Нүүр Боловсрол УБТЗ “Усны баатар”-уудтай боллоо
Боловсрол

УБТЗ “Усны баатар”-уудтай боллоо

G.Press 2 сарын өмнө 125 үзэлт 1 сэтгэгдэл

 

                                   

 

Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласнаар улс орнууд тэмдэглэж ирсэн түүхтэй. 2026 оны энэ өдрийг “Ус ба тэгш эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  

УБТЗ, тэр дундаа Эрчим хүч, ус хангамжийн төвөөс энэ хүрээнд цэвэр усны нөөцийг хэрхэн хамгаалах талаар уулзалт, сургалт, зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн хувьд JCI Гранд салбар болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Urgana брэнд, “Индранил” шүдний эмнэлэг зэрэг төр, хувийн хэвшлийн олон байгууллагатай хамтран “Дусал бүрийг хуримтлуулъя” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Төслийн нээлтээ өчигдөр буюу энэ сарын 23-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаадах төвд хийлээ. Нээлтэд нийслэлийн олон цэцэрлэгээс хүүхдүүд оролцсон юм. Тухайлбал, УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Ганзам” 179 дүгээр цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгээс нийт 50 хүүхэд оролцож, усны үнэ цэн, яагаад усаа хайрлаж хамгаалах ёстой вэ сэдэвт хүүхэлдэйн кино болон богино хэмжээний нэвтрүүлгийг үзэж, хамтрагч байгууллагуудын зүгээс хийсэн мэдээллийг сонсож, шүдээ хэрхэн угаахад суралцаж, асуултад хариулж, “Индранил” эмнэлгийн эмч нараар шүдээ үзүүлэн зөвлөгөө авч, байгаль орчин, ан амьтдын музей үзэж, гарын бэлэг гардлаа.

 

                        Цэнгэг усыг яагаад хамгаалах ёстой вэ

 

Ус бол амьдралын эх булаг, хүн төрөлхтөн төдийгүй байгаль орчны тогтвортой байдлын үндэс. Гэвч дэлхийн олон бүс нутагт цэвэр усны нөөц багасаж, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас шалтгаалан усны хүртээмж, чанар доройтож байгаа билээ. Дэлхийн гадаргуугийн 71 хувь нь усаар бүрхэгдсэн ч үүний 97.5 хувь нь далай тэнгисийн давстай ус юм. Харин унданд хэрэглэж болох цэнэг усны нөөц ердөө 2.5 хувийг эзэлдэг бол үүний дийлэнхийг буюу 69 хувийг нь өмнөд, хойд туйлын мөс, цас, мөсөн голууд эзэлдэг аж. Тиймээс газар зүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад хүн төрөлхтөн цэнгэг усны нөөцийн 31 хувийг нь л хэрэглэж байна.

Монгол орны хувьд усны нөөц хязгаарлагдмал, жигд бус тархалттай тул усны зохистой хэрэглээ, хамгаалал, хуримтлалын бодлого онцгой ач холбогдолтой. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тухайлбал, гол нь усны эх үүсвэр болохын зэрэгцээ бүс нутгийн усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг Алтайн нурууны олон тооны мөсөн гол эрчимтэй хайлж байна. Тиймээс хүн бүр усны нөөцийг хамгаалах, хайрлах шаардлагатайг зохион байгуулагчдын зүгээс хэлж, мэдээллийг хүүхдүүдэд сонирхолтой хэлбэрээр хүргэж байлаа.

Тухайлбал, усаа хайрлан хамгаалах тухай тангараг өргүүлж, “Усны баатар” гэсэн бичиг бүхий энгэрийн тэмдэг зүүж өгөөд “Ингээд та бүхэн энэ өдрөөс хойш усаа хамгаалах баатрууд боллоо. Гэр бүл, найз нөхдөдөө усаа хэрхэн хамгаалахыг зааж өгч, усаа үргэлж хамгаалж байгаарай” гэхэд бүгд баярлан хөөрч байсан юм. Уг төсөл бүтэн жилийн турш хэрэгжиж, нийслэлийн бүх цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулан цэцэрлэг бүрт “Усны баатар” клуб байгуулж, оны эцэст усаа хэрхэн хамгаалсан, хэмнэсэн зэргээр нь шалгаруулж, шилдэг бүлгийг шагнаж урамшуулах юм байна.

 

 

П.Баяржаргал: Нийслэлийн 300 цэцэрлэгийн багшид сургалт орно

УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга

 

-“Дусал бүрийг хуримтлуулъя” төслийг УБТЗ дэмжиж, нээлтэд нь манай ЭХУХ-ийн I анги идэвхтэй оролцож, үзүүлэх сургалтын полигон буюу хэрэглэгдэхүүнийг хийж өгсөн. Усны үнэ цэнийг ойлгуулах сургалтдаа “Ганзам” цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулж, аяганд ус хийж шүдээ угаах, шууд крантаас нь гоожуулан угаах хоёрын ялгааг бодитоор нь харууллаа. Шүдээ угаахдаа крантыг нээлттэй байлгавал дунджаар 26 литр ус гоождог. Тэгэхээр маш их усыг ямар ч үр ашиггүй асгаж байна гэсэн үг. Харин аяганд тосож аваад угаавал 500 гр л ус орно шүү дээ. Тиймээс энэ төслийг бид дэмжин оролцож байгаа юм. Ус бол байгалийн шавхагдах нөөц. Дэлхий дээр хоёр тэрбум хүн цэвэр усны нөөцийн хомсдолтой амьдарч байна гэсэн НҮБ-ын судалгаа байдаг. Монгол Улс ч цэвэр усны нөөц тийм их биш. Улаанбаатар хот 2030 он гэхэд цэвэр усны хомсдолд орно гэсэн тооцоо судалгаа бий. Энэ утгаараа иргэдийг багаас нь усаа хайрлан хамгаалахад сургах нь зүйтэй гэж бид үзэж байгаа юм. Төслийнхөө хүрээнд энэ сардаа нийслэлийн 300 цэцэрлэгийн багшид сургалт орно. Харин сургагч багш маань нар хүүхдүүддээ дамжуулан зааж, үр дүнг нь бид 11 дүгээр сард гаргана.

 

            Г.Гэрэлцэцэг: “Дусал бүрийг хуримтлуулъя” төсөл бүтэн жил үргэлжилнэ

JCI Гранд салбарын дэд ерөнхийлөгч

 

-Манай салбар жил бүр эко төсөл хэрэгжүүлдэг. Өнгөрсөн онд байгалиа хэрхэн хамгаалах вэ гэдэг чиглэлээр сургуулийн сурагчид, насанд хүрэгчдэд чиглэсэн аян өрнүүлж байсан. Харин энэ жил “Дусал бүрийг хуримтлуулъя” төслийг дэмжигчээр УБТЗ, Нийслэлийн Боловсролын газар, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан, “Индранил” зэрэг олон байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Усыг дуслаас нь хуримтлуулах боломжтой. Энэ дадлыг хүүхдүүдийг багаас нь суулгах үүднээс цэцэрлэгийн хүүхдүүдэд төсөл маань чиглэж байна. Өдөрлөгт хүүхдүүд их идэвхтэй оролцож, сонирхсон зүйлсээ асууж “Бид усаа хамгаалах супер баатрууд боллоо” гэсэн өндөр сэтгэгдэлтэй байна. Ер нь, томчууд биднээс илүү хүүхдүүд аливаа зүйлийг амархан сурдаг. Тиймээс усаа хайрлах дадлыг багаас нь суулгаж өгвөл том болсон ч тэр хэвээрээ байж, бусдадаа үлгэрлэж, үр хүүхдэдээ зааж сургана гэсэн үг. УБТЗ-ын хувьд жил бүр нийгэмд чиглэсэн бүхий л ажилд хамтран оролцдог байгууллага. JCI Гранд салбарын 2026 оны ерөнхийлөгчөөр УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга П.Баяржаргал сонгогдсон. Тэгэхээр хамтын ажиллагаа илүү сайн байгаа.

 

Э.Одбаяр:

Х.Наранжаргал багштай бэлтгэл А бүлэг

-Би өнөөдөр усаа яаж хайрлах тухай хичээлд  суусан. Гэхдээ би усаа хайрлаж, бага гоожуулдаг л даа. Багш маань “Усаа бага гоожуулаарай, усаа хайрлаарай” гэж хэлдэг. Усаар гараа, шүдээ, биеэ, аягаа, бас хувцсаа угаадаг. Мөн хоол хийж, цай чанаж уудаг. Тэгээд бас машин угаадаг. Машин угаахад л маш их ус асгадаг.

 

Ш.Мөнхийн-Од

О.Уранцэцэг багштай ахлах Б бүлэг

           

-Багш нар хүүхдүүдэд усны тухай ярьж өгсөн. Би усаа хамгаалах, хайрлах ёстой гэж ойлгосон. Хамаагүй асгаж болохгүй гэж багш хэлсэн. Бас бид нарт олон амьтад /музей/ үзүүлсэн. Тэнд аймаар чоно, бас жоом, хорхой байсан. Өнөөдөр ёстой гоё байлаа.

 

А.Амирлангуй

Г.Тунгалаг багштай бэлтгэл Б бүлэг

 

-Усаа хайрлаарай гэж багш хэлсэн. Дэлхий дээр маш бага ус байдаг гэж байна. Би бол шүдээ дандаа аяганд ус хийж байгаад угаадаг. Гараа угаахдаа норгоод савандахдаа усаа хаах ёстой. Тэгэхгүй бол хамаагүй асгачихна. Багшид хэлсэн чинь маш сайн байна гэсэн. Өнөөдөр бас миний шүдийг эмч үзээд “Сайн байна миний охин” гэж хэлсэн.

 

М.Наранболд 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 2 сарын өмнө
Ус үгүй бол мөнгө үнэ цэнэгүй. Улмаар гадны колони