УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороо нэгдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо хуралдлаа. Хурлаар нийт есөн асуудал хэлэлцэж, 2025 оны тус нийгэмлэгийн ачаа тээврийн болон үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө /төсөв/-г хэлэлцэн батлав. Хуралд Оросын талаас тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга бөгөөд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн бөгөөд ОХУ-ын Тээврийн сайдын орлогч А.Н.Шило тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Харин Монголын талаас УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга бөгөөд Зам, тээврийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт Н.Буяндэлгэр, талуудаас УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.
Хурлаар энэ онд УБТЗ 34 сая тонн ачаа тээвэрлэхээр болж баталлаа. Үүнээс транзит тээвэр 5.45 сая, экспорт 11.75 сая, импорт 4.3 сая, орон нутгийн тээвэр 12.5 сая тонн байхаар тогтлоо.
