Нүүр УБТЗ ХНН УБТЗ 296 ажлын байранд ажилтан авах хэрэгцээ байна
УБТЗ ХНН

УБТЗ 296 ажлын байранд ажилтан авах хэрэгцээ байна

G.Press 14 цагийн өмнө 14 үзэлт 0 сэтгэгдэл

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т УБТЗ-ын Хүний нөөцийн алба оролцож, сул орон тоо, сургалтын боломж болон байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгчээ.

Тус өдөрлөгийн үеэр байгууллагын цахим хуудсанд байршуулсан нээлттэй ажлын байруудыг олон нийтэд танилцуулж, иргэдийг тохирох ажлын байранд зуучлах ажлыг газар дээр нь зохион байгуулж байлаа. УБТЗ-ын шугамын дагуух 58 байгууллагын нийт 296 ажлын байранд ажилтан авах хэрэгцээтэй байгаа аж. Эхний хоёр өдрийн байдлаар 250 гаруй иргэнд ажлын байрны мэдээлэл өгсөн. Үүнээс 42 иргэнийг тохирох ажлын байртай нь танилцуулж, холбогдох салбар нэгжүүдэд мэдээллийг нь хүргүүлжээ. УБТЗ-ын Хүний нөөцийн албаны Цахим систем, хяналт судалгаа хариуцсан хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэнгэлсүрэн, “Нээлттэй хаалганы өдөрлөгийн гол ач холбогдол нь ЗТЯ-ны харьяа байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй танилцуулж байгаад оршиж байна. Цахим орчноос мэдээлэл авах боломжтой ч иргэд өөрсдийн сонирхсон асуудлаар мэргэжлийн хүмүүсээс шууд асууж тодруулах боломж хомс байдаг. Харин энэ өдөрлөгөөр дамжуулан иргэд хэрэгцээтэй мэдээллээ нэг дороос авлаа. Байгууллагын хувьд шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, иргэдийн хувьд өөрийн боловсрол, ур чадварт тохирсон ажил мэргэжлийн боломжийг олж авах нөхцөлийг бүрдүүлж байна. Нээлттэй, ил тод мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх нь байгууллагын үүрэг. Иргэдэд хүрэх мэдээллийн цар хүрээ нэмэгдэх тусам байгууллагын үйл ажиллагааны үр өгөөж, хүртээмж ч мөн нэмэгдэнэ гэж үзэж байна” хэмээн ярьсан юм. Иргэдийн зүгээс хамгийн их сонирхож байгаа зүйл нь нээлттэй ажлын байрны талаар байв. Мөн УБТЗ-д хэрэгжиж байгаа “Цахим төмөр замчин”, “Эйч Ар Эс” хүний нөөцийн сургалтын цахим платформын талаар иргэдэд мэдээлэл өглөө. Түүнчлэн, УБТЗ арван стандартыг 2021 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлээд явж буй. Үүнтэй холбогдуулан зөвлөмж өгөх, сургалтыг хамтран зохион байгуулах, хэмжилзүйн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, баталгаа өгөх зэрэг үйлчилгээг үзүүлсэн билээ. УБТЗ-ын түүхэн замналыг “Ви Ар” буюу виртуал төхөөрөмжөөр танилцах боломжийг олгож байлаа. Олон улсын ачаа тээвэр болон Монгол Улсаас  экспортод гарч байгаа болон олон улсын болон орон нутгийн ачааны үнэ тарифийн талаар олон нийтэд мэдээлж, шаардлагатай тохиолдолд тээврийн захиалга авч байв. Зорчигч тээврийн албаны асраас зорчигч тээвэртэй холбоотой үйлчилгээ болон ачаа тээвэрлэлт, киоск машинаас тасалбараа худалдаж авах боломжийг бүрдүүлжээ.

 

Б.Түмэн

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.