Замын даргын 2024 оны тушаалаар дүрэм, бүтэц батлагдсаны дагуу Төв эмнэлэг гурван орлогч даргатай ажиллаж байна. Энэ онд эмнэлгийн орны тоонд өөрчлөлт орж, 270 ортойгоос 30 нь өдрийн эмчилгээний ор байсны 36 орыг танаж, хэвтүүлэн эмчлэх тасаг 204 ортойгоор ажиллаж байгаа аж. Дотрын тасаг өмнө нь 80 ортой байсныг 58 болгон бууруулж, мэдрэлийн тасаг хуучнаараа, мэс заслын тасаг чих хамар хоолой зэргийг нэгтгээд 50 ортой болгожээ. Төв эмнэлгийн поликлиник өдөрт 240 мянган үзлэг хийх хүчин чадалтай бол хэвтүүлэн эмчлэх тасгууд 9-10 мянган хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой юм байна.
Төмөр замчдын хоолны үнийг нэмэх зайлшгүй шаардлага бий
Кейтеринг зочлох үйлчилгээний хэлтэс эхний улиралд 26 ажилтны сул орон тоотой ажиллаж байна. Хэлтэс өнгөрсөн жил тэрбум 250 саяын алдагдалтай байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар тэрбум 636 сая төгрөгийн алдагдалтай гарчээ. Төлөвлөгөө өнгөрсөн жилийн мөн үеийн алдагдлаас ч доогуур 906 сая төгрөгийн шахсан төлөвлөгөө өгөөд явж байгаа аж. Мэдээж алдагдалд инфляци, махны үнэ нөлөөлж байгаа. Түүхий эд материалын үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 158 хувиар нэмэгджээ. Бизнесийн цэг салбаруудын хувьд 96 хувьтай байна. Хэмнэлтийн горимын дагуу Ган зам ресторанд төмөр замын кофе брейк, захиалгат үйлчилгээ эрс багассанаас орлого буурч, харин ширхгийн хоол бүхий түргэн хоолны газрын орлого нэмэгджээ. Зорчигч урсгал багассантай холбоотой вагон рестораны орлого ч буурчээ. Гадагш чиглэсэн байгууллагуудад ашгийн хувь 15-аас дээш байна гэсэн Замын даргын тушаал байдаг аж. Үүнээс шалтгаалан бэлэн бэлдэц нийлүүлдэг байсан CU сүлжээ дэлгүүрт нийлүүлж байсан бүтээгдэхүүний гэрээ өнгөрсөн нэгдүгээр сараас сунгагдаагүй аж. Энэ бүх үзүүлэлтээс харахад нийтийн хоолны үнийг зайлшгүй нэмж, зах зээлийн бодит байдал руу ойртуулах шаардлагатай байгааг Замын орлогч дарга А.Батболд онцоллоо. Хэдий ийм байдалтай ч тус хэлтсийн нарийн боовны цех олон нэр төрлөөр эко талх нарийн боов, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлээд нээж байгаа нь сайшаалтай байлаа.
Эцэст нь хэлэхэд Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд байгууллага бүрт шахуу хэлж захиж байсан нэг өнцөг бол ажилтнууд ялангуяа удирдлага харилцаа хандлагадаа анхаарч, шинэ санал санаачилгыг дэмжин бие биенээ хүлээн зөвшөөрснөөр ажил урагштай байхыг онцолж байлаа.
А.Энхсайхан
