Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1. Төмөр замын дээд сургууль /ТЗДС/-ийн бакалаврын хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 14,  Дээд боловсролын  тухай хуулийн 18 дугаар зүйл, БШУ-ны сайдын 2024 оны гуравдугаар сарын 20-ны А/143 тоот “Оюутан элсүүлэх журам”, дөрөвдүгээр сарын 12-ны А/170 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг  баримтална.
    2. БШУЯ-наас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох стандартад нийцүүлэн ТЗДС-ийн удирдах зөвлөл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгээс баталсан хяналтын тоонд багтаан ТЗДС-ийн бакалаврын  хөтөлбөрт оюутан элсүүлнэ.
    3. ТЗДС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг  “бүртгүүлэгч”,  элсүүлэх хяналтын тоог “хяналтын тоо”, хяналтын тоонд багтан элсэх эрхээ баталгаажуулсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн системийг “элсэлтийн систем”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “элсэлтийн комисс” гэнэ.
    4. ТЗДС-д  оюутан элсүүлэх, бүртгэх, баталгаажуулах, мэргэжил сонголт хийлгэх үйл явц ил тод шударга, тэгш хүртээмжтэй байна.
    5. Элсэлтийн комисс нь элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой сурталчилгааны материал бэлтгэх, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр хөтөлбөрүүдийг сурталчлах ажлыг зохион байгуулна.

 

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИСС БАЙГУУЛАХ

2.1       Элсэлтийн комиссын бүрэлдэхүүнийг ТЗДС-ийн захирлын тушаалаар томилно.

2.2       Элсэлтийн комиссын дарга элсэлтийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, тухайн журмаар зохицуулагдахгүй асуудлыг комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

2.3       Элсэлтийн комисс хяналтын тоо үлдсэн тохиолдолд нэмэлт элсэлтийг зохион байгуулж болно.

 

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1       Элсэхийг хүссэн иргэд энэхүү журамтай танилцан, ТЗДС-ийн https://elselt.xcloud.mn/ элсэлтийн системд бүртгүүлснээр оролцох эрх үүснэ.

3.2       Бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэн байна.

3.3       Бүртгүүлэгчийн ЭЕШ-ийн батламж нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх нөхцөлийг хангасан байх ба бүртгүүлэгч нь 3-аас доошгүй шалгалт өгсөн байна.

3.4       Бүртгүүлэгч нь дараах хичээлүүдээр ЭЕШ-ийг өгч, БШУЯ-аас баталсан үндэсний босго онооны болзлыг хангасан байна. Үүнд:

ТЗДС-д элсэх хөтөлбөрт тавигдах босго онооны жагсаалт: 

Хүснэгт 1

Индекс

Хөтөлбөрийннэр

ЭЕШ-1

Босго оноо

ЭЕШ-2

Босго оноо

1

104103

Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт

Математик, Физик

480

Нийгэм судлал,  Англи хэл

 

440

2

071310

Цахилгаан хангамж

Математик, Физик

480

Нийгэм судлал,

Англи  хэл

450

3

071403

Төмөр замын автоматик ба телемеханик, холбоо

Математик

480

Физик,

Англи  хэл

450

4

071606

Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй

Математик, Физик

450

Нийгэм судлал,

Англи  хэл

450

5

071607

Вагон, вагоны аж ахуй

Математик, Физик

450

Нийгэм судлал,

Англи  хэл

450

6

071608

Төмөрзамынбарилга, зам, замын аж ахуй

Математик, Физик

450

Нийгэм судлал,

Англи  хэл

450

7

071609

Төмөр замын машин ашиглалт

Математик, Физик

450

Нийгэм судлал,

Англи  хэл

450

ОХУ-ын Эрхүүгийн Зам харилцааны их сургуультай хамтран хэрэгжүүлдэг 2+3 хөтөлбөр

8

071403

Төмөр замын автоматик ба телемеханик, холбоо

Математик

480

Физик,

Англи  хэл

450

9

071608

Төмөр замын барилга, зам, замын аж ахуй

Математик, Физик

450

Нийгэм судлал,

Англи  хэл

450

БНХАУ-ын Бугатын ТЗК-той шаталсан 3+2 хөтөлбөр

10

 

Мэргэжлийн хөтөлбөр

Математик,

Нийгэм судлал,

Физик, Англи хэл

400

Дурын нэг хичээл

400

 

3.5       УБТЗ-ын ПТК-ийн МСҮТ-ийн нэг жилийн сургалттай хөтөлбөрийн төгсөгч ЭЕШ-ийг өгч, ТЗДС-ийн бакалаврын хөтөлбөрт тавигдах үндэсний босго онооны болзлыг хангасан тохиолдолд 3.4 заалтын дагуу элсэлтийн бүртгэлд хамрагдана.

3.6       БШУ-ны сайдын 2024 оны гуравдугаарэр сарын 20-ны өдрийн А/143 тоот тушаалаар “Оюутан элсүүлэх журам”-ийн 2.4 дүгээр заалтын шалгуурыг хангасан иргэнээс ЭЕШ шаардахгүйгээр элсүүлнэ. Үүнд:

 

3.6.1   Дэд бакалавр, Бакалаврын боловсролтой иргэн; /төгсөлтийн мэдээлэл ДБУМС-д бүртгэлтэй байх/

3.6.2   УБТЗ-ын ПТК-ийн техникчийн хөтөлбөрийн төгсөгч мэргэжлийн чиглэлийн дагуу бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах; /голч оноо нь 2.5-аас дээш/

3.6.3   Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн тухайн чиглэлийн хөтөлбөрт; /батламж, сертификат нотлох баримтад үндэслэх/

3.6.4   Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн;

3.6.5   Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн,

                        -    Иргэний үнэмлэх /хуулбар/

  • Ажлын газрын тодорхойлолт /ажилласан жил, ажиллаж буй мэргэжил/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /e-Mongolia/
  • Өргөдөл тус тус бүрдүүлэн элсэлтийн комисст өөрийн биеэр бүртгүүлнэ.

 

ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙНБҮРТГЭЛ

 

4.1      Элсэлтийн бүртгэл 2024 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагаас долдугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагийн хооронд, ТЗДС-ийн элсэлтийн https://elselt.xcloud.mn/ системээр, орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

 

4.2       Бүртгүүлэгч нь цахим  элсэлтийн системд БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтрэх ба бүртгэлийн хураамж төлөх зөвлөмжтэй танилцан, цахим гүйлгээ хийх эрхтэй банкны картаар гүйлгээ хийж, бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлснөөр баталгаажна.

4.3       Бүртгүүлэгч нэг бүртгэлийн хураамжаар хоёроос ихгүй хөтөлбөрт бүртгүүлж болно.

4.4       УБТЗ ХНН-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан чиглүүлэх сургалттай  Дархан, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүдийн лицей сургуулиудын төгсөгчдийг ТЗДС-ийн  тухайн хөтөлбөрт, онооны үнэлгээг үндэслэн, хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Бүртгүүлэгчийн ЭЕШ-ийн суурь болон дагалдан хичээлийн оноо нь үндэсний босго онооны болзлыг хангасан, 4.2 заалтын дагуу бүртгэлийн хураамжийг төлсөн байна. Энэ нөхцлийг бүртгүүлэгч болзол хангасныг гэрчлэх бичиг баримтыг хуулбар хувийн хамт элсэлтийн комисст 2024 оны долдугаар сарын 08-ний өдрийн 15:00 цагт багтаан хүлээлгэн өгч, хүсэлтийг бичгээр гаргана.

 

ТАВ. ЭРЭМБЭЛЭЛТ, ОНООНЫ ЖАГСААЛТ ГАРГАХ

 

5.1       Элсэлтийн бүртгэл хаагдангуут нийт бүртгүүлэгчдийн ЭЕШ-ийн мэдээллийг БҮТ-ийн серверээс татаж, элсэгчдийн онооны жагсаалтыг гаргана.

5.2       Бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг ЭЕШ-1 болон ЭЕШ-2 хичээлийн онооны нийлбэрээр эрэмбэлж,  2024 оны долдугаар сарын 9-ний өдрийн 15:00 цагт элсэлтийн https://elselt.xcloud.mn/ систем болон Төмөр замын дээд сургууль /Албан ёсны хуудас/ фейсбүүк хуудсаар мэдээлнэ.

5.3       Элсэгчдийн нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд ЭЕШ-ийн суурь болон дагалдан хичээлийн гүйцэтгэлийн хувийг тооцон байр эзлүүлэх ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.

 

ЗУРГАА. МЭРГЭЖИЛ СОНГОЛТ, БАТАЛГААЖИЛТ

 

6.1       Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн https://elselt.xcloud.mn/ системд нэвтэрч шалгана.

6.2       Шинээр элсэгчдийн суралцах хөтөлбөрийн сонголт, баталгаажуулалтыг 2024 оны долдугаар сарын 9, 10, 16-26-ны өдрүүдэд зохион байгуулна.

6.3       Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж, элсэх эрхтэй болсноос хойш 72 цагт багтаан ТЗДС-ийн цахим элсэлтийн системд нэвтэрч, 100.000 төгрөгийг төлснөөр элсэн суралцах эрх баталгаажна. Суралцах эрх баталгаажуулсан 100.000 төгрөгийг сургалтын төлбөрт шилжүүлэн тооцно. Элсэх эрхээ баталгаажуулсан тохиолдолд “Суралцах эрхийн бичиг” болон эрүүл мэндийн үзлэгийн хуудас цахимаар олгогдоно.

6.4       Элсэгчийн элсэх эрхээ баталгаажуулсан 100.000 төгрөгийг буцаан олгохгүй.

6.5       ТЗДС-ийн элсэлтийн хяналтын тоог баримтлан, онооны жагсаалтын дарааллын дагуу нэг элсэгч зөвхөн нэг хөтөлбөр сонгох байдлаар элсэх эрхийн баталгаажуулалт хийгдэнэ.

6.6       Суралцах эрх авч, баталгаажуулалт хийсэн элсэгчдэд дахин өөр мэргэжлээр сонголт хийхийг зөвшөөрөхгүй.

6.7       Элсэлтийн хяналтын тоонд багтсан боловч хөтөлбөр баталгаажуулаагүй тохиолдолд суралцах эрхийг дараагийн элсэгчдэд шилжүүлэх замаар ил тод, цахим хэлбэрээр зохион байгуулна.

 

ДОЛОО.ШИНЭ  ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

 

7.1       Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид https://elselt.xcloud.mn/ веб хуудсанд нэвтэрч, оюутны цахим анкет бөглөж, 2024 оны наймдугаар сарын 15-31-ний өдрийг дуустал ажлын цагаар ТЗДС-ийн сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

7.2       Элсэгч өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөний хүнийг явуулж бүртгүүлж болно.

7.3       Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

-  Суралцах гэрээг цахимаар бөглөн, элсэлтийн веб хуудаснаас хэвлэнэ.

- Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт /эх хувь/, хуулбарын хамт,

-  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь/, хуулбарын хамт,

-   ЭЕШ-ийн батламж /эх хувь/,

-   ЕБС-ийн сурагчийн хувийн хэрэг,

-   Сүүлийн зургаан сард авахуулсан 3х4 хэмжээтэй хоёр хувь цээж зураг,

-   Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хуудас,

- Дээрх бичиг баримтыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байх. /А4 хэмжээтэй/

 

7.4       Суралцах эрх авсан элсэгчид 2024 оны долдугаар сарын 16-наас наймдугаар сарын 28-ныг дуустал УБТЗ-ын Төв эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаж, эрүүл мэндээр тэнцсэн байна.

7.5       Суралцах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болсонд тооцно. Үүнд:

-Суралцах эрхийн бичиг авсан боловч ирж бүртгүүлээгүй, хичээл сонголт хийгээгүй тохиолдолд,

                        - Эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй.

 

НАЙМ. ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ

 

8.1       Монгол Улсын Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 102 дугаар тогтоолын дагуу Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, буцалтгүй тусламж тэтгэлэг. Үүнд:

- Бүтэн өнчин суралцагч,

- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч

- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч,

- Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч,

-Нэг өрхийн гурав болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгуулагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж буй тохиолдолд нэг суралцагч,

8.2       УБТЗ-ын ХНН-ийн даргын 2023 оны хоёрдугаар сарын 28-ны А/210 тоот “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоно.

 

ЕС. БУСАД

 

9.1       Энэхүү журмын 6.2-д заасан хугацаанд элсэлтийн хяналтын тоо дүүрээгүй тохиолдолд нэмэлт элсэлтийг зарлаж болно. Нэмэлт элсэлт зохион байгуулахтай холбоотой асуудлыг ТЗДС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

9.2       Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.

9.3       Элсэлттэй холбоотой энэхүү журамд тусгагдаагүй гомдол, маргаантай асуудлыг өргөдөл хүсэлтийг үндэслэн элсэлтийн комисс хянан шийдвэрлэнэ.

9.4       Бүртгүүлэгч өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.

9.5       БШУЯ-наас гаргасан элсэлтийн хугацаа тухайн нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдвөл ТЗДС-ийн элсэлт авах хугацаа даган өөрчлөгдөнө.

9.5       ТЗДС-ийн элсэлтийн комисстой ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд дараах дугааруудаар холбоо барина. Үүнд:

Утас: 21-242273

8602-2273