Манай оронд төмөр замын тээвэр өргөжин хөгжиж эхэлсэн тэр цагаас шинэ тутам энэхүү мэргэжлийн ажилчдын тоо нэмэгдэж, тэдэнд техникийн мэдлэг олгох, мэдээлэл түгээх явдал үлэмж шаардлагатай болсон. Энэ шаардлагыг харгалзан үзэж тогтмол сонин бий болгосон нь “Ган зам” сонины суурийг тавьсан.
Сонины анхны дугаарыг гаргасан тэр өдрөөс хойш өнөөдөр “Ган зам” сонины 65 жилийн ой тохиож байна. Нийтлэлийн бодлогоо малын бэлчээрээс төмөр замын салбарт илгээлтээр ирсэн анхны төмөр замчдыг бэлтгэхэд чиглүүлж, улмаар эх орны бүтээн байгуулалт, хөдөлмөрийн хөдөлгөөний эрч хүчийг цех, тасаг бүрт өрнүүлэхэд “Ган зам” сонины оруулсан хувь нэмэр их. Тэр ч утгаараа өнгөрсөн он жилүүдэд “Ган зам” сонин эх орны бүтээн байгуулалтын талбарт оюун санааны үрээ суулгаж, төмөр замчдад “оюуны талх” үйлдвэрлэж ирсэн гэдэгтээ хэн ч маргахгүй байх.
Өнөөдөр “Ган зам” сонин нийтлэлийн бодлогоо улам бүр сайжруулан салбарын шилдэг сонины дүр төрхийг бүрдүүлж чаджээ. Учир нь, Монгол Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тус сониныг 2013, 2014, 2015 онд салбарын шилдэг сониноор шалгаруулсан нь үүнийг баталдаг.
Монголын төмөр замчдын нэгэн жарны түүхийг шарласан хуудсандаа баринтаглаж, ололт амжилт, бүтээл дэвшлийн түүхийг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн танай сонины үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч та бүхэнд 65 жилийн ойн мэнд хүргэе. Та бүхний үзэг хурц, үг онч мэргэн, үйлс өрнүүн дэлгэр байх болтугай.
УБТЗ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН