33.5 сая тонн ачаа тээвэрлэв
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд өгөгдсөн тээврийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 33.5 сая тонн ачаа тээвэрлэсэн амжилтаар 2025 оноо үдэж байна.
Оны төлөвлөгөөт зорилтоо биелүүлэхийн тулд төмөр замчид тээвэр зохион байгуулалтыг оновчтой хийж, хэсгийн хурдыг 0.8 км/цагаар нэмэгдүүлж 38.3 км/цагт, техникийн хурдыг 0.4 км/цагаар нэмэгдүүлж 48.4 км/цагт, галт тэрэгний дундаж жинг 70 тонноор ахиулж, 3237 тоннд хүргэжээ.
Түүнчлэн, 2024 онтой харьцуулахад хилийн гарцуудын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, Наушки өртөөнөөс хоногт дунджаар 7.58 галт тэрэг авч, 0.06 галт тэргээр, 8.03 галт тэрэг өгч, 0.65 галт тэргээр тус тус өсгөжээ. Мөн Замын-Үүдийн нарийн царигаар Эрээн өртөөнөөс хоногт дунджаар 7.5 галт тэрэг авч, 0.3 галт тэргээр, харин өргөн царигаар хоногт 15.9 галт тэрэг өгч, 0.6 галт тэргээр тус тус нэмэгдүүлжээ.
Үүнээс гадна 6000 тонн бүхий хүнд жинтэй 1796, урт бүрэлдэхүүнтэй 894 чингэлгийн галт тэрэг аялуулжээ.
Анх удаа 10101 тонн жинтэй галт тэрэг аялуулав
УБТЗ ХНН-ийн гол замын тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр 11 дүгээр сарын 12-нд Мааньт өртөөнөөс Айраг өртөө хүртэл 108 вагон бүхий 10101 тонн жинтэй нэгтгэсэн галт тэргийг амжилттай зохион байгуулав.
Энэхүү галт тэргийг найруулахдаа түүчээ зүтгүүрээр 2ТЭ25Км-734, цувааны голд 54 дэх вагоны ард 2ТЭ116УМ-015 илчит тэргийг холбож аялуулсан байна. Уг галт тэрэг Мааньт өртөөнөөс тухайн өдрийн 11.42 минутад хөдөлж, Чойр өртөөнд зүтгүүрийн бригад сольж, аяллаа үргэлжлүүлэн Айраг өртөөнд 16.23 минутад хүрсэн юм.
Цаашид энэ жишгээр 10000-аас дээш жинтэй галт тэрэг тогтмол аялуулбал, хоногт аялдаг галт тэрэгний тоог нэмэгдүүлж, ачаа тээврийн үр ашгийг өсгөх боломж бүрдэх юм.
ТОП-100 Аж ахуйн нэгжийн 4-т шалгарлаа
Монгол Улсын 2024 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад УБТЗ ХНН төрийн өмчит ТОП аж ахуйн нэгжүүдийн дөрөвдүгээрт жагслаа. Улсын нийт ачаа эргэлтийн 70 гаруй хувийг, төмөр замын тээврийн 90 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж, улс орныхоо нийгэм эдийн засагт жинтэй хувь нэмрээ оруулж буйн баталгаа энэ шагнал байлаа.
УБТЗ ХНН жил бүр ачаа тээврийн дээд амжилтаа ахиулж, сүүлийн найман жил дараалан ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад дээгүүрт эрэмбэлэгдэж байна.
Төмөр замчин бүсгүйчүүдэд том бэлэг барив
УБТЗ ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр замчин бүсгүйчүүддээ зориулан 1.5 тэрбум төгрөгөөр “Balance health wellness center”-ийг байгууллаа. Уг төвийг хамгийн сүүлийн үеийн сэргээн засах, гоо засал, бялдаржуулах тоног төхөөрөмжөөр тоноглож, нарийн мэргэжлийн 12 ажилтантай баг бүрдүүлэн Хүүхдийн баярын өмнө үүдийг нь нээж, Алдарт эхийн одонтой төмөр замчин бүсгүйчүүдэд үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулсан билээ.
Энэхүү төвөөр УБТЗ-ын эмэгтэй ажилтнууд болон тэдгээрийн гэр бүл, иргэдэд нээлттэйгээр үйлчлүүлэх боломжтой юм. Үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйн тэнцвэрийг хадгалах цогц үйлчилгээ олны талархлыг хүлээж байлаа.
“Ган зам” цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад оруулав
УБТЗ ХНН 2025 онд 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Ган зам” цэцэрлэгийн шинэ барилгын ажлыг 2024 оны намар хийж, 2025 оны гуравдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл барьж ашиглалтад орууллаа.
Уг барилга нь 5.8 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй, металл хавтан фасадтай мөн зоорийн давхартаа хүүхэд чийрэгжүүлэх усан бассейнтайгаараа онцлог юм.
Замын захиргаанаас 200 хүүхдийн сурч хөгжих орчныг сургуулийн өмнөх боловсролын MNS 6558 стандартад нийцүүлэн, сургалтын орчныг бүрдүүлж, тоглоом наадгай, тоног төхөөрөмжийг иж бүрнээр хийгээд байна.
Суурь бүтцийн засвар шинэчлэл
Манай замчид Олон-Овоо-Цомог-Айраг хоорондын замд болон Багахангай өртөөний гол замд нийлээд 34.6 км зам шинэчлэлтийн засварын ажлыг гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ Баруунхараа-Бэрх хоорондын 207 дугаар км, Салхит-Эрдэнэт хоорондын 60 ба 62 дугаар км, Оорцог-Энгэр-Лүн хоорондын 618 дугаар км, Сайншанд-41 дүгээр зөрлөг хоорондын 911 дүгээр км-т тус тус төмөр бетон хоолой шинээр барилаа. Ингэснээр гол замын тээх нэвтрүүлэх чадварыг сайжруулсны зэрэгцээ үерийн уснаас сэргийлэх чадварыг нэмэгдүүлэв.
Мөн ГТХАБ-ыг найдвартай хангах үүднээс Орхон зөрлөгийн 73 дугаар км, Мандал өртөөний 313 дугаар км, Өргөн өртөөний 937 дугаар км дэх гармуудыг автомат ажиллагаатай хаалт /ПАШ/-аар тоноглож, 24 цагийн жижүүрийн зохицуулалттай болгов.
Цахилгаан машины цех барив
Илчит тэрэгний бүх төрлийн цахилгаан машинуудын засварыг Монголдоо хийдэг болох зорилгоор Улаанбаатар татах хэсэгт Цахилгаан машины цехийг шинээр барив. Тус цехийн 60Х24 метр хэмжээтэй барилгын барьж дууслаа.
Мөн 2.6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах ажлыг гүйцэтгэж байна. Тоног төхөөрөмжийн суурилуулалтыг бүрэн хийж, цехийн үйл ажиллагааг эхлүүлж, ирэх оны эхний хагас жилд жигдрүүлэхээр төлөвлөж байна.
Шинэ цех ашиглалтад орсоноор жилд 544 ширхэг цахилгаан машиныг засварлах урьдчилсан тооцоо судалгаа гарчээ. Эхний ээлжинд 14 ажлын байр шинээр бий болж, ирэх онд татах цахилгаан 24 хөдөлгүүрийг засварлахаар төлөвлөсөн байна. Энэ цех бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд гадаадад их засвар хийлгэхэд зарцуулдаг 6-8 тэрбум төгрөг дотоодод үлдэхийн зэрэгцээ цаг хугацааг хэмнэж, техник эдийн засгийн ихээхэн үр ашиг гарах юм.
Чулуун завод шинэ бутлах шугам ашиглалтад оруулав
Тус завод бутлуурын шугамыг шинээр суурилуулж, төмөр замчдын баярын өмнөхөн ашиглалтад орууллаа.
Нийтдээ 980 сая төгрөгөөр худалдан авсан шинэ шугамыг ашиглалтад оруулснаар жилдээ 250 мянган шоо метр уулын цул боловсруулах бөгөөд үүний 70 хувь нь гол нэрийн бүтээгдэхүүн буюу 20-60 мм-ийн замын чигжээс чулуу /шипэн/, үлдсэн 30 хувь нь 10-20 мм-ийн хайрга, 5-10 мм-ийн дайрга, 0-05 мм-ийн шороо байх юм. Өмнө нь ашиглаж байсан Олон-Овоо-1 орд дахь бутлах шугам нь суурьшлын бүсэд ойрхон байсан учраас бохирдол үүсгэж, тоосжилт их байсан бол үйлдвэрлэл Олон-Овоо-2 ордын ашиглалтын талбайд ийнхүү шилжсэнээр иргэдийн ая тухтай амьдрахад эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ тээврийн зардлыг эрс бууруулж байна.
Шинэ бутлах шугамыг ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн олборлох үйл ажиллагаа 40-50 жилээр уртасч, зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтад төдийгүй авто зам, барилгын салбарын бүтээн байгууллалтад чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүллээ.
Зүүнхараа зангилааны 40 өрх шинэ байранд орлоо
УБТЗ ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсний нэг нь орон сууцны хөтөлбөр. 2024 онд ипотекийн зээлээр Зүүнхараа зангилааны 40 өрхийг шинэ байранд оруулсан бол энэ оны хавар мөн дахин 40 айлд шинэ байрны түлхүүр гардууллаа.
Ийнхүү тус зангилааны 80 айлыг ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлөөр, тохилог, тухтай, хямд үнэтэй орон сууцтай болгохын тулд УБТЗ-аас 1.3 тэрбум төгрөгөөр гадна дэд бүтцийг хийж өгснөөр, төмөр замчид зах зээлээс хямд өртөгтэй орон сууцтай болсон юм. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд Багахангай зангилаанд 40, Сайншандад 180, Замын-Үүдэд 108 айлын ипотекийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна.
“ТӨМӨР ЗАМ БА ЗАЛУУЧУУД III” форумыг зохион байгуулав
Олон орны төмөр замчин залуусыг нэгэн дээвэр доор чуулуулсан “Төмөр зам ба залуучууд III” форумыг УБТЗ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.
Тус форум нь УБТЗ-ын ирээдүй болсон залуу төмөр замчдыг хөгжүүлэх, Олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тэргүүн туршлагыг судлах, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх, мэргэжил нэгт залуусын хил дамнасан нөхөрлөлийг бататгах зорилготой байлаа. Форумд дотоодоос УБТЗ ХНН-ийн төлөөлөгч залуусаас гадна Зам тээврийн яам, Зам тээврийн салбарын залуучуудын зөвлөл, Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэт” ТӨҮГ-ын Залуучуудын холбоо, “Бодь интернейшнл” ХХК, “Монголиан Транслайн” ХХК, “Монголиан Транс ложистик” ХХК, “МРТ карго” ХХК, “Инкон” ХХК-ний залуус оролцов. Оросын төмөр замууд НХН, Дорнод Сибирийн төмөр зам, Беларусийн төмөр зам, Өмнөд Солонгосын Корайл корпораци, Оросын тээврийн их сургууль, Бугатын төмөр замын мэргэжил, технологийн их сургууль, ХБНГУ-ын Сансар судлал, төмөр замын хүрээлэнгийн төлөөлөл зэрэг нийт 130 хүн хүрэлцэн ирж оролцсон юм.
Ташрамд дурдахад, УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага тус форумыг 2018 онд анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулсан юм.
