Нүүр УБТЗ ХНН УБТЗ-ын 2025 оны мэргэжлийн аваргууд
УБТЗ ХНН

УБТЗ-ын 2025 оны мэргэжлийн аваргууд

G.Press 3 сарын өмнө 194 үзэлт 0 сэтгэгдэл

 

ШИЛДЭГ ДАРГА

 

Замын IV ангийн дарга Ахтайн Оргодол нь 2025 онд байгууллагынхаа ашгийн төлөвлөгөөг 116.6 хувиар биелүүлж, нийт 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 175.9 сая төгрөгөөр давуулан биелүүлж, түүний удирдсан хамт олны хөдөлмөрийн бүтээмж өмнөх оноос 24.6 хувиар нэмэгджээ. Түүнчлэн,  урсгал засвараар өртөөний хүлээн авах явуулах болон салбар замуудад 13889 төмөр бетон дэр сольж, 13 өртөө, зөрлөгийн 38 замын техникийн байдлыг сайжруулсан байна. Мөн Замын-Үүд-1 өртөөний хүлээн авах явуулах II зам 100 хувь төмөр бетон дэртэй сайжруулсан үетэй, балластыг дэрийн улнаас доош 30-35 см хүртэл ухаж хүчжүүлсэн зэрэг ГТХАБ-ыг хангах чиглэлээр олон ажил хийжээ. 2025 оны “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд ажлын байрыг тохижуулах, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, шинэ ажилтныг дасан зохицуулах, ХАБЭА-н чиглэлээр гэхчлэн нийт 77 ажил хийсэн нь үр дүнгээ өгч байна.

 

ШИЛДЭГ ИНЖЕНЕР

 

Вагоны аж ахуйн албаны инноваци, технологи хариуцсан инженер Шагдарсүрэнгийн Ганзориг нь 2025 онд “Ачааны вагоны кузов, арал хүчитгэх засварын технологийн горим”, “Вагон ашиглалтын депогийн нэгдсэн технологийн горим” зэрэг долоон чухал технологийн горимыг Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Вагон ашиглалтын депотой хамтран боловсруулан батлуулжээ. Мөн Хэмжил зүйн төвтэй хамтран ачааны вагоны арал, тэвшний үлдэгдэл нөөцийг тодорхойлох технологийн горимыг боловсруулахад оролцсон. MNS 6466:2023 стандартын дагуу ачааны вагоны ашиглалтын хугацааг 10 хүртэлх жилээр сунган ашигласнаар жил бүр 123 саяас 1.1 тэрбум төгрөгийн тээврийн ашиг бий болгож, эдэлгээний хугацаа дуусаж буй 655 вагоноос нийт 372.3 тэрбум төгрөгийн үр өгөөж гаргах боломжтойг тооцоолсон байна. Үүний 35 хувийг хуримтлал болгосноор адил тооны вагоныг шинээр худалдан авах боломжтойг тооцоолжээ. Түүнчлэн, 2020-2025 онд ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн докторын хөтөлбөрт суралцаж, “Төмөр замын вагон эргэлтийг сайжруулах арга замууд” сэдвээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байна.

 

МЭРГЭЖИЛТЭН

 

Зам оношилгооны төвийн ахлах инженер Василий Александрович Новиков нь Замын II ангид 1993 онд Сэв шалгах лабораторид мэргэжилтнээр томилогдсоноос хойш 33 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр, төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн бэлэн байдлыг хангах хүрээнд зам ашиглалтын нормативт зам төмрийн аж ахуйн ашиглалтын хугацааг уртасгах, элэгдлийг бууруулахаар 2018-2019  онд зам төмөр тосолгооны 472, 2021-2022 онд 475 дугаар вагоныг тоноглолцож, ашиглалтад хүлээлгэж өгснөөр ЗТХЯ-ны MNS6312:2012 стандартын шаардлага хангасан гэрчилгээ авсан байна.

 

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАГЧ

 

Тээвэр зохион байгуулалтын албаны Захиран хуваарилах хэлтсийн галт тэрэгний диспетчер Батсангасын Чойжилсүрэн нь ГТХАБ болон ачааны бүрэн бүтэн байдлыг ханган, тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлж, 2025 онд 33.7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт гаргахад хамт олноо хошуучлан оролцсоноос гадна Замын-Үүд-Эрээний өргөн царигаар хоногт дунджаар 16.09 галт тэрэг хүлээн авч, 15.95 галт тэрэг хүлээлгэн өгч, Сүхбаатар-Наушки хооронд хоногт дундажаар 8.05 галт тэрэг хүлээлгэн өгч, 7.58 галт тэрэг хүлээн авч галт тэрэг солилцоог нэмэгдүүлж рекордыг шинэчлэн тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр, хариуцсан ээлжиндээ галт тэрэгний хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, урт бүрэлдэхүүнтэй болон хүнд жинтэй галт тэргүүдийг найруулан явуулж байна.

 

БАЙЦААГЧ

 

Вагоны аж ахуйн албаны ГТХАБ-ын байцаагч Аюурзаны Пүрэвбаатар нь 13-2162 загварын вагоны тоормосын шахавчийн элэгдлээс шалтгаалан хөшүүргэн дамжуулгын дундын хөшүүрэг вагоны арал дахь цонхонд тулж тоормосгүй болдог шалтгаан, ийм вагонууд Замын-Үүдээс буцаж Сүхбаатар хүртэл аяллын үед шахавч хэрхэн элэгдэж байгааг судлан ОХУ-аас хүлээн авах вагоны хөшүүргэн дамжуулгын байрлалд хүлцэл тогтоосон нь тоормосын хангамжийг хэвийн байлгахын зэрэгцээ ТҮГ-ын ажилтнуудын засварын ажлыг хөнгөвчилсөн байна. Сүхбаатар өртөөнд ОХУ-аас хүлээн авч байгаа вагонуудын техникийн хүлцэл тогтоож, Замын даргын А-351 тоот тушаалаар батлуулж мөрдүүлснээр техникийн гэмтлээр буцах вагоны тоо дөрөв дахин буурчээ. Мөн дээрх хүлцэлд нэмэлт заалт оруулж, Замын даргын А/982 тоот тушаалаар батлуулснаар хилээр хүлээн авах вагоны засварын тоо 40 гаруй хувиар буурч, галт тэрэг хүлээн авах ажиллагааг хөнгөвчилжээ.

 

ЭДИЙН ЗАСАГЧ

 

            Сайншанд Татах хэсгийн инженер-эдийн засагч Нямжавын Батцэнгэл нь ашиглалтын болон үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, зардлын гүйцэтгэл, түүний биелэлтэд сар тутам хяналт тавин судалгаа тооцоо хийх, санхүүгийн баримтын эрэлт, хөтлөлт, судалгаа дүгнэлттэй ажиллаж, гарсан дутагдлыг тухай бүр арилгуулан ажилласан. Ажилтнуудын цалин хөлс хөдөлмөрийн тогтоосон хэм хэмжээ, дүрэм журам, үнэлгээг мөрдлөг болгон ажиллаж, илчит тэрэгний ашиглалтын цагийн үнэлгээ, сэргээн босгох галт тэрэгний болон авто машин, механизмын цагийн үнэлгээ, ажилтнуудын цайны газрын үнэлгээ норм зэрэг татах хэсгийн хэмжээнд мөрдөгдөх үнэлгээнүүдийг зах зээлийн нөхцөлд зохицуулж тухай бүр нь өөрчлөн шинэчилжээ.

 

ХУУЛЬЧ

 

Хууль зүйн албаны хэлтсийн дарга Хишигдэлэгийн Энхсүх нь 2018 оноос Монгол-Оросын ХНН-ийн үйл ажиллагаа, Замын удирдлагын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль, эрх зүйн асуудлаар нийгэмлэгийг шүүхэд төлөөлж, хууль ёсны эрх ашгийг хамгаалж, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна. 80 гаруй салбар нэгжийн төмөр замчны хөдөлмөрийн харилцаа, нийгмийн баталгаа, хангамжтай холбоотой хүсэлт, өргөдөл, гомдол, албан бичигт хууль зүйн үндэслэл бүхий зөвлөгөө, санал, дүгнэлтийг өгсөн байна. Мөн мэргэжлийн алба, хэлтэс, салбар нэгжтэй хамтран мөрдөгдөх дүрэм, журмыг боловсруулах, шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг гүйцэтгэж, түүнтэй холбоотой ажлын хэсэгт ажиллан, хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлаар төрийн эрх бүхий байгууллагад санал, дүгнэлт өгөх ажлыг хариуцан ажилладаг.

 

ӨРТӨӨНИЙ ЖИЖҮҮР

 

Улаанбаатар өртөөний жижүүр Гомбо-Очирын Ганбаатар нь төмөр замын салбарт тасралтгүй 35 жил ажиллахдаа ГТХАБ, ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж, гологдол, ачаа тээврийн дутагдалгүй, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг явуулахад өөрийн мэдлэг чадвар, арга туршлагаа ашиглаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан. Мөн авто замын түгжрэлийг бууруулахаар Улаанбаатар-Улаанбаатар-2 өртөө хоорондын замын 402 дугаар км-ийн гуравдугаар зуутад хонгилон гарц гаргах ажлын хүрээнд 2025 онд найман удаагийн 52 цагийн цонхны ажлыг цаг хугацаанд нь хийж, амжилттай ажиллажээ.

 

ГАЛТ ТЭРЭГНИЙ НАЙРУУЛАГЧ

 

Дархан өртөөний галт тэрэгний найруулагч Бямбаагийн Одгэрэл нь 2025 онд 87 удаа ээлжинд гарч 1044 цаг ажилласан байна. Энэ хугацаанд пүүлсэн 1415, татсан 3325, тавьсан 3100, орон нутгаар 4315, дахин ажиллагаатай 45112, дамжин өнгөрсөн 80542, ачсан 985, буулгасан 2752 вагоныг тус тус найруулахдаа ээлжийн хамт олонтойгоо хариуцсан ажлаа зөв төлөвлөж, гологдол дутагдалгүй ажиллажээ. Тэрбээр, 2000 онд Сүхбаатар өртөөнөөс галт тэрэгний туслах найруулагчаар ажлын гараагаа эхэлснээс хойш ачаа вагон хүлээлцэгч, туслах найруулагч, найруулагч зэрэг шат дамжлагаар төмөр замд тасралтгүй 26 жил ажиллаж байна.

 

ТООЦООНЫ ОПЕРАТОР

 

Замын-Үүд ШАА-ийн тооцооны оператор Далайжаргалын Одбилэг нь 2025 онд 12850 бичиг баримт боловсруулж, 408.181.811.2 төгрөгийн орлого бүрдүүлж ажиллажээ. Цаг ашиглалтыг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөнгөвчлөх зорилгоор ээлжийн хамт олноо зөв зохион байгуулж, орон нутаг ачилт, орон нутаг олголт цэсэнд тайлан харахгүйгээр дэлгэц дээр ачааны нийт жин тонн, вагоны тоо харагддаг болгожээ. Орон нутгийн ачилт, олголт, олон улсын олголт, ачилтын бичиг баримт үйлдэхэд  вагон тавилт таталтын 3601 кодыг 3610 кодоор засаж хийдэг байсныг 3610 болгуулжээ.

 

АЧАА ВАГОН ХҮЛЭЭЛЦЭГЧ

 

Сүхбаатар өртөөний ачаа вагон хүлээлцэгч Нэргүйн Базархайрав нь Наушки өртөөний мэргэжил нэгт ачаа вагон хүлээлцэгч, дамжуулах конторын ажилтнуудтай хамтран ажиллаж ачаа, вагон, галт тэрэг солилцоог зохион байгуулахад ээлжийн хамт олноо зөв удирдан чиглүүлж ажиллажээ. Тэрбээр ачааны бүрэн бүтэн байдлыг ханган ГТХАБ, тоон болон чанарын үзүүлэлтийг биелүүлэн, өртөөний сэлгээний ажлыг оновчтой зохион байгуулж ажилласнаар дахин ажиллагаатай вагоны сул зогсолт, орон нутгийн вагоны сул зогсолтыг багасгаж зардал хэмнэжээ.

 

МАШИНЧ

 

Сайншанд Татах хэсгийн машинч Борхүүгийн Түвшинбат нь 2025 онд 2.000.77 цаг ажиллан, 99.091.565 сая тонн/км-ийн ажил хийж, 19.124 литр буюу 44.1 сая төгрөгийн дизелийн түлш хэмнэсэн байна. Мөн зорчигчийн галт тэргэнд 2085 минутын нөхөлт хийж, 78 удаа хүнд ачаа татаж, 365012 төгрөгийн ашигтай ажилласан, техник аяллыг 91.87 хувьд, техникийн хурдыг 101.44 хувьд тус тус хүргэн ГТХАБ, тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж ажиллажээ.

 

ТУСЛАХ МАШИНЧ

 

            Дархан Татах хэсгийн туслах машинч Төртогтохын Баттөр нь сүүлийн таван жилд 336.807.959 бохир тонн/км-ийн ажил гүйцэтгэж, 8587 цаг ажиллаж, 173296 км гүйлттэй, А/738-ийг 68 хувьд хүргэсэн байна.  Мөн техникийн хурдыг 111 хувьд хүргэж, туузны болон жолоодлогын дутагдалгүй ажиллажээ.  2025 онд ГТХАБ-ыг хангаж ажлын үзүүлэлтээрээ тэргүүлэн 21.686 литр дизелийн түлш хэмнэснээр УБТЗ-д 69.220.440 төгрөгийн бодит хэмнэлт гаргаж, ашиг орлогыг нэмэгдүүлсэн байна.

 

            ЗҮТГҮҮРИЙН ЗАСВАРЧИН

 

            Улаанбаатар Татах хэсгийн техник үзлэгийн цехийн ахлах  засварчин Аюурын Түмэнцогт нь 2025 онд давхардсан тоогоор 2052 илчит тэргэнд ТО-2 үзлэг засвар хийж, 68 хүнд гэмтэл илрүүлэн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. А.Түмэнцогт нь байнга шинийг эрэлхийлж, сурч мэдсэн болон  өөрийн ажлын арга туршлагаа бусдад харамгүй заан хуваалцдаг тэргүүний залуу ажилчдын нэг юм. 2025 онд дутагдал, гологдол, графикийн тасалдалгүй, хөдөлмөр хамгаалал сахилгын зөрчилгүй, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан.

 

ВАГОН ҮЗГэЧ-ЗАСВАРЧИН

 

Сүхбаатар ТҮГ-ын шурган үзэгч, засварчин Алтанхундагын Ганхуяг нь 2025 онд 1125 галт тэрэг хүлээн авч, 1153 галт тэрэг явуулж, 107455 вагон үзжээ. Мөн цоож баригчийн нэг, төвлөрүүлэгч хавтангийн гурав, авто угсрааны өлгүүр хуруу тасарсан, гүүшин битүүмж алдагдсан хоёр, шингээх аппаратын дөрөв, ноён нуруу цавтсан хоёр, өсгий хадаас дайрсан цав нэг, триангелийн хөвч тасарсан нэг гэмтлийг илрүүлэн ГТХАБ-ыг хангаж ажиллажээ. Удирдлагын тушаал, заавар, цахилгаантай цаг тухайд нь танилцан хэрэгжүүлж, сахилга хариуцлагыг чанд ухамсарлан гологдол, дутагдал, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажилладаг, шинэ залуу вагон үзэгч нарыг сургахад идэвхтэй оролцдог тэргүүний вагон үзэгч юм. 

 

 

ХОС ДУГУЙН ЗАСВАРЧИН

 

Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хос дугуйн засварчин Тунгалагийн Анхбаяр нь хос дугуй угсрах цехийн үйл ажиллагааг жигдрүүлж, найман төрлийн ШБАЗ, дөрвөн төрлийн технологийн хэмжилтийн загварыг үйлдвэрт нэвтрүүлж, өндөр өртөг бүхий тоног төхөөрөмж, сэлбэгийг гэмтээх, үргүй зардал гаргахаас урьдчилсан сэргийлж ажиллан ачааны вагоны 3337 хос дугуйг угсарч тээвэрт хүлээлгэж өгсөн байна. 2025 онд ачааны вагоны 548, зүтгүүрийн 35, зорчигчийн вагоны 100 хос дугуйг тус тус амжилттай угсарч, төмөр замын тээвэрт хүлээлгэн өгчээ. 

 

ВАГОНЫ ҮЙЛЧЛЭГЧ

 

Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Баатарын Даваахүү 2025 онд нийт 6800 зорчигчийн тав тухтай аялах орчин нөхцөлийг бүрдүүлж, санал хүсэлтийн дэвтэрт 2000 гаруй зорчигчийн талархлыг хүлээж, тасалбараар 11400 цай сахар, мөнгөн дүнгээр 938000 төгрөгийн борлуулалт хийжээ. Өдөр тутмын төлөвлөгөө гарган галт тэрэгний даргаар батлуулан мөрдсөнөөр УБТЗ-д хэрэгжиж буй багц дүрмүүд болон бусад дүрэм зааврыг ягштал биелүүлж ажилласан байна.

 

ЗАМЫН МАСТЕР

 

Замын III ангийн XI хэсгийн мастер Бямбаагийн Насанжаргал нь 2025 онд замын зарим хэсэгт шинээр тор татаж, 762-785 дугаар км-т хугарч муудсан шонг шинээр сольжээ.  764 , 772 дугаар км-ийн гүүр, 765 дугаар км-ийн гармын шанаанд шинэ болон ногоон тор татах ажлыг зохион байгуулсан байна. А/828 тоот тушаалын дагуу торон хашааны эрсдэлийн үнэлгээ хийж, 27 заалттай төлөвлөгөө гарган биелэлтийг бүрэн хангаж ажилласнаар эрсдэлийг 0.2 нэгжээр бууруулжээ. 764 дүгээр км-ийн X зуутын хонгилон гарц, 772 дугаар км-ийн хоёрдугаар зуутын гүүрийн дөрвөн шанаанд хоёр метр өндөр шон суулгаж, долоон эгнээ өргөст тор болон хормойгоор нь ногоон тор татсан байна.

 

БРИГАДЫН ДАРГА

 

Замын IV ангийн V хэсгийн бригадын дарга Мягмарын Батзориг нь замын техникийн байдал сайжруулах, ГТХАБ хангах зорилгоор Долоодын хөндий зөрлөгийн II, III замд 980 төмөр бетон дэр сольж, 940-966 дугаар км-ийн зуутын шонгийн өнгө үзэмжийг стандартын дагуу сэргээжээ. Долоодын хөндий зөрлөгт нийт 298.8 п.м сумын дүнз сольж, өөрийн хариуцсан хэсгийн км-үүдэд зам төмрийн шамралт авах ажлыг тогтмол үе шаттайгаар гүйцэтгэснээр 17.1 зургийн гэмтэл гаргахгүй ажиллаж байна. Ажлын технологи мөрдөж, хорио хамгаалалт тавьж, галт тэрэг өнгөрүүлэх журам мөрдөж, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хэрэглэж хэвшсэнээр 5S батламж авсан байна. 2025 онд хоёр ажлын байранд 1S, 2S гэрчилгээ шинээр авчээ.

 

ЗАМЧИН

 

Замын II ангийн V хэсгийн II тасгийн ахлах замчин Доржийн Намхайнямбуу нь 2025 онд “Ажлын байрны 5S хөтөлбөр”-ийн хүрээнд техникийн буландаа I, II тасгийн замчид зааварчилгаа авах, сургалт орох нөхцөл бололцоог нэмэгдүүлэн засвар хийжээ. Замын ажлын технологийн картуудыг шинэчлэн хэвлэж, кабинетын хана, таазыг сольсноор 2S гэрчилгээ авсан байна. Мөн замын техникийн паспортын үзлэгийн мөрөөр хийх ажлыг бүрэн биелүүлж, амьдрах орчныхоо гадаад үзэмжийг сайжруулах ажлыг жил бүр хийдэг ажээ.

 

ТОР ЗАСАГЧ

 

Замын I ангийн VII хэсгийн тор засагч Төмөрхүүгийн Гансүх нь 2025 онд 700 метрт шинээр, 350 метрт хуучин тор татаж засварлажээ. Мөн босоо хэрэлт 1050 метр газар хийж, хориг хашааны 80 шон сольсон байна. Төмөр замын ойролцоо амьдардаг мал бүхий иргэдэд Төмөр замын тээврийн тухай хуулиас тогтмол танилцуулж, торон хашаанд мал орж галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулснаас ямар их хор хохирол гарах талаар сэрэмжлүүлэх ажлыг төмөр замын цагдаа, замын мастертай хамтран сар бүр хийж байна. 2025 онд давхардсан тоогоор 110 айлд шаардах хуудас тараажээ.

 

ХОЛБООНЫ МЕХАНИКЧ

 

Дохиолол холбооны I ангийн шугамын механикч Нямжавын Баасандорж нь ажил үүргээ үр дүнтэй, хариуцлагатай гүйцэтгэж, ГТХАБ-ыг хангахад бодитой хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Бэлэндалай зөрлөгийн Н, Ч оруулах дохионы релейн шкаф хурааж ажилд оролцсон. Ингэснээр найдвартай ажиллагаа дээшилж, техникийн үйлчилгээ багассан. Мөн релейн шкафт батерейгүй болсноор санхүүгийн зардал багассан. Зүүнхараа өртөөний зам төмөр хэлхээний 300 метр кабель нөөц судасгүй байсныг хэсэгчлэн сольж, 9-49сп тэжээлийн кабель залгаатай байсныг  ахиулан холбож гарч болзошгүй эрсдэлийг бууруулсан. Зүүнхараа ПВ-60 тэжээлийн зогсоогуурын кабелиуд кабель дарагчид холгогдсон байсныг илрүүлэн даруулга төмөр сольж, ГТХАБ болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

 

ДЭД СТАНЦЫН АШИГЛАЛТЫН МАСТЕР

 

Эрчим хүч, ус хангамжийн II ангийн Aйраг ЦШС-ний хэсгийн мастер Ганбаатарын Буянбаатар нь хариуцсан хэсгийнхээ шугам сүлжээ, тоног төхөөрөмжид тогтмол хяналт тавьж, үзлэг засварыг чанартай гүйцэтгэж, 2025 онд ГТХАБ-ыг хангах болон эрсдэлийн үнэлгээний төлөвлөгөөт ажлуудыг бүрэн биелүүлжээ. Мөн Айраг өртөөний хэсэглэлд 29 ширхэг осрам лампыг 150В лед гэрлээр, Айраг-2 гаргалгааны модон анкерийг төмөр бетонон тулгуураар сольсон байна. Холбоо реле шкафын модон тулгуурыг буулгаж ОМП үндсэн тулгуурт шилжүүлсэн гэхчлэн олон ажлыг гүйцэтгэжээ. Айраг ЦШС-ний эрчим хүчний борлуулалт 2025 онд 103 хувь, орлого нь 111, ус борлуулалт 106, орлого нь 103 хувиар тус тус биелэхэд өндөр үүрэг гүйцэтгэсэн байна.

 

БАГШ

 

ТЗИС-ийн багш Юрагийн Сарантуяа нь 2024-2025 оны хичээлийн жилд 439 оюутанд 29.85 багц цагийн зургаан төрлийн мэргэжлийн хичээл заажээ. Тээвэр зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийг дөрөв дэх жилдээ удирдаж, 2025 онд Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй, Вагон, вагоны аж ахуй хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, таван жилээр магадлан итгэмжлүүлсэн байна. Менежмент хөтөлбөр “Тээврийн удирдлага зохион байгуулалт нэртэй, 104105 кодтой” болсонтой холбогдуулан өөрийн үнэлгээний тайлангийн I, IV бүлгийг шинэчилж, магадланд амжилттай шалгуулжээ. Гаалийн менежмент, Нягтлан бодох бүртгэл, Нийлүүлэлтийн хэлхээний менежмент, Тээвэр дэх логистик менежмент, Бизнесийн статистик хичээлийн хөтөлбөрийг шинээр боловсруулсан байна.

 

ЭМЧ

 

Төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, их эмч Шагдарсүрэнгийн Хоролсүрэн нь тасгийн үйл ажиллагааг зөв удирдан зохион байгуулж, нийт 1112 хүн хэвтэн эмчлүүлж, ЭМД-ын сангаас 552 сая төгрөгийн санхүүжилт оруулжээ. Мөн хамтын төлбөрөөс 48.8 сая, төлбөртэй тусламж үйлчилгээг 149 хүнд үзүүлж 65.3 сая, нийт 666 сая 161 мянган төгрөгийн орлого оруулсан байна. Сүүлийн жилүүдэд Мэдрэлийн тасгийн эрхлэгч, ҮЭ-ийн хорооны эмэгтэйчүүдийн хэсгийн ахлагчаар ажиллах хугацаандаа ҮЭ-ийн гишүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, идэвхийг өрнүүлэхэд санаачлагатай ажиллажээ.

 

ЭКСКАВАТОРЧИН

 

Чулуун заводын экскаваторчин Цэндийн Баярсайхан нь уулын чулуу 65219 ам.метр ачилт хийснээр нийт үйлдвэрлэлийн 45 хувийг дангаараа ачсан байна. Замын IV хэсэглэлд 8750 ам.метр ус зайлуулах суваг шуудуу татаж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна. Өөрийн эзэмшсэн техникт их засварыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ. Техникийн үйлчилгээ өдөр тутмын арчилгаа тосолгоог тогтмол хийж, 2019 оноос хойш “LOVOL480” эксковаторт эвдрэл гэмтэл гаргалгүй ажиллаж байна.

 

МЕХАНИКЧ

 

ЗЗМС-ын Хоппер думпкарын вагоны цехийн механикч Ишжамцын Пүрэвжаргал нь УБТЗ-д 31 жил ажиллахдаа зам шинэчлэлтийн их, дунд засвар, өртөө зөрлөгийн зам сунгалтын олон ажилд оролцсон байна. Тухайлбал, МТЗ ТӨХК-ийн Хандгайт-Төмөртэй өртөө хүртэлх шинэ зам, Сайншанд өртөөнөөс Монголын газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх шинэ замын төсөлд оролцож байв. Мөн Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги хоорондын шинэ замын том бүтээн байгуулалтад амжилттай оролцсон тэргүүний ажилтнуудын нэг билээ.

 

САНТЕХНИКИЙН МАСТЕР

 

            БЗАҮ-ний ангийн ус дулаан дамжуулах төвийн сантехникийн мастер Жамсрангийн Лхагважав нь  УБТЗ-д 33 жил ажиллаж байна. 2025 онд Баянбуурал амралтын халаалтын шугамын их барилгын 375 сая төгрөгийн төсөвт ажлыг хугацаанд нь шуурхай хийж, 369 сая төгрөгийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгжээ. Урсгал засварын төлөвлөгөөг 100 хувь биелүүлж, төлбөрт үйлчилгээгээр 6.178 мянган төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Тус ангийн Амгалан дахь хэсгийн усны алдагдлыг 40-45 хувиар бууруулж ажилласан нь өмнөх онтой харьцуулахад 29.75 шоо метр буюу 45.554.300 төгрөгийн зардал хэмнэж, 2025 оны байгууллагын эдийн засгийн үзүүлэлтэд их хувь нэмэр оруулсан байна.

 

ТОГООЧ

 

            Кейтеринг Зочлох үйлчилгээний “Жинчин” төвийн ахлах тогооч Пүрэвийн Наранцэцэг нь орлогын төлөвлөгөөг сар бүр 100-аас дээш хувиар биелүүлэн ажиллажээ. “Дорнын говь” аялал жуулчлалын баазад зохион байгуулсан 200 хүний хүлээн авалт, Сайншанд, Замын-Үүд зангилаадад зохион байгуулсан гурван үеийн уулзалтад 100-120 хүний кофе брейк үйлчилгээг хариуцаж ажилласан байна.  Мөн ЗЗМС-ын урд хэсэглэлийн зам засварын ажилд томилогдон 250-300 төмөр замчинд амт чанартай халуун хоол, цайгаар үйлчилж, замчдын талархлыг хүлээжээ. 2025 онд 816.5 сая төгрөгийн борлуулалт хийж, төлөвлөгөөг 147 хувиар биелүүлжээ.

 

ПАРКИЙН ХАРУУЛ

 

            Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул Гомбын Дагдан нь 2025 онд паркийн зам дээрх 9561 вагоны эд ангид тогтмол хяналт тавьж ажилласан. Үүнээс нийт 8995 харуул хамгаалалттай вагон, 11506 ачааг огт зөрчилгүй хамгаалжээ. Замын даргын тушаал, цахилгааны дагуу “Аюултай бүс”-ийн дэглэм сахиулах хүрээнд Цагаан сар, Эх үрсийн баяр, Улсын баяр наадам, Төмөр замчдын баяр, сурагчдын амралт, хичээлийн шинэ жилийн нээлт, гармын өдөрлөгүүдэд тогтмол ажиллан, аюултай бүсийн талаар ард иргэдэд ухуулан таниулж, хууль, дүрэм, журмыг сахиулан ажилласан байна. Зөрчил гаргасан 250 гаруй хүнд ухуулга хийж, 2500 санамж хуудсыг тарааж, Улаанбаатар-1 өртөөний зам паркад аюултай бүсийн дэглэмийг бүрэн сахиулж ажиллажээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.