Төмөр замын дээд сургуулийн 70 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчдөд болон оюутан залуусдаа ойн баярын мэнд дэвшүүлье.
1949 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” байгуулагдаж, Монгол Улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжиж эхэлснээр төмөр замын үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилт тулгарсан юм.
1953 онд Төмөр замын техникумыг байгуулж, сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь өнөөдрийн ТЗДС-ийн үндэс суурь болсон.
ТЗДС байгуулагдсан цагаасаа эхлэн нийгэмлэгийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад шаардлагатай мэдлэг, чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, “УБТЗ” ХНН-ийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Замын захиргаа тус сургуулийн сургалтын орчин нөхцлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулахад байнга анхаарч ирсэн бөгөөд цаашдаа ч анхаарах болно.
Өнөөдөр Монгол Улсад төмөр замын тээврийн салбар өргөжин хөгжиж, төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэхийн хэрээр мэдлэг, чадвартай хүний нөөцийн эрэлт хэрэгцээ ихсэж, үүнтэй холбоотойгоор нийгэмлэгийн хүний нөөцийн санг чадварлаг мэргэжлийн боловсон хүчнээр байнга найдвартай хангах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Иймд тус сургууль нь сургалтын чанараа улам сайжруулж, “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэх хариуцлагатай үүрэг ноогдож байна.
ТЗДС-ийн хамт олон энэхүү эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, сургалтын чанар арга зүйгээ улам сайжруулж ажиллахыг даалгаж байна.
Төмөр замын дээд сургуулийн нийт багш ажилтнууд, оюутан суралцагч нартаа ажил хөдөлмөрийн амжилт, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрдэм номын цагаан мөр дэлгэрэх болтугай.
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Х.ХЭРЛЭН