Нүүр УБТЗ ХНН УБТЗ ХНН-ЭЭС ХОЁР ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ
УБТЗ ХНН

УБТЗ ХНН-ЭЭС ХОЁР ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ

G.Press 16 цагийн өмнө 50 үзэлт 0 сэтгэгдэл

1949 оны зургадугаар сарын 6-нд БНМАУ болон ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан Улаанбаатар төмөр замын 77 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УБТЗ-ын удирдлагууд болон төмөр замчдын төлөөлөл болох 1300 төмөр замын ажилтнуудтай өнгөрсөн Баасан гарагт уулзалт хийлээ.  

Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ч.Лодойсамбуу, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай тэргүүтэй зочид төлөөлөгчид болон нийгэмлэгийн үе үеийн төлөөлөл, ажилтан, албан хаагч, төмөр замчид оролцлоо.

Ерөнхийлөгч, "Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч болсон "Хөдөлмөрийн баатар" УБТЗ ХНН-ийн хамт олонд түүхт 77 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, Ази, Европыг холбосон олон улсын тээвэр логистикийн сүлжээнд онцгой хувь нэмрээ оруулж, Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдасгуур болж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд зүтгэж яваа төмөр замчид та бүхэнтэй Төрийн тэргүүний хувиар уулзаж байгаадаа баяртай байна" хэмээн онцолсон юм.

Мөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Нэг талд нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, нөгөө талд дэлхийн томоохон экспортлогч улсуудыг холбон оршиж байгаагийн хувьд бид газар зүйн байршлын давуу талаа ашиглан транзит улс болон хөгжих боломж байна. Төмөр замын хөгжилд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оруулсан тус үлэмж их юм.  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол хүний хүч хөдөлмөр, үндэсний инженер техникийн чадавх, дотоодын нөөц боломжид тулгуурлан Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт зэрэг стратегийн төмөр замуудыг ашиглалтад оруулсан нь Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсон. Үүний үр дүнд Монгол Улсын төмөр замын нийт сүлжээ 1115 км-ээс 2821 км болж, даруй 1.5 дахин өргөжин тэлээд байна. Энэ нь шинэ коридор, шинэ боломж, шинэ хөгжлийн гарцыг нээсэн төрийн бодлогын залгамж чанар, алсын хараатай шийдвэрийн бодит үр дүнг илэрхийлж байна" хэмээн дүгнэсэн юм.

Энэ үеэр УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн хэлсэн үгэндээ "УБТЗ сүүлийн гурван жил дараалан ачаа тээврийн шинэ, түүхэн дээд амжилтуудыг тогтоож, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ өсгөсөөр байна. 2025 онд 33.7 сая тонн ачаа тээвэрлэж шинэ дээд түүхэн амжилт тогтоосон бол 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 11.9 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 739.9 мянган тонноор илүү байна. Ачаа тээврийн түүхэн дээд амжилтуудыг тогтоосноор УБТЗ-ын орлого жил бүр нэмэгдэж байна. 2024 онд 1.4 их наяд төгрөгийн орлого олсон нь өмнөх оноосоо 6.7 хувиар, 2025 онд 1.6 их наяд төгрөгийн орлого олсон нь өмнөх оноосоо 13.8 хувиар тус тус өсөж, түүхэн дээд амжилтууд тогтоолоо.  УБТЗ-ын хамт олон цаашдаа ч төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, улс орныхоо нийгэм, эдийн засагт улам их хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно" гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тулгар төр байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн УБТЗ ХНН-ийн дарга  Х.Хэрлэн болон Вагоны аж ахуйн албаны байцаагч А.Пүрэвбаатар нарыг Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор шагналаа.  

Мөн улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа.

Тухайлбал, АБТЭМА-ийн ачаа вагон хүлээлцэгч Ж.Аргалант, УБТЗ-ын Ахмадын холбооны дэд дарга М.Ганбат тэргүүтэй таван хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Политехник коллежийн багш Б.Энхтайван, Улаанбаатар ТҮГ-ын ахлах үзэгч Б.Нэмэхбаяр тэргүүтэй найман хүнийг “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Чулуун заводын токарьчин, гагнуурчин Б.Дэлгэрсайхан, Төв эмнэлгийн бага эмч Х. Алтанцэцэг, Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер Ц.Золбаатар нарын таван хүнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнаж урамшуулсныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулан баяр хүргэлээ.

Уулзалтын төгсгөлд “Хурд” хамтлаг төмөр замчдад ая дуугаа өргөн мэндчилж, хуралд оролцсон төмөр замчид дурсгалын зураг татуулснаар баярын хурлын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.