Нүүр Нийгэм УБТЗ ХНН болон МТЗ-чдйн ҮЭХ-ны 2026-2027 оны хамтын гэрээ
Нийгэм

УБТЗ ХНН болон МТЗ-чдйн ҮЭХ-ны 2026-2027 оны хамтын гэрээ

G.Press 5 сарын өмнө 806 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГ “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” БОЛОН

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ

 2026-2027 ОНЫ ХАМТЫН ГЭРЭЭ

 

2025.12.30

ХАМТЫН ГЭРЭЭ

  1. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл нэр томьёо

  2. Хоёрдугаар бүлэг. Цалин хөлс, олговрын талаар

  3. Гуравдугаар Бүлэг.Хөдөлмөр эрхлэлт, сургалтын талаар

  4. Дөрөвдүгээр бүлэг. Ажил, амралтын цагийн талаар

  5. Тавдугаар бүлэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах талаар

  6. Зургаадугаар бүлэг. Нийгэм, ахуйн хөнгөлөлт болон ажлын байрны баталгаа нийгмийн хамгаалал

  7. Долдугаар бүлэг. ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар

  8. Наймдугаар бүлэг. ҮЭХ-ны хүлээх үүрэг

  9. Есдүгээр бүлэг. Нийгмийн түншлэлийн талаар

  10. Аравдугаар бүлэг. Хамтын гэрээг хэрэгжүүлэх талаар

  11. Арван нэгдүгээр бүлэг. Хамтын гэрээний хугацаа, биелэлтэд тавих хяналт, хариуцлагын талаар

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ НЭР ТОМЬЁО

 

    1. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулийн тулгуур зарчим, захиргааны хэм хэмжээний актуудыг тус тус үндэслэн ажил олгогчийг төлөөлж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” (цаашид “УБТЗ” гэх)-ын даргын томилсон төлөөлөгчид, нөгөө талаас “УБТЗ”-ын нийт ажилтныг төлөөлж Монголын төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (цаашид “ҮЭХ” гэх)-ны Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор сонгогдсон төлөөлөгчид (цаашид хамтад нь “Талууд” гэх) харилцан тохиролцож  энэхүү Хамтын гэрээг байгуулав.

    2. Хамтын гэрээ нь нийт ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, түүнтэй холбогдох үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож, ажилтныг хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, тогтвор суурьшилтай хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичиг мөн.

    3. Хамтын гэрээний хугацаанд талууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (цаашид “ХАБЭА” гэх)-г ханган ажиллах, технологийн болон хөдөлмөрийн сахилга батыг сахих, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах замаар ажилтны ажиллах урам, идэвх санаачилгыг дэмжиж ажиллана.

    4. Хамтын гэрээний талууд нь харилцан ойлголцож, бие биеэ хүндэтгэн, дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр, хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэх, эрх тэгш байх зарчмуудыг баримтална.

    5. “УБТЗ”-ын эрхэм зорилго, үнэт зүйлст тусгагдсан ёс зүйн хариуцлагын хүрээнд үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажилтан төлөвшүүлэхэд ҮЭХ нь ажил олгогчтой хамтран ажиллаж, хамтын хяналтыг хэрэгжүүлнэ.

    6. Хамтын гэрээ нь оролцогч талын бүх төлөөлөгчид гарын үсэг зурж,  харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Хамтын гэрээг гурван хувь үйлдэж, талууд тус бүр нэг эх хувийг хадгална. Гурав дахь эх хувийг орон нутгийн захиргааны байгууллагад хадгалуулна.

    7. Энэхүү Хамтын гэрээнд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

      1. "Ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа “УБТЗ”-ын Замын дарга болон ажил олгогчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа түүний харьяа алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгжийг;

      2. "Ажилтан" гэж “УБТЗ”-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

      3. “ҮЭХ” гэж “УБТЗ”-ын бүтцийн нэгжүүдэд хамаарах МТЗ-чдын ҮЭ-ийн хороодын нэгдлийг;

      4. “Алба, салбар нэгж” гэж “УБТЗ”-ын харьяа ажил олгогчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгжийг;

      5. “Цалин хөлс” гэж үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллыг;

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЦАЛИН ХӨЛС, ОЛГОВРЫН ТАЛААР

    1. Үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ, үндсэн цалинг индексжүүлэх босго, хувь хэмжээ, давтамж, ажил олгогчоос ажилтанд олгох хөнгөлөлтийн хэмжээг талууд харилцан тохиролцож тогтооно.

    2. Хамтын гэрээний хугацаанд ажилтнуудын үндсэн цалингийн доод хэмжээ нь  Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тухайн үед тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.35 дахин нэмэгдүүлснээс багагүй байна.

    3. Ажилтнуудын цалин хөлсийг сард 2 удаа үндэсний мөнгөн тэмдэгтээр тогтоосон өдөр олгоно.

    4. Батлагдсан орон тоонд Замын дарга болон алба, салбар нэгжийн даргын тушаалаар үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ажилтанд тухайн албан тушаалын цалин хөлсийг олгоно.

    5. Олон улс, Улсын чанартай болон зам, албаны хэмжээний тэмцээн, уралдаанд замын удирдлагын шийдвэрээр оролцсон ажилтан, шилдэг тэргүүний ажилтнаар шалгарч аялалд хамрагдсан ажилтанд ажил олгогчийн шийдвэрээр дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно.

    6. Нийт ажилтанд ажлын үндсэн үзүүлэлт, түүний биелэлтийг харгалзан сар болон жилийн ажлын үр дүнгээр олгох шагналыг Замын даргын тушаалаар батлагдсан журмын дагуу олгоно.

      1. Алба, салбар нэгжийн удирдах ажилтанд олгох сарын ажлын үр дүнгээр олгох шагналын хувь хэмжээг дараа сарын 28-ны өдрийн дотор Замын шагналын ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж алба, салбар нэгжид хүргүүлнэ.

      2. Алба, салбар нэгжийн удирдах ажилтны  сарын ажлын үр дүнгээр олгох шагналын хувь хэмжээг бууруулан олгохоор шийдсэн тохиолдолд тухайн алба, салбар нэгжийн ажилтны сарын ажлын үр дүнгээр олгох шагналын хувь хэмжээг шууд дүйцүүлэн бууруулахыг хориглоно.

      3. Ажилтны сарын ажлын үр дүнгээр олгох шагналыг тухайн алба, салбар нэгжийн шагналын ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, дараа сарын 28-ны өдрийн дотор замын шагналын ажлын хэсгийн шийдвэр гарсан эсэхийг үл харгалзан олгоно.

      4. Ажилтны сарын ажлын үр дүнгээр олгох шагналыг олгохгүй, эсхүл шагналын хувь хэмжээг бууруулсан тухай шалтгааныг алба, салбар нэгжийн шагналын ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд тодорхой заана.

    7. “УБТЗ”-ын санхүүгийн чадвар, Монгол банкнаас зарласан инфляцын  түвшнийг харгалзан жил бүрийн гуравдугаар улиралд багтаан үндсэн цалинг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ. Сарын ажлын үр дүнгээр олгох шагналын хувь хэмжээг үндсэн цалин руу шилжүүлэх зэрэг замаар цалин хөлсний бүтцийг сайжруулах чиглэлээр ажиллана. 2027 онд үндсэн цалинг нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийнэ.

    8. “УБТЗ”-ын алба, салбар нэгжийн хэмжээнд хөдөлмөрийн норм, нормативыг баталж мөрдүүлэхдээ ҮЭХ-ны саналыг авч зөвшилцөнө.

    9. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд доорх нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгоно. Үүнд:

      1. "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын хөдөлмөрийн хортой болон халуун нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд 90,000 төгрөг, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд 76,000 төгрөгийн нэмэгдлийг тухайн сард ажилласан цагт олгоно.

      2. “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д нэр ороогүй боловч холбогдох эрх бүхий байгууллагын тогтоосноор хэвийн бус нөхцөлтэйгөөр тогтоогдсон ажлын байранд ажиллаж буй ажилтанд энэ гэрээний 2.9.1-д заасантай адил хэмжээний нэмэгдэл олгоно.

      3. Хүйтний нэмэгдлийг сар бүр холбогдох журамд заасны дагуу жинхэнэ ажилласан хугацаанд нь олгоно.

      4. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй 5-аас дээш ажилтантай хэсгийн болон завсрын өртөөний жижүүр, бригадын дарга (ахлах) нарт бригад удирдаж ажилласны нэмэгдэл 40,000-60,000  төгрөгийг тухайн сард ажилласан цагт нь олгоно.

      5. Алба, салбар нэгжид мэргэжлээрээ ажиллаж байгаа  шинжлэх ухааны докторт 70,000 төгрөг, боловсролын докторт 50,000 төгрөгийн нэмэгдлийг тухайн сард ажилласан цагт нь тооцож олгоно.

      6. Алба, салбар нэгжид ажиллаж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийг анх удаа 4 жилийн хугацаагаар авсан ажилтанд уг эрхийг эдлэхээр заасан хугацаанд нь сард 100,000 төгрөг, мэргэшсэн нягтлан бодогчийн ахисан түвшний шалгалтыг өгч хугацаагүй эрх авсан ажилтанд 200,000 төгрөгийн  нэмэгдлийг тухайн сард ажилласан цагт нь тооцож олгоно.

      7. Алба, салбар нэгжид мэргэжлээрээ ажиллаж байгаа зөвлөх инженерт 100,000 төгрөг, мэргэшсэн инженерт 60,000 төгрөгийн нэмэгдлийг тухайн сард ажилласан цагт нь тооцож олгоно.

      8. Мэргэжлээрээ ажиллаж байгаа мастер тогоочид 100,000 төгрөгийн нэмэгдлийг тухайн сард ажилласан цагт нь тооцож олгоно.

      9. Эмнэлгийн мэргэжилтэн ажилтанд дараах нэмэгдлийг олгоно. Үүнд:

        1. Зөвлөх зэрэгтэй их эмч, эм зүйч, сувилагчид 100,000 төгрөг, тэргүүлэх зэрэгтэй их эмч, эм зүйч, сувилагчид 50,000 төгрөг, тасгийн эрхлэгч, ахлах зэрэгтэй их эмч, эм зүйч, сувилагч нарт 40,000 төгрөгийн зэргийн нэмэгдлийг тухайн сард ажилласан цагт нь тооцож олгоно.

        2. Физик, дуран авиа, гемодиализ, эхо, бариа засал, арьс өнгө, эх барих, эмэгтэйчүүдийн кабинетын эмч, сувилагч нарт 40,000 төгрөгийн нэмэгдлийг тухайн сард ажилласан цагт нь тооцож олгоно.

      10. Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжлээрээ ажиллаж байгаа зөвлөх зэрэгтэй багш, эрхлэгч, арга зүйчид 100,000 төгрөг, тэргүүлэх зэрэгтэй багш, эрхлэгч, арга зүйчид 80,000 төгрөг, заах аргач  мэргэжлийн зэрэгтэй багшид 60,000 төгрөгийг тухайн сард ажилласан цагт тооцож олгоно.

      11. Шөнийн цагаар ажилласан ажилтанд шөнө ажилласан цаг тутамд ногдох дундаж цалин хөлсийг 1.2 дахин нэмэгдүүлж нэмэгдэл хөлс олгоно.

      12. Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг дараах байдлаар тооцож олгоно. Үүнд:

        1.  Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулна. Нөхөн амруулаагүй тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэн олгоно.

        2. Илүү цагаар болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулна. Нөхөн амруулаагүй тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн илүү ажиллуулсан цагт нь ногдох дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж, төлөвлөгөөт цалингийн сангийн хэмжээнд багтаан тухайн сард нь тооцож олгоно. Тухайн сард нь тооцон олгох боломжгүй тохиолдолд алба, салбар нэгжийн удирдах ажилтны зөвлөл, ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн хамтарсан хурлаар хэлэлцэн, улиралд нь багтаан олгохыг шийдвэрлэнэ.

        3. Ээлжийн зөвлөгөөн удирдсан, зааварчилгаа өгсөн, гэнэтийн эргүүл шалгалт,  хариуцлагатай жижүүр болон цонхны ажил хийсэн, галт тэрэг дагалдсан, хөдлөх бүрэлдэхүүн, тэргэнцэр, депо болон завод техникийн нэгдсэн байцаалтын засварт ажилласан зэрэг цаг үеийн байдалтай холбоотой дуудагдан илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласан ажилтнуудыг нөхөн амруулна. Нөхөн амруулаагүй тохиолдолд илүү ажилласан цагт нь ногдох дундаж цалин хөлсийг 1.5 дахин, нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулсан бол дундаж цалин хөлсийг 2 дахин тус тус нэмэгдүүлж, төлөвлөгөөт цалингийн сангийн хэмжээнд багтаан тухайн сард нь тооцож олгоно. Эдийн засаг, санхүү хариуцсан ажилтны нийтээр амрах баярын өдөр, долоо хоног амралтын өдөр болон илүү цагаар ажилласан цагийн нэмэгдэл хөлс олгох ажлыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна.

        4. Сахиулаар ажиллаж байгаа ажилтанд нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 2 дахин нэмэгдүүлж тухайн сард нь тооцож олгоно.

      13. Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн бямба, ням гараг давхардсан тохиолдолд нийтээр амрах баярын өдөрт тооцно.

      14. Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил хослон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт нь багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тохиолдолд тухайн хослон, хавсран гүйцэтгүүлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдэл хөлсийг олгоно.

        1. Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тохиолдолд тухайн түр орлон гүйцэтгүүлсэн албан тушаалын цалин хөлсийг олгоно.

        2. Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор өвчтэй, хувийн чөлөөтэй, албан томилолтоор ажилласан, сургалтад хамрагдсан зэрэг шалтгаанаар эзгүй байгаа ажилтны ажил үүргийг ажлын 5 өдрөөс дээш хугацаагаар хавсран буюу хослон гүйцэтгүүлсэн тохиолдолд ажлын байрны тодорхойлолтод заасан эсэхээс үл хамааран тухайн хослон, хавсран гүйцэтгүүлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдэл хөлсийг олгоно.

    10. Батлагдсан орон тоонд ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор гурван сараас илүүгүй хугацаанд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулна. Туршилтаар ажиллуулах хугацаанд цалин хөлс, олговор, хөнгөлөлтийг бүрэн олгоно.

    11. Ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор гурван сар хүртэл хугацаанд дадлага, туршлагатай ажилтныг дагалднаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулна. Дагалднаар ажиллах хугацаанд дараах байдлаар цалин хөлсийг олгоно. Үүнд:

      1. Шинээр ажилд орж байгаа дагалдан ажилтанд дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаанд, цагаар тооцсон цалинтай ажилтныг дагалдуулан ажиллуулсан бол тухайн ажил мэргэжлийн хамгийн бага зэргийн цагийн тарифт цалинг, харин албан тушаалын цалинтай ажилтныг дагалдуулан ажиллуулсан бол тухайн албан тушаалын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх цалинг тус тус олгоно. Дагалдан ажилтанд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, хөнгөлөлтийг олгож, сарын ажлын үр дүнгээр олгох шагнал олгохгүй.

      2. Дагалднаар ажилласан ажилтантай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй.

      3. Ажиллаж байгаад өөр ажил, албан тушаалд эсхүл өөр алба, салбар нэгжид шилжин ажиллаж буй дагалдан ажилтанд тухайн албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, хөнгөлөлтийг олгож, сарын ажлын үр дүнгээр олгох шагнал олгохгүй.

      4. Говийн бүсэд шинээр ажилд орж байгаа дагалдан ажилтанд дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаанд, цагаар тооцсон цалинтай ажилтныг дагалдуулан ажиллуулсан бол тухайн ажил мэргэжлийн хамгийн бага зэргийн цагийн тарифт цалинг, харин албан тушаалын цалинтай ажилтныг дагалдуулан ажиллуулсан бол тухайн албан тушаалын үндсэн цалингийн 90 хувьтай тэнцэх цалин, сарын ажлын үр дүнгээр олгох шагнал, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, хөнгөлөлтийг “Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжих хугацаанд олгоно.

      5. Ажиллаж байгаад говийн бүс дэх салбар нэгжид өөр ажил, албан тушаалд эсхүл говийн бүсийн өөр салбар нэгжид шилжин ажиллаж буй дагалдан ажилтанд тухайн албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, хөнгөлөлт, сарын ажлын үр дүнгээр олгох шагнал олгоно.

    12. Ажил олгогчоос үл шалтгаалан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэл, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас, эсхүл ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүнд үндсэн цалингийн 75 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.

    13. Ажилтанд албан томилолтын хоногийн зардлыг 20,000 төгрөгөөр тооцож олгоно. 2027 онд инфляцын түвшинтэй уялдуулж томилолтын зардлыг нэмэгдүүлнэ.

    14. “УБТЗ”-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд (хөдөлмөрийн гэрээ болон  бусад хөлсөөр ажиллах гэрээгээр) оролцож буй ердийн ажлын цагаар ажилладаг ажилтанд ажлын нэг өдөрт 5,500 төгрөг, ээлжийн ажлын цагаар ажилладаг ажилтанд ажилласан цаг(ердийн ажлын цаг)-аар тооцсон 8 цаг тутамд 6,000 төгрөгийн хоолны хөнгөлөлтийг тооцож олгоно. 2027 онд инфляцын түвшинтэй уялдуулан хоолны хөнгөлөлтийг нэмэгдүүлнэ.

    15. “УБТЗ”-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож буй (хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээгээр) ажилтанд унааны хөнгөлөлтийг сард 21,000 төгрөгийг ажилласан хугацаанд нь тооцож олгоно. 2027 онд инфляцын түвшинтэй уялдуулан унааны хөнгөлөлтийг нэмэгдүүлнэ.

    16. Энэ хамтын гэрээнд тусгагдаагүй бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрыг “УБТЗ”-ын даргын баталсан тушаалаар ажилтнуудад олгож болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, СУРГАЛТЫН ТАЛААР

 

    1. “УБТЗ”-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.

    2. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалын жагсаалт”-д заасан ажлын байранд ажиллах мэргэжлийн ажилтны дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сар хүртэл байна.

    3. “УБТЗ”-ын хүний нөөцийн сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлон ажилтанд гадаад, дотоодын их дээд сургуульд мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох, ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, дээд боловсролын зэрэг олгох сургалтад хамруулахдаа сургалт хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган зохион байгуулна.

    4. Ажил олгогч ажилтанд ерөнхий ур чадвар эзэмшүүлэх, мэргэжил, мэргэшлийн зэрэг олгох, ахиулах, эрх олгох, сунгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн,  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, жендерийн ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтын талаар ойлголт мэдээлэл өгөх урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулна.

    5. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, ажилтан өөрийн зардлаар суралцах тохиолдолд энэхүү гэрээний 4.14-ийн дагуу хувийн чөлөө олгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ТАЛААР

 

    1. Ажил олгогч нь ҮЭХ-той зөвшилцөж ээлжийн ажлын хуваарийг баталж, ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно.

    2. Өдрийн хооллох завсарлага нэг цаг байна. Амрах хооллох завсарлагын хугацааг ажлын цагт тооцохгүй.

      1. Ажил үүргийн онцлогоос шалтгаалан ажлын байрыг орхих боломжгүй ажилтныг ажлын байранд нь хооллох бололцоогоор хангах бөгөөд уг хугацааг ажилласан цагт тооцно. Амрах хооллох завсарлагын хугацаа нь 4 цаг тутамд 30 минутаас багагүй байна.

    3. Ажил үүргийн онцлогоос шалтгаалан ажлын байрыг орхих боломжгүй, гадаа ажиллаж байгаа ажилтныг хэт халуунд сэрүүцүүлэх, хэт хүйтэнд дулаацуулах боломжоор хангана. Амрах завсарлах хугацаа 2 цаг тутамд 15 минутаас багагүй байна.

    4. Ажил мэргэжлийн онцлогоос хамааран, ажил олгогчтой тохиролцон ажлын бүтэн бус цагаар болон гэрээсээ, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг уян хатан байдлаар зохицуулахыг талууд дэмжиж ажиллана.

    5. Ажил үүргийн онцлог, ажлын ачаалал, байгаль, цаг уурын байдлаас хамаарч Үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөн тухайн алба, салбар нэгжийн даргын тушаалаар ажил эхлэх, дуусах, үргэлжлэх цагийг өөрөөр тогтоож болно.

    6. “УБТЗ”-ын ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний онцгой тохиолдлын үед  ажлын зайлшгүй шаардлагаар ажилтныг илүү цагаар, долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулж болно.

    7. Ажилтны саналыг үндэслэн алба, салбар нэгжийн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байдлыг тооцон ээлжийн амралтын хуваарийг өмнөх оны дөрөвдүгээр улиралд багтаан гаргаж, мөрдөж ажиллана.

      1. Шинээр ажилд орсон ажилтныг зургаан сар ажиллуулсны дараа алба, салбар нэгжийн хөдөлмөр зохион байгуулалтыг харгалзан ээлжийн амралтыг олгож биеэр эдлүүлж болно. Ажилтны ээлжийн амралтын хоорондох хугацаа зургаан сараас багагүй байна.

    8. Ажлын зайлшгүй шаардлагаар алба, салбар нэгжийн даргын тушаалаар ажилтныг ээлжийн амралтаас дуудан ажилд нь оруулж болох бөгөөд ээлжийн амралтын үлдэгдэл хоногийг тухайн ажлын жилд нь багтаан биеэр эдлүүлнэ.

    9. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр бүрэн эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын биеэр эдлээгүй өдөрт нь ногдох ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно.

    10. Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.

    11. Ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж байгаа ажилтны ээлжийн амралтын цалинг бүтнээр, эсхүл ээлжийн амралтыг хэсэгчлэн авч байгаа хугацаанд нь ногдох хэмжээгээр амрах тухай бүрд олгоно.

    12. Ээлжийн ажлын хуваариар ажилладаг ажилтны ээлжийн амралт дуусаж ажилдаа орох хугацаа долоо хоног бүрийн амралтын өдөр болон нийтээр амрах баярын өдөр таарвал ажлыг дараагийн ажлын өдрөөс эхлүүлнэ.

    13. Ээлжийн ажлаас буусан болон ээлжид гарах ажилтныг тухайн өдрийн олон нийтийн ажлаас чөлөөлж, амрах нөхцөл бололцоогоор хангана.

    14. Ажил олгогч ажилтанд түүний хүсэлтийг харгалзан нэг жил хүртэл хугацаагаар олговоргүй хувийн чөлөө олгож болно.

    15. Хуанлийн 7 өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговортой хувийн чөлөөг дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд олгоно. Үүнд:

      1. Ажилтны эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, хадам эцэг, эх, асран хамгаалалтад албан ёсоор байдаг хүнд асаргаа шаардагдахаар өвчилсөн үед асарч сувилах, гадаадад эмчилгээнд авч явах;

      2. Ажилтны эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, хадам эцэг, эх, асран хамгаалалтад нь албан ёсоор байдаг хүн нас барах;

      3. Ажилтан болон ажилтны хүүхэд хурим хийх;

      4. Ажилтны оршин сууж буй гэр, орон сууц нь байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдэх.

    16. Шугам замд ажлын байраа орхих боломжгүй, ээлжгүй шугамын механикч, эрчим хүчний монтёр, худалдагч, урьдчилан сэргийлэх үзлэгийн эмч(Айраг, Багахангай, Баянтүмэн)-д сард хоёр хүртэлх өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговортой хувийн чөлөөг ажилтны хүсэлтээр олгоно.

    17. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно. Үүнд:

6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 6 өдөр;

11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 8 өдөр;

16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 10 өдөр;

21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 13 өдөр;

26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 16 өдөр;

32 дахь жилээс ажлын 19 өдөр;

    1. "УБТЗ"-д ажиллаж байгаад алба, салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн дагуу нөхөн тооцуулж, баталгаажуулалт хийлгэсэн бол:

      1. 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан ажилтны ажилласан жилээ нөхөн тооцуулж, баталгаажуулалт хийлгэсэн хугацааг "УБТЗ"-д тасралтгүй ажилласан жилд тооцон, тасралтгүй ажилласны нэмэгдэл болон ээлжийн амралтын өдөр дээр нь зохих нэмэгдэл амралтыг олгоно.

      2. 1996-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулж баталгаажуулалт хийлгэсэн хугацааг нийт улсад ажилласан жилд тооцож, ээлжийн амралтын өдөр дээр нь зохих нэмэгдэл амралтыг олгоно. Түүнчлэн "УБТЗ"-д өмнө ажилласан хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд тооцох боловч нөхөн баталгаажуулалт хийлгэсэн хугацааг оруулж тооцохгүй.

      3. Энэхүү хамтын гэрээ батлагдахаас өмнө үйлчилж байсан хамтын гэрээний 4.15.1-д зааснаар “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн дагуу нөхөн тооцуулж, баталгаажуулалт хийлгэсэн хугацаагаа “УБТЗ”-д тасралтгүй ажилласан жилээр тооцуулан, тасралтгүй ажилласны нэмэгдэл нь олгогдож байсан ажилтнуудад энэ гэрээний 4.15.2 дахь заалт хамаарахгүй.

    2. 1990 оноос өмнө "УБТЗ"-д ажиллаж байгаагүй, эсхүл ажиллаж байсан боловч өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан болон хөдөлмөрийн сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан ажилтны “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн дагуу нөхөн баталгаажуулалт хийлгэсэн хугацаа болон өмнө “УБТЗ”-д ажилласан хугацааг тасралтгүй ажилласан жилд тооцохгүй. Харин улсад нийт ажилласан жилд тооцон ээлжийн амралтын өдөр дээр нь зохих нэмэгдэл амралтыг олгоно.

    3. Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн  ажилтанд ажилласан 5 жил тутамд Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн амралт болон нэмэгдэл амралтын хугацаан дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР

    1. Барилга байгууламж, тоног төхөөрөмж, машин, механизм суурилуулах, турших, ашиглалтад хүлээн авах ажлын хэсэгт ҮЭХ-ны төлөөллийг оролцуулна.

    2. “УБТЗ”-ын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 15.0 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгийг зарцуулна.

    3. Ажлын хувцасны эдэлгээний нормт хугацаа дуусахаас өмнө ашиглах боломжгүй болсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг алба, салбар нэгж, ҮЭ-ийн хорооны хамтарсан ажлын хэсгийн тогтоосон актыг үндэслэн шинээр олгоно.

    4. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн стандартыг эрэгтэй, эмэгтэй ажилтны хүйсийн онцлог, хөдөлмөрийн нөхцөлд тохируулан шинэчлэн тогтоож, сонголт хийх, хангах ажлын хүрээнд талууд хамтран ажиллана.

    5. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс, ослын байдалд дүгнэлт гаргах шуурхай зөвлөгөөнд тухайн алба, салбар нэгжийн ҮЭ-ийн төлөөллийг оролцуулна.

    6. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг 1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас:

      1. Хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан ажилтанд 6 сарын;

      2. 30-50 хүртэл хувиар алдсан ажилтанд 8 сарын;

      3. 50-70 хүртэл хувиар алдсан ажилтанд 10 сарын;

      4. 70 ба түүнээс дээш хувиар алдсан ажилтанд 19 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх  хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа ажилтанд олгоно.

    7. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны гэр бүлд 37 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгоно.

    8. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтан гадаадад улсад яаралтай мэс засал хийлгэх, протез хийлгэх шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн “УБТЗ”, ҮЭХ хамтран тусламж үзүүлнэ.

    9. Энэхүү гэрээний 5.6-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны эрүүл мэндийн байдал муудаж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нэмэгдвэл “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр”-ийг үндэслэн дараагийн шатны нөхөн төлбөрөөс өмнө нь олгосон нөхөн төлбөрийг хассан зөрүүг нэг удаа олгож болно.

    10. 1995 оноос өмнө үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд алба, салбар нэгжүүд нөхөн төлбөрийг өсөн нэмэгдэж  байгаа цалингаас бодож олгоно.

    11. Ажилтны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж ажиллана.

    12. Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр ажилтанд мэргэжлээс шалтгаалах өвчний эхний шинж тэмдэг илэрсэн бол ажилтныг “УБТЗ”-ын Төв эмнэлэгт нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгоонд оруулж, сувилах, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулна.

    13. Мэргэжлээс шалтгаалах өвчний судалгааг гаргаж холбогдох төрийн эрх бүхий байгууллагын баталсан жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах арга хэмжээг талууд хамтран хэрэгжүүлнэ.

    14. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба, ҮЭХ-той хамтран батлагдсан хуваарийн дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх, холбогдох ажлыг зохион байгуулна.

    15. Алба, салбар нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны олон улсын стандартын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

    16. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар явах ажилтныг унтлагын вагоноор зорчих тасалбараар хангана.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. НИЙГЭМ, АХУЙН ХӨНГӨЛӨЛТ БОЛОН АЖЛЫН БАЙРНЫ БАТАЛГАА НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

 

    1. Алба, салбар нэгжийг татан буулгах, хараат болон охин компани болгох, бүтцийн өөрчлөлт хийх, хөрөнгө түрээслэх зэрэг шийдвэр гаргасны улмаас ажилтны хөдөлмөрлөх эрх ашиг хөндөгдөх, ажилтныг бөөнөөр халах тохиолдолд ҮЭХ-нд хууль тогтоомжид заасны дагуу мэдэгдэж, хэлэлцээ хийнэ.

    2. Алба, салбар нэгж татан буугдсан, орон тоо цөөрсөн, ажлын байр хасагдсан, эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүйн улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд ажилтныг 3 хүртэлх сарын хугацаагаар “УБТЗ”-ын өмчлөлийн орон сууцанд нь үргэлжлүүлэн суулгах, 1 жил хүртэл хугацаагаар хүүхдээ цэцэрлэгт хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхээр хангана.

    3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр нэг гэр бүлийн 2 гишүүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан тохиолдолд гэр бүлийн аль нэг гишүүнийг ажлын байраар хангана.

    4. "УБТЗ" -д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, ажилтны өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол "УБТЗ"-д ажилласан дор дурдсан хугацааг харгалзан 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно. Үүнд:

      1. Эрэгтэйчүүд 4 хүртэл жилд хоёр сар, 4-9 жилд гурван сар, 10-14 жилд дөрвөн сар, 15-19 жилд таван сар, 20-24 жилд найман сар, 25-27 жилд арван сар,  28-29 жилд арван хоёр сар, 30-32 жилд арван дөрвөн сар, 33-34 жилд арван зургаан сар, 35 ба түүнээс дээш жилд арван найман сар;

      2. Эмэгтэйчүүд 4 хүртэл жилд хоёр сар, 4-9 жилд гурван сар, 10-12 жилд дөрвөн сар, 13-16 жилд таван сар, 17-19 жилд найман сар, 20-23 жилд арван сар, 24-26 жилд арван хоёр сар, 27-30 жилд арван дөрвөн сар, 31-32 жилд арван зургаан сар, 33 ба түүнээс дээш жилд арван найман сар;

    5. “УБТЗ”-д хөдөлмөрийн гэрээгээр 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас, 15 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад ердийн өвчин, ахуйн ослын улмаас тахир дутуугийн тэтгэвэр тус тус тогтоолгосон иргэн группээсээ өндөр насны тэтгэвэрт шууд гарч байгаа бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон үеийн дундаж цалин хөлснөөс тооцож, хамтын гэрээний 6.4-т заасан хэмжээний тэтгэмж олгоно.

    6. "УБТЗ”-д 20 буюу түүнээс дээш жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээс 4-өөс дээшгүй жилийн өмнө дараах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан бол өндөр насны тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 6.4-т заасан тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно. Үүнд:

      1. Алба, салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан;

      2. Эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан.

    7. "УБТЗ"-д 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээс 5-аас дээшгүй жилийн өмнө ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан бол энэхүү гэрээний 6.4-т заасан тэтгэмжийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гэр бүлд нь олгоно.

    8. Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч “УБТЗ”-д ажилласан хугацааг харгалзан дор заасан хэмжээний үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно.

      1. 2 жил хүртэл ажилласан бол 1 сарын;

      2. 2 жилээс 5 хүртэл жил ажилласан бол 2 сарын;

      3. 5 жилээс 10 хүртэл жил ажилласан бол 3 сарын;

      4. 10 жилээс 15 хүртэл жил ажилласан бол 4 сарын;

      5. 15 жилээс 20 хүртэл жил ажилласан бол 5 сарын;

      6. 20 ба түүнээс дээш жил ажилласан бол 6 сарын;

    9. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д заасан тэтгэмж, энэхүү хамтын гэрээний 6.4-т заасан тэтгэмжийг давхардуулан олгохгүй.

    10. “УБТЗ”-ын ажилтан, ажиллаж байгаад өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэн орон нутгийн харилцааны нэг чиглэл(ирэх, буцах)-д зорчигчийн галт тэргэнд тасалгаат хатуу вагоноор жилд нэг удаа 100 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчино. Ажилтан мэргэжлийн эмчийн дүгнэлтээр эмчилгээ оношилгоо хийлгэх бол орон нутгийн харилцааны нэг чиглэл(ирэх, буцах)-д зорчигчийн галт тэргэнд тасалгаат хатуу вагоноор (Баянтүмэн тасгийн ажилтан хот хоорондын зорчигч тээврийн тарифаар) жилд нэг удаа 100 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчино.

    11. “Хүндэт төмөр замчин” (2013 оны 01-р сарын 01-ний өдрөөс өмнө), “Төмөр замчны алдар” тэмдгээр шагнуулсан ажилтан дараах хөнгөлөлтийг эдэлнэ. Үүнд:

      1. Жилд 2 удаа гэр бүл (үүнд: эхнэр эсхүл нөхөр, 18 нас хүртэлх хүүхэд хамаарна)-ийн хамт орон нутгийн харилцааны нэг чиглэлд зорчигчийн галт тэргэнд тасалгаат хатуу вагоноор 100 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчих;

      2. “УБТЗ”-ын эзэмшлийн дугаар бүхий гэрийн утасны ярианы сарын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө. (зөвхөн “УБТЗ”-ын сүлжээнд)

      3. Амралт, сувилалд амарч сувилуулсан бол “УБТЗ”-ын Булагтай сувилал, Баянбуурал амралтын энгийн өрөөнд амрах нэг өдрийн төлбөрийн 50 хувиар тооцож 14 хүртэлх хоногийн хөнгөлөлтийг жилд нэг удаа олгоно.

      4. “УБТЗ”-д ажиллаж байгаад тахир дутуугийн болон өндөр насны тэтгэвэрт гарсан бол сар бүр 15,000 төгрөгийн нэмэгдэл тэтгэвэр олгоно.

    12. Ердийн галлагаатай гэр, байшинд амьдардаг ажилтан, “УБТЗ”-д ажиллаж байгаад өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд жилд нэг удаа таван тонн нүүрс, эсхүл түүнтэй дүйцэхүйц шахмал түлшний хөнгөлөлтийг олгоно. Үүнд:

      1. Ажилтанд нүүрс эсхүл түүнтэй дүйцэхүйц шахмал түлшээр хангах боломжгүй бол мөнгөн хэлбэрээр тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгийн 30 хувиар олгоно.

      2. Ажилтанд олгож байгаа нүүрс, эсхүл түүнтэй дүйцэхүйц шахмал түлшний хөнгөлөлтийг нийлүүлэгчээс худалдан авсан үнийн дүнгийн 30 хувиар бодож олгоно.

    13. Ажилтан амралт, сувилалд амарч, сувилуулсан бол “УБТЗ”-ын Булагтай сувилал, Баянбуурал амралтын энгийн өрөөнд амрах нэг өдрийн төлбөрийн 20 хувиар, мэргэжлийн эмчийн дүгнэлтээр рашаан сувилалд эмчлүүлбэл 50 хувиар, тахир дутуугийн тэтгэвэр (групп)-т байгаа иргэнд 35 хувиар дүйцүүлэн тус тус 14 хүртэлх хоногийн хөнгөлөлтийг жилд нэг удаа олгоно.

    14. “УБТЗ”-ын эмнэлэг, сувилал, хүүхдийн цэцэрлэг, сурагчдын дотуур байр, хүүхдийн зуслангийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай санхүүжилтийг ажил олгогч олгоно.

    15. “УБТЗ”-ын соёлын төв, биеийн тамирын спорт заалны хэвийн үйл ажиллагааг хангах, тэдгээрт зам болон зангилааны хэмжээний соёл урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахад үнэ төлбөргүй үйлчлэхийг ажил олгогч хариуцах ба арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагаа болон түүнтэй холбогдон гарах зардлыг ажил олгогч, ҮЭХ хамтран хариуцна.

    16. Хамтын гэрээний хугацаанд орон сууцаар хангах ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    17. Улсаас болон төмөр замаас байр хувьчилж аваагүй бөгөөд анх удаа өөрийн өмчлөлийн орон сууцтай болж, түүнийгээ ипотекийн зээлээр эсхүл орон сууц худалдан авах зориулалтаар олгогдсон банк, санхүүгийн байгууллагын зээлээр худалдан авсан бол 2026 онд 80 ажилтан, 2027 онд 90 ажилтан тус бүрд зургаан сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

    18. “УБТЗ”-д ажиллаж байгаад өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэд, хөдөлмөрийн баатар, гавьяатуудад хууль тогтоомж, Замын даргын тушаалаар баталсан журмын дагуу нэмэгдэл тэтгэвэр олгоно.

    19. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй эхчүүдэд дөрвөн сарын дундаж цалин хөлсний 75 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно. Тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсөөр тооцно.

    20. Талууд ажилтны гэр бүл, хүүхэд хөгжил-хамгаалал, эмэгтэйчүүд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулж, хамтран ажиллана.

    21. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний “Эрдмийн баяр”-т сургууль, цэцэрлэгийн хүүхэдтэйгээ оролцох ажилтнуудад хувийн чөлөө олгож болно.

    22. “УБТЗ”-ын ажилтны хүүхэд анх удаа ерөнхий боловсролын сургуульд орж байгаа бол мэндчилгээ хүргэх ажлыг талууд хамтран зохион байгуулна.

    23. Хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн дүгнэлтээр байнгын асаргаа шаардагдах  хүүхэдтэй ажилтны хүүхдийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлнэ.

    24. Гачигдал зовлон тохиолдсон ажилтан, тахир дутуугийн группт байгаа иргэн болон ахмад настанд зохих журмын дагуу тусламжийг ажил олгогч, ҮЭХ үзүүлнэ.

    25. “УБТЗ”-д 20-иос дээш жил тогтвор суурьшилтай ажилласан ажилтны нэг хүүхдийг “УБТЗ”-ын Төмөр замын политехникийн коллежийн нэг жилийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад элсэлтийн шалгалтад тэнцсэн тохиолдолд 100 хувийн хөнгөлөлттэй сургана.

    26. “УБТЗ”-д 15 жилээс дээш хугацаагаар ажилласан ажилтны хүүхдүүдээс нь төрийн болон “УБТЗ”-ын зардлаар суралцаагүй бол төгсөх ангийн нэг хүүхдийн гадаад, дотоодын их дээд сургуульд суралцах төлбөрт зориулж, ТЗИС-ийн үндсэн ангийн сургалтын жилийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлтийг тогтоосон журмын дагуу олгоно.

    27. Ажилтныг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварлан  ажлаас халах, албан тушаал бууруулахыг хориглоно.

    28. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны нэг хүүхдийг өөрийн хүсэлтийг харгалзан ТЗИС болон ПТК-д суралцах бололцоогоор хангах, 18 нас хүртэл жилд нэг удаа галт тэргээр 100 хувийн хөнгөлөлттэй зорчих эрх олгоно.

    29. “УБТЗ”-ын төвийн хэсэгт 7 жил, шугам замд 5 жил болон түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан ажилтан ТЗИС-ийн үндсэн мэргэжлийн (Д, Т, П, В, Ш) ангид суралцан, төгсөх үед нь сурлагын амжилтаар нь жагсааж анги тус бүрээс эхний таван байрт шалгарсан ажилтнуудад төгсөх ангийн сургалтын төлбөрийн 50 хувиар хөнгөлөлт үзүүлнэ.

    30. Байгууллагын тэтгэврийн сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

    31. Ажил олгогчид урьдчилан мэдэгдэж, бүхэл цус, цусны сийвэн, цусны эс зэрэг цусны бүрэлдэхүүн хэсгийг хандивласан ажилтанд нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговортой нэг өдрийн нэмэлт амралтыг цусаа өгсний дараа өдөр олгоно.

    32. “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг талууд хамтран хэрэгжүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ. ҮЭ-ҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР

    1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нийгмийн  хамгааллын талаарх дүрэм, журам гаргахад ҮЭХ-ны саналыг авна.

    2. Ажилтны хөдөлмөр, цалин хөлс, нийгэм ахуйн асуудлаар ажил олгогчоос гарсан тушаал, шийдвэр, холбогдох бусад мэдээ материал (хөдөлмөр, цалин хөлс, сахилгын мэдээ, өвчлөлтийн судалгаа, үйлдвэрлэлийн ослын мэдээ гэх мэт)-ыг шаардсан үед нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ҮЭХ-нд өгч байна.

    3. Алба, салбар нэгжийн ҮЭ-ийн хороодын дарга нарыг үйл ажиллагаа явуулах ажлын байр, суурин утсаар хангаж, ажил олгогчийн зохион байгуулж буй үйл ажиллагаанд түүний хүсэлтээр ҮЭ-ийн хорооны даргыг оролцуулах тохиолдолд томилолтын зардлыг ажил олгогч олгоно.

      1. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй ҮЭ-ийн сонгуультнуудыг сонгуульт ажлаа хийх цаг бололцоогоор ханган, ҮЭ-ийн сонгуульт ажилтныг ажлаас өөрчлөх, сахилгын шийтгэл ногдуулах буюу ажлаас халахын өмнө ҮЭХ-нд мэдэгдэнэ.

      2. ҮЭХ, хороод нь орон тооны бус сонгуульт ажил эрхэлдэг ажилтны нэрсийг сонгуульт ажилд сонгогдсон даруй ажил олгогчид ирүүлнэ.

    4. “УБТЗ”-ын хэмжээнд мөрдөж буй нийгэм, ахуйн хөнгөлөлтүүд нь орон тооны ҮЭ-ийн хороодын дарга нарт нийт ажилтны нэгэн адил хамаарна.

    5. “УБТЗ”-д ажиллаж байгаад үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн ҮЭХ-ны сонгуультан, ажилтнуудын үйлдвэрчний эвлэлд ажилласан хугацааг “УБТЗ”-д тасралтгүй ажилласан хугацаанд тооцно.

    6. Алба, салбар нэгжүүд болон ҮЭХ нь нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах, хамтын гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавихад харилцан мэдээллээр хангаж, талуудын нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

    7. Хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдал, гадаад орнуудын төмөр замын байгууллагуудаас туршлага солилцох, хурал, уулзалт, зөвлөгөө, арга хэмжээнд хамтран оролцоход ажил олгогч дэмжлэг үзүүлж болно.

    8. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн ҮЭ-ийн хороодын дарга нарт жил, сарын ажлын үр дүнгийн шагналыг ҮЭ-ийн холбооны тодорхойлолтоор алба, салбар нэгжийн шагналын ажлын хэсгийн шийдвэрээр сар бүр олгоно.

    9. Ажилтны сахилга, хариуцлагын асуудлыг хэлэлцэх шуурхай хуралд ҮЭХ-ны төлөөллийг оролцуулна.

    10. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн ҮЭ-ийн хороодын дарга нарт “УБТЗ”-д ажилласан хугацаанд ногдох тасралтгүй ажилласны нэмэгдэл болон тогтвортой суурьшилтай ажилласны төлөө шагналыг олгоно.

    11. МТЗ-чдын ҮЭ-ийн холбоог үйл ажиллагаа явуулах байраар хангана.

    12. ҮЭ-ийн гишүүдийн татварыг анхан шатны ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолыг үндэслэн бэлэн бусаар суутган ҮЭХ-ны холбогдох дансанд сар бүр шилжүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ. ҮЭХ-НЫ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

    1. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд хамтын болон бусад гэрээ байгуулах, хэлэлцээ хийхдээ зөвшилцөлд хүрэх арга зам, хувилбаруудын талаар судлан, хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний талаар тооцоо судалгаатай, үндэслэлтэй санал тавих, асуудлыг шийдвэрлэхдээ ажил олгогчтой хамтран зөвшилцөх, эв зүйгээр шийдвэрлэх зарчмыг баримтална.

    2. Ажилтныг технологийн болон хөдөлмөрийн сахилга батыг хангуулах, ажлын байранд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж хэвшүүлэхэд хөндлөнгийн хяналт тавьж, гарсан зөрчил бүрд нөлөөллийн арга хэмжээ авч, үр дүнд хүрсэн байна.

    3. Хувь хүний хөгжил, манлайлал, эерэг хандлагыг хэвшүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөөн, уулзалтыг зохион байгуулахдаа ажилтны саналыг харгалзан, төлөвлөж хэрэгжүүлнэ.

    4. Шаардлагатай тохиолдолд ажилтанд зөвлөгөө өгөх, түүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлж ажиллана.

    5. Ажилтны эдийн засаг, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, үнэ төлбөргүй эрх зүйн зөвлөгөө өгнө.

    6. “УБТЗ”-ын зорилго, зорилтыг хангах, ёс зүйтэй, эвсэг, хамт олонч уур амьсгал бүрдүүлэхэд ажилтныг дэмжин идэвхжүүлэх ажил зохион байгуулна.

    7. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн гурван шатны үзлэгт  оролцоно.

    8. ҮЭХ, хорооны үйл ажиллагааны талаар ажил олгогч, ажилтанд үнэн зөв мэдээлэл өгөх цахим системийг хөгжүүлнэ.

    9. "УБТЗ"-ын нэр хүндийг өсгөх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын чанарыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ажилтныг ҮЭ-ийн байгууллагын шагналаар шагнаж урамшуулна.

    10. Ажилтны эрх ашгийг Засгийн газар, төрийн захиргааны төв, төрийн  болон нутгийн захиргааны байгууллагын түвшинд хамгаална.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ТАЛААР

    1. Талууд дор дурдсан асуудлаар харилцан үүрэг хүлээж хамтран ажиллана.

      1. Энэхүү хамтын гэрээ нь ҮЭХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж буй гишүүдийн эв санааны нэгдлийн үндсэн дээр бий болсныг талууд хүлээн зөвшөөрч, ҮЭХ-г гишүүнчлэлээ нэмэгдүүлэхэд ажил олгогч дэмжиж, удирдах ажилтнууд манлайлж оролцоно.

      2. Хамтын гэрээ нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээнд оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтнуудыг хамарч үйлчилнэ.

      3. Талууд гадаад харилцааг хөгжүүлж, олон улсын хурал зөвлөгөөн, сургалтад хамтран оролцоно.

      4. Нийгмийн түншлэгч талууд хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж, зохист хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллана.

      5. Шинэ ажилтныг хамт олон, байгууллагын соёлд дасан зохицох, тэдэнд урам зориг өгөх болон олон жил ажилласан дадлага, туршлагатай ажилтны арга барилыг шинэ, залуу ажилтанд сурталчлах, сургалт, хөтөлбөрийг санаачлан зохион байгуулах ажлыг ҮЭХ нь манлайлан ажил олгогчтой хамтран хэрэгжүүлнэ.

      6. “УБТЗ”-ын нийгмийн чиглэлийн салбаруудын үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, ажилтанд зориулсан соёл урлаг, спортын уралдаан, тэмцээн, аялал зугаалга, бүтээлч аян зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээний календарьчилсан төлөвлөгөөг оны эхэнд гаргаж, мэдээлэх, таниулан сурталчлах, ажилтныг бүрэн хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлж, зохион байгуулна.

      7. Ажлын байрны нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахын зэрэгцээ ажилтны өвчлөлийг бууруулах, өвчлөлөөс сэргийлэх болон өвчлөлийн байдалд тогтмол хяналт тавьж ажиллана.

      8. Талууд хэн алиныхаа эсрэг үйл ажиллагаа явуулах, дотоод үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцох, ажил олгогчийн эсхүл ажилтны нэрийг барьж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх, ажилтныг худал мэдээллээр төөрөгдүүлэх, турхирах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байвал зохино.

АРАВДУГААР БҮЛЭГ. ХАМТЫН ГЭРЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР

    1. Хамтын гэрээнд тусгагдсан ажил олгогчийн хариуцах асуудлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “УБТЗ”-ын болон алба, салбар нэгжүүдийн  тухайн жилийн төсөв төлөвлөгөөнд  тусгаж  хэрэгжүүлнэ.

    2. Энэхүү гэрээний биелэлтийг хангах зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөг “УБТЗ”-ын захиргаа болон ҮЭХ, мөн алба, салбар нэгж болон ҮЭ-ийн хороодын түвшинд хамтран боловсруулж, баталж  мөрдөх бөгөөд төлөвлөгөө нь хамтын гэрээний салшгүй нэг хэсэг байна.

    3. Монгол Улсын хууль тогтоомж, Хувь нийлүүлэгчдийн хурал, Ерөнхий хорооны хурлын тэмдэглэлийн дагуу “УБТЗ”-ын алба, салбар нэгж татан буугдсан тохиолдолд хамтын гэрээний холбогдох заалтууд хүчингүй болсонд тооцогдоно.

    4. Алба, салбар нэгж, ҮЭ-ийн хороод энэхүү хамтын гэрээгээр зохицуулсан соёл олон нийт, биеийн тамир, аялал зугаалга болон нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран зохион байгуулах бусад арга хэмжээний зардлыг талууд зөвшилцөн шийдвэрлэнэ.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХАМТЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА, БИЕЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН ТАЛААР

 

    1. Хамтын гэрээ байгуулах, биелүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, дүгнэх явцад гарсан хөдөлмөрийн эрхийн болон сонирхлын маргаантай асуудлыг хэлэлцэн тохиролцон шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрээгүй асуудлыг Монгол Улсын хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.

    2. Энэхүү хамтын гэрээг Монгол Улсын хуульд заасны дагуу бүртгэгдсэн өдрөөс эхлэн ХОЁР жилийн хугацаатай байгуулж, дараагийн хамтын гэрээ батлагдах хүртэл дагаж мөрдөнө. Хамтын гэрээний хугацаанд талууд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

    3. Талууд энэхүү хамтын гэрээг дагаж мөрдөнө.

    4. Хамтын гэрээний төслийг боловсруулах, хэрэгжилтийг шалгах, биелэлт гаргах ажлыг ажлын цагаар хийнэ.

    5. Талууд хамтын гэрээг хэвлүүлэн алба, салбар нэгжид хүргэх, “Ган зам” сонин, www.ubtz.mn цахим хуудас зэрэг мэдээллийн бусад хэрэгслээр ажилтанд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.

    6. Талууд хамтын гэрээний биелэлтэд хяналт тавьж, биелэгдэхгүй байгаа заалтуудыг улирлаар гарган холбогдох албан тушаалтанд мэдэгдэж шийдвэрлүүлнэ.

    7. Талууд хамтын гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргана.

    8. Хамтын гэрээний биелэлтийг гэрээ байгуулагч талуудын төлөөлөгчдийн хамтарсан хурлаар дүгнэнэ.

    9. Хамтын гэрээг биелүүлээгүйгээс үүдэн гарах хариуцлагыг биелүүлээгүй тал хүлээнэ.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.