Шинэ жилийн босгон дээр УБТЗ-ын хамт олон Замын - Үүд 2 – Шаргын – Овоо хоорондын 14.2 км хоёр дахь замыг барьж дуусгалаа. Тус замын нээлтэд Замын Ерөнхий инженер С.П.Старцев, Их барилга хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнай тэргүүтэй удирдлагууд, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа нарын албаны хүмүүс, Д.Батбаатар даргатай ЗЗМС-ын хамт оролцоо.

Тус замыг ашиглалтад оруулснаар Замын-Үүд 2 - Шаргын -  Овоо хоорондын замын нэвтрүүлэх чадвар хоногт 25 галт тэрэгнээс 48 хос галт тэрэг болж, нэмэгдэх юм. Мөн Замын тээх хүчин чадал жилийн 16.7 сая тонноос 21.9 сая тонн болж өснө. Замын-Үүд – Эрээн өртөө хооронд өргөн царигаар хоногт 16-20 хос галт тэрэг солилцох боломж бүрдэнэ. Түүнчлэн, эдгээр өртөө, зөрлөг хооронд галт тэрэг ирэхийг хүлээхгүйгээр галт тэрэг явуулах боломжтой болж, Номт, Улаан-Уул зөрлөгүүдээс галт тэргийг татан авах нөхцөл бүрдэж байна. Замын-Үүд 2 – Шаргын-Овоо хоорондын замыг хос болгосноор Замын-Үүд-Сайншандын хэсэглэлийг хос замтай болгох ажлын эхлэл болж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Улсынхаа эдийн засагт чухал үүрэгтэй Замын-Үүд боомтын ачаа тээврийн эргэлтийг хурдасгахад түлхэц болох хос замын ажлыг амжилттай дуусгасан тухайд ЗЗМС-ын дарга Д.Батбаатар “Манай хамт олон өнгөрөгч арванхоёрдугаар сарын 2-нд эхний цонхоо хийсэн бол өнөөдрийн сүүлийн цонхондоо 2 км 650 метр замыг амжилттай тавилаа. Энэ хугацаанд Шаргын-Овоо өртөөний хэсэг дээр холбох зам тавих, үндсэн үе тавих, тавьсан замаа балласжуулах, өргөх, чигжих гээд ажлуудыг дүн өвлийн хүйтэнд амжилттай гүйцэтгэлээ. Энэ бол нэг баг болж ажилласан бүх хүний хичээл зүтгэлийн үр дүн юм” гэв.