Эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж, залуу халуун насныхаа эрч хүч эрдэм чадлыг гайхуулж явсан бахархам гавьяатай ахмадууддаа УБТЗ-ын Ахмадын байгууллагын 45 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан УБТЗ ХНН-ийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.

            УБТЗ-ын бахархам түүхийг урсах хөлс, уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ бүтээж, ахмад үеийнхний алдар гавьяаг арилшгүй алтан үсгээр мөнхөлсөн ахмадуудаараа  нийт төмөр замчид бид бахархаж, гүнээ хүндэтгэж байдгаа илэрхийлье. УБТЗ ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн жил тус нийгэмлэгийн ахмадын байгууллагын 45 жилийн ой тохиож байна. Улс орныхоо хөгжилд УБТЗ-ын оруулсан хувь нэмрийг төр, засаг өндөрөөр үнэлж Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” хэмээх эрхэм хүндтэй алдар цолыг олгоход ахмадууд та бүхний минь хөдөлмөр зүтгэл асар их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

УБТЗ-ын ажилсаг бүтээлч хамт олны дундаас 15 Хөдөлмөрийн баатар, 54 Гавьяат төрөн гарсан нь ахмадууд маань Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд  ямар чухал үүрэг гүйцэтгэснийг илэрхийлж байна. Залуу сайхан насныхаа эрч хүч, эрдэм чадлаа УБТЗ-даа харамгүй зориулсан ахмадууддаа анхаарал халамж тавих нь Замын удирдлагын үүрэг, нэр төрийн хэрэг юм. Замын захиргааны зүгээс ахмадууддаа анхаарал халамж тавих, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ахмадын байгууллагаа бэхжүүлэх зорилгоор жил бүр ахмадын байгууллагадаа санхүүжилт олгодог. Зөвхөн 2024 онд гэхэд 3.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Цаашдаа ч Замын захиргаа ахмадуудынхаа төлөө анхаарч ахмадын байгууллагаа дэмжиж ажиллах болно.

УБТЗ-ын 8400 гаруй ахмад төмөр замчныг эгнээндээ нэгтгэсэн УБТЗ-ын Ахмадын холбоо нь  бүх талаараа манай улсын үлгэр жишээ шилдэг ахмадын байгууллага болтлоо хөгжиж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. УБТЗ-ын ахмадын байгууллага нь бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжиж, ахмадуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тавих анхаарал халамжаа сайжруулахад анхаарч ажиллахын зэрэгцээ нийгэмлэгийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын төлөө Замын удирдлага болон залуучуудын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байдаг юм. Замын удирдлага ахмад залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлэхэд цаашдаа ч анхаарч ажиллах болно.   

       УБТЗ-ын ахмадын байгууллагын 45 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан нийт ахмад төмөр замчид та бүхэндээ урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.

 

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН 

ДАРГА                                           Х.ХЭРЛЭН