УБТЗ-ын Политехник коллежийн төгсөх ангийн оюутнууд эрдмийн баяраа ”Ган зам палас”-т ёслол төгөлдөр хийлээ. Сургуулиа төгсөх мөч, хонхны баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нь хүүхэд, залуусын хувьд хамгийн мартагдашгүй гэгээн дурсамж болж үлддэг. Хонхны баяр зөвхөн сургуулиа төгсөж буй нэг өдөр биш, харин мөрөөдөлдөө хүрэх их аяллын эхлэл юм. Өнөөдөр цуурайтах хонхны дуу нь оюутан насны дурсамж, нөхөрлөл, инээд хөөр, хичээл зүтгэлийн он жилүүдийг үдэхийн зэрэгцээ ирээдүйн замд урагшлан алхахыг уриалдаг. Анги танхимдаа хамтдаа сууж, баяр гунигаа хуваалцсан найзуудын инээмсэглэл, багш нарын үнэт сургааль, эцэг эхийн халамж дэмжлэг энэ өдөр бүр ч үнэ цэнтэй санагдана.
УБТЗ-ын Политехник коллежийн захирал, Техникийн ухааны доктор С.Галбадрах, “Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагчид, гэр бүл, анд нөхөд, УБТЗ-ын удирдлагууд, Улаанбаатар зангилааны аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, багш ажилтнууд, эрхэм төгсөгчид Та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Манай сургууль 1971 онд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн төмөр замын салбарт мянга мянган чадварлаг мэргэжилтэн, техникч бэлтгэн гаргасан бахархалт түүхтэй. Энэ удаагийн хаврын төгсөлтөөр техникчийн боловсролын дөрвөн мэргэжлээр 94 оюутан, мэргэжлийн боловсролын есөн мэргэжлээр 180 суралцагч амжилттай төгсөн хөдөлмөрийн их замдаа гарч байна. Та бүхний олонх нь үйлдвэрлэлийн дадлага хийсэн байгууллагуудаасаа ажлын байрны урилга хүлээн авсан нь мэдлэг, ур чадварын тань бодит үнэлгээ билээ. Миний бие 2002 онд энэхүү сургуулийг зүтгүүрийн техникч мэргэжлээр төгссөн. Тэр үед олж авсан техникийн суурь мэдлэг, сахилга бат, хөдөлмөрч чанар минь цаашид бакалавр, магистр, докторын түвшинд суралцах эхлэл болсон юм. Эрхэм төгсөгчид та бүхнийг эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлж байхыг чин сэтгэлээсээ уриалж байна. Төмөр зам нь сахилга бат, хариуцлага, ур чадвар, хамтын ажиллагаанд тулгуурладаг онцгой салбар. Та бүхэн аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн, ёс зүйтэй, бүтээлч, эх оронч мэргэжилтнүүд болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь эх орны эдийн засгийн ган судас болсон төмөр замын салбарыг сонгон суралцаж, төгсөж байгаа нь өөрөө эх оронч үйл хэрэг юм. Мөн өнөөдрийн амжилтын ард үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан эцэг эх, асран хамгаалагчид, мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшил олгохын төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн багш, ажилтан, албан хаагчдын нөр их хөдөлмөр шингэсэн байдаг. Та бүхэндээ нийт төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Манай төгсөгчдийн дунд улс, бүс, салбарын хэмжээнд амжилт гаргасан спорт, урлаг, ур чадварын олон шилдэг оюутан бий. Тэд зөвхөн сургуулийнхаа төдийгүй үе тэнгийнхнийгээ манлайлсан бахархалт төгсөгчид юм. Тухайлбал, модон барилдааны Улсын аварга шалгаруулах тэмцээний аварга Батжаргал. Аваргын төлөө өрсөлдөхдөө алганыхаа арьсыг хуултлаа бэртсэн ч шантралгүй барилдаж, аваргын төлөө тууштай тэмцэж байсан түүний бичлэгийг үзээд бид бүхэн үнэхээр бахархаж байсан. Чиний хичээл зүтгэл, тэсвэр хатуужил олон оюутанд үлгэр дуурайл болсон. Улсын залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээний мөнгөн медальт Г.Баяржавхлан, С.Хүрэлтогоо болон "Жигүүртэн" багийн тамирчдадаа халуун баяр хүргэе. “Засварчдын ур чадвар”-ын тэмцээний аварга Э.Бадмаанямбуу мэргэжлийн ур чадварын үлгэр жишээ болсон оюутнуудын нэг юм. Манай "Жигүүртэн" багийн довтлогч, волейболын шилдэг тамирчин Г.Ган-Эрдэнэ, мөн авьяаслаг дуучин Баясгалан нарынхаа амжилтыг онцлон тэмдэглэхэд таатай байна. Үнэндээ би энд байгаа төгсөгч бүрийн амжилтыг нэг бүрчлэн дурдан ярьж чадна. Гэвч цаг хугацааны боломж хязгаартай учраас төлөөлөл болгон цөөн хэдийг онцоллоо. Нэр нь дурдагдаагүй ч энэ танхимд суугаа төгсөгч бүр өөрийн гэсэн амжилт, бахархал, түүхтэй гэдгийг онцлон хэлье. Төмөр замын салбарын ирээдүй болсон та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээснээр Эрдмийн баярын үйл ажиллагааг эхэлсэн.
УБТЗ-ын Политехник коллежийн 2025-2026 оны хичээлийн жил хэд хэдэн онцлогтой жил болжээ. Төгсөгчдийн дийлэнх нь үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хийж, дадлага хийсэн байгууллагуудаасаа ажлын байрны урилга хүлээн авсан нь сургалтын чанар, ажил олгогчдын эрэлт хэрэгцээтэй шууд холбоотой. Мөн энэ жилийн төгсөгчдийн дунд спорт, урлагийн өндөр амжилт гаргасан олон авьяаслаг суралцагчид байсан бөгөөд шилдэг, тэргүүний оюутнуудаа алдаршуулах, амжилтыг нь олон нийтэд сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Энэ хичээлийн жилийн бас нэг онцлог нь хавар, намрын гэсэн хоёр удаагийн төгсөлт зохион байгуулж байгаад оршино. Өвлийн улиралд ажил, сургалтыг хослуулсан буюу өмнө нь эчнээ гэж нэрлэгддэг байсан сургалтын хэлбэрээр суралцагчдаа төгсгөсөн. Сургалтын хөтөлбөрүүдэд томоохон шинэчлэл хийж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс шинэчлэгдсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү шинэчлэл нь төмөр замын салбарын ажлын байранд тавигдаж буй бодит шаардлага, ажил олгогчдын хэрэгцээтэй уялдсан мэдлэг, ур чадварыг сургалтын агуулгад шингээж өгснөөрөө онцлог юм. Ирэх хичээлийн жилд мэргэжлийн боловсролын есөн мэргэжил, техникчийн боловсролын долоон мэргэжлээр элсэлт авч, мөн чадамжид суурилсан 11 хөтөлбөрөөр сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр төмөр замын салбар бол Монгол Улсын хэмжээнд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй, тасралтгүй хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.
УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогт төгсөлтийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирж, нийт төгсөгчдөд баяр хүргэж хэлсэн үг нь анхаарал хандуулахуйц байв. Тодруулбал, Өнөөдөр Монгол Улсад төмөр замын хөгжил шинэ шатанд гарч байна. Шинэ чиглэлийн төмөр замууд ашиглалтад орж, олон томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед чадварлаг, мэргэшсэн төмөр замчдын хэрэгцээ урьд өмнөхөөсөө илүү өндөр болсон. Тиймээс та бүхэн эрэлттэй, ирээдүйтэй, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах мэргэжлийг сонгон эзэмшсэн азтай төгсөгчид юм. Та бүхний ажиллах газар, хөдөлмөрийн гараа аль хэдийнэ тодорхой болж, ажлын байранд урилгаа хүлээн авсан нь энэ салбарын нэр хүнд, тогтвортой хөгжлийн бодит илэрхийлэл юм. Улаанбаатар төмөр зам нь Сүхбаатараас Замын-Үүд хүртэл 1100 гаруй километр урт замтай бөгөөд 16000 орчим төмөр замчин эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрлөж байна. Цаашид Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон бодлогын хүрээнд хилийн боомтуудыг төмөр замаар холбох, шинэ чиглэлүүдийг ашиглалтад оруулах олон бүтээн байгуулалт өрнөж байна. Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замууд, мөн баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүд бодит ажил хэрэг болж, Монголын төмөр замын шинэ эрин үеийг эхлүүлэхэд ойртож байна.Тэгвэл энэ олон бүтээн байгуулалтыг хэн хийх вэ. Мэдээж мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай төмөр замчид хийх болно. 77 жилийн түүхтэй, хөдөлмөрийн алдар суу, соёл уламжлал нь бүрэн төлөвшсөн төмөр замын салбарт ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Та бүхэн зөвхөн ажлын байртай төгсөж байгаа төдийгүй ирээдүйд төмөр замын шинэ бүтээн байгуулалтыг удирдах, хөгжүүлэх мэргэжилтнүүд болох гараагаа эхлүүлж байна. Өнөөдөр төгсөгчдийн ажлын байрны хуваарилалт шийдэгдэж, хаана ажиллах нь тодорхой болсон нь энэ салбарын онцгой давуу тал юм. Сургуулиа төгсөөд ажлын байр нь бэлэн байдаг ийм боломж манай улсад төдийлөн олон салбарт байдаггүй. Түүнчлэн та бүхэн ажил хөдөлмөрөө эрхлэхийн зэрэгцээ мэдлэг боловсролоо үргэлжлүүлэн дээшлүүлж, бакалавр, магистр болон түүнээс дээш түвшинд суралцах өргөн боломжтой. Төмөр замын салбар нь ажиллахын зэрэгцээ хөгжих, өсөн дэвших, мэргэших бүх боломжийг залуу үедээ олгодог салбар гэдгийг онцолж байсан юм.
Эрдмийн баярын үеэр сурлага, хүмүүжил, нийгмийн идэвх оролцоо, спорт урлагийн шилдэг төгсөгчөөр М.Чинзориг, Г.Урангоо, Н.Энхцэцэг, Б.Анужин, Б.Анхцэцэг, Ч.Ганзул, Ц.Бадмаараг, Б.Мөнхтуул, А.Золбоо, Б.Номин, О.Баяр-Эрдэнэ, Цогзаяа, Э.Бадмаанямбуу нар шалгарлаа. Монголын оюутны холбооны "Манлайлагч оюутан" цол тэмдгээр Г.Ган-Эрдэнэ, С.Хүрэлтогоо, Г.Баяржавхлан нарыг тус тус шагнасан юм. ҮЭХ-ны мөнгөн шагналыг Балжинням, Амарбаясгалан, С.Ганди, Э.Төгөлдөр, Энхцэцэг, Нямсүрэн нар хүртэв.
Өнөөдөр олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлийнхөө үр шимийг хүртэж буй онцгой өдөр. Танхим дүүрэн инээмсэглэл, бахархал, догдлол агшин бүрт мэдрэгдэнэ. Багш нарын сургааль, эцэг эхийн хайр халамж, өөрсдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон дипломоо гардан авах мөчид зүрх баяраар дүүрэн бялхам байлаа.
Залуу насны хамгийн нандин, дурсамжтай баяраа тэмдэглэж буй зарим төгсөгчдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
УБТЗ-ын Политехник коллежийн зүтгүүрийн туслах машинч ангийн шилдэг төгсөгч М.Чинзориг:
-Өнөөдөр бид оюутан насныхаа нэгэн сайхан үеийг үдэж, төмөр замын салбарын залуу мэргэжилтэн болох хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй замд хөл тавьж байна. Энэ мөчид хамгийн түрүүнд бидэнд мэдлэг боловсрол олгож, мэргэжлийн зам мөрийг маань чиглүүлж, үргэлж дэмжин урам хайрласан УБТЗ-ын Политехник коллежийн эрхэм багш нартаа нийт төгсөгчдийнхөө өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид хамтдаа суралцаж, хамтдаа хөгжиж, бэрхшээл сорилтыг даван туулж ирсэн он жилүүдээ хэзээ ч мартахгүй. Багш нар маань зөвхөн номын мэдлэг бус, хөдөлмөрч зан чанар, хариуцлага, сахилга бат, мэргэжлийн ёс зүйг бидэнд өвлүүлэн үлдээсэн билээ. Сургуулийн босгыг анх алхаж орж ирсэн тэр өдөр өнөөдөр ч бидний сэтгэлд тодхон байна. Лаборатори, дадлагын танхим, зүтгүүр, вагон, тоног төхөөрөмжүүд бидний хувьд зөвхөн сурах хэрэгсэл биш, ирээдүйн мэргэжлийн ертөнцтэйгээ танилцсан үнэ цэнтэй орчин байлаа. Үйлдвэрлэлийн дадлага, ур чадварын сургалт, шалгалт сорилт бүр биднийг илүү чадварлаг, илүү хариуцлагатай мэргэжилтэн болгон төлөвшүүлсэн. Харин хамт олныхоо дэмжлэг, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгож мэдэрсэн тэр мөчүүд бидний хамгийн сайхан дурсамж болон үлдэх болно. Өнөөдөр Монгол Улс төмөр замын салбарын хөгжил, бүтээн байгуулалтын шинэ үед шилжин орж байна. "Алсын хараа-2050" хөгжлийн бодлого, төмөр замын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл хэрэгт бидний үеийн залуу мэргэжилтнүүд чухал үүрэг гүйцэтгэх болно. Иймээс бид мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлнэ. Мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэнэ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөнө. Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөнө. Монголын төмөр замын хөгжилд бодит хувь нэмэр оруулна. Хамт суралцсан ангийн нөхөд, найз нөхөд, нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралын зам нь амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе. Ган зам үргэлж өөдөө байж, галт тэрэгний дуутай хамт бидний мөрөөдөл улам холд хүрэх болтугай.
Ашиглалтын техникчийн III ангийн төгсөгч Сумъяагийн Ганди:
-Өнөөдөр Политехник коллежийг ашиглалтын техникч мэргэжлээр төгсөж байна. Энэ сургуульд элсэж орсондоо, мөн өнөөдөр төгсөж байгаадаа үнэхээр их бахархаж байна. Төмөр замчин хэмээх том гэр бүлийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Сургуулиа төгсөөд төмөр замын салбартаа ажиллахад бэлэн болсон. Улаанбаатар хэсэглэлээс ажлын урилга хүлээн авч, Цагаанхяр зөрлөгт бэлтгэл жижүүрээр дагалдан ажиллаж эхлээд байна. Миний ажлын гараа Цагаанхяр зөрлөгөөс эхэлж байгаа юм. Би Сүхбаатар аймгийн хүн. Манай нутагт төмөр зам байдаггүй, аав ээж маань ч төмөр замын салбарт ажилладаггүй. Энэ мэргэжлийг өөрийн хүсэл сонирхлоор сонгож, өнөөдөр амжилттай төгсөж байгаадаа, мөн гэр бүлийнхээ анхны төмөр замчин болж байгаадаа маш их баяртай байна.
Зүтгүүрийн туслах машинч ангийн төгсөгч Э.Гоцбаяр:
-Сургуулиа төгсөж байгаадаа маш их баяртай байна. Гурван жилийн хугацаа үнэхээр хурдан өнгөрчээ. Нэг мэдэхэд төгсөх өдөр ирчихсэн байна. Төгсмөөргүй ч юм шиг санагдаж байна. Манай гэр бүл төмөр замын салбартай салшгүй холбоотой. Миний аавыг Б.Эрдэнэ гэдэг. Сайншанд өртөөнд вагоны найруулагчаар ажилладаг. Ах Э.Содбилгүүн хувийн төмөр замд туслах машинчаар ажилладаг. Би сургуулиа төгсөөд төрөлх Дорноговь аймгийн Сайншанд хотдоо очиж, туслах машинчаар ажиллахаар төлөвлөж байна.
Ийнхүү Политехник коллежийн төгсөгчид мэргэжлээрээ бахархаж, Монголын төмөр замын салбарт хүчээ өргөхөөр ажлын гараагаа эхлүүлэхэд бэлэн боллоо. Амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
