Монгол-Оросын тур компаниудын уулзалт, форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Уг форумд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Зорчигч тээврийн алба, Маркетингийн алба, Аялал жуучлалын төвийн ажилтнууд оролцов. УБТЗ-ын хувьд “Говийн өглөө”, “Хамарын хийд”, “Нарны аялал”, “Хүүхдийн төмөр зам” зэрэг гадна дотны жуулчдад зориулсан тусгай хөтөлбөртэй аяллыг зохион байгуулахаас гадна түрээсийн вагоноор үйлчилгээ үзүүлж буй цорын ганц байгууллага. Мөн олон улсын тав, орон нутгийн найман чиглэлд зорчигч тээврээр үйлчилдэг. Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд хөрш орнуудын аялал жуулчлалыг хөгжүүлж, 2023 онд гэхэд ОХУ-аас 200-250 мянган жуулчин хүлээн авах зорилго дэвшүүлээд буй. Тэгвэл дээрх форум нь ОХУ-аас хүлээн авах жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашдаа хоёр улсын төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлж, тогтвортой харилцаа үүсгэх боломжийг нээж буй хэрэг юм. Өнөөдрийн арга хэмжээнд ОХУ-ын 27 бүс нутгаас 100 тур компани, тус улсын 35 хэвлэл, мэдээллийн байгууллага, Монголын талаас 106 тур компани оролцож, нийт 200 гаруй төлөөлөгчдийн дунд бизнесийн гэрээ хэлцэл хийж, харилцан мэдээлэл солилцоно.  

“Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд хөрш орнуудын аялал жуулчлалыг хөгжүүлж,  2023 онд ОХУ-аас 200-250 мянган жуулчин хүлээн авах зорилгоор Монголд анх удаа Монгол-Оросын тур оператор компаниудын форум уулзалт, танилцах аяллыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.