Төмөр замын дээд сургууль, Политехникийн коллеж хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Л.Булганхүү, “УБТЗ”-ын Ерөнхий инженер С.П.Старцев, Хөдлөх бүхэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, МУ-ын  Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэн, ПТК-ийн захирал Ё.Бямбатогтох, Монгол Улсын Гавьяат тээвэрчин, ТЗДС-ийн Төгсөгчдийн холбооны тэргүүн Л.Мөнхбаяр, Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, Зүтгүүрийн аж ахуйн албаны орлогч дарга Д.Хорлоо, Зорчигч тээврийн албаны ерөнхий инженер ??..Жамъянсүрэн тэргүүтэй нарын удирдах ажитнууд, эцэг эхчүүдийн төлөөлөл, оюутнууд оролцлоо.

ТЗДС-мйн захирал У.Мягмарсүрэн хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ сургуулийн 70 дахь жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочид, багш ажилчдад талархал илэрхийлээд “ТЗДС нь анх 1953 оны долдугаар сарын 14-ний өдрийн  МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 49/129 дүгээр тогтоолоор “Улаанбаатар төмөр замын техникум” байгуулах шийдвэр гарч, мөн сарын 22-ны өдрийн 644 тоот тушаалаар 1953-1954 оны хичээлийн жилд элсэлт авч вагон, ашиглалтын техникч бэлтгэж эхэлсэн түүхтэй. Энэхүү 70 жилийн түүхтэй сургуульдаа Монгол Улсын төмөр замын салбарын менежмент, тээвэр логистик, олон улсад төмөр замчдыг бэлтгэж буй сургалтын технологи, инновац нэвтрүүлэх, туршлага судлах, багшийн хөгжилд анхаарлаа хандуулах, чадавхжуулах сургалтын чанарыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, багш, судлаачдыг төмөр замын аж ахуй нэгжийн бусад байгууллагаас онцлогтой болохыг УБТЗ-ХНН-ийн удирдлагууд цаашид анхааран дэмжиж ажиллахыг ТЗДС-ийн нэрийн өмнөөс та бүхэнд уламжилж байна. Бид энэ хичээлийн жилд Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх, Байгууллагын магадлан итгэмжлэлд орох, Боловсролын менежмент ISO21001 стандартыг хэрэгжүүлэн, баталгаажуулахад анхаарч ажиллана. Мөн 70 жилээ тэмдэглэж, багш, оюутны хөгжил, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хөтөлбөрийн шинэчлэл, либерал арт хэлбэрийг хэрэгжүүлэх, хос, хавсарга хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хичээлийн сургалтын чанар, сургалтын таатай орчин бүрдүүлэх, анги танхим, лабораторийг , байгуулах,шинэчлэн засварлах гэх мэт Сургалт-Судалгаа-Үйлдвэрлэлийг хослуулан Дээд боловсролын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэн боловсролын үйлчилгээний чанарт ахиц гаргах зорилгыг дэвшүүлэн ажиллана. Төмөр замын салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг сургалтын байгууллагын менежментийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдэж, бусад их дээд сургуультай хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ, багшийн хөгжилд илүү анхааран ажиллах эрх зүйн боломж нээгдсэн гэж харж байна. Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар тогтоолоор Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн 83 мэргэжлийн жагсаалтыг баталсан. Энэхүү тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад Төмөр замын барилга, зам, замын аж ахуй, Логистик менежмент, Цахилгаан хангамж хөтөлбөрүүд багтсан. Ирээдүйн төмөр замын салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргахад дэмжин ажиллаж буй ЗТХЯ, БШУЯ, УБТЗ-ХНН, хамтран ажилладаг байгууллага хамт олон, БНХАУ-ын Бугатын Төмөр замын коллеж хоёроос гурван лабораторийг буцалтгүй тусламжаар тохижуулах ажлууд эхэлж байна.  ” гэв.

   Мөн ПТК-ийн захирал Ё.Бямбатогтох “Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон төмөр замын салбарт хүч оюунаа сорихоор ТЗДС болон ПТК-ийг сонгон элсэн орж буй оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсье. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манай оюутнууд идэвхтэй оролцсон. Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрт 130 орчим оюутан  зуны амралтаар ажиллаж 2.9 сая орчим төгрөгийг гар дээрээ авч, сургалтын төлбөрөө өөрсдөө төлсөн. Мөн Зорчигчийн вагон депод вагоны ангийн оюутнууд маань “Оюутны отряд”-аар ажилласан. Бүгдэд нь баяр хүргэе” гэсэн юм. Энэ хичээлийн жилд ПТК-д Мэргэжлийн боловсролоор 282, техникийн боловсролоор 115 оюутан элсээд байгаа аж. Мөн техникчийн 1.5 жилийн ангид 150, богино хугацааны чадамжийн хөтөлбөрт 300 орчим оюутан элсүүлэн суралцуулахаар төлөвлөсөн байна.

           

Х.Ганхуяг: Монгол Улсын ирээдүй бол оюутнууд та бүхний гарт байгаа

УИХ-ын гишүүн

-Юуны өмнө 70 жилийн ой тохиож буй ТЗДС-ийн удирдлага, багш, хамт олон, оюутнуудад баярын мэнд хүргэе. Төмөр зам бол Монгол Улсын тэргүүлэх салбар. Хүнээр төсөөлж бодвол артерийн судас нь гэсэн үг. Харин авто зам нарийн судаснууд нь юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн, Боомтын сэргэлтийн зэрэг олон бодлогын хүрээнд концессын болон хувийн хэвшлийн олон шинэ төмөр замыг барьж байна. Ирэх жилээс зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг барина. Тэгэхээр Монгол Улсын ирээдүй бол оюутнууд та бүхний гарт байгаа шүү гэдгийг сануулж хэлье.

            Түүнчлэн, нээлтэд хүрэлцэн ирсэн зочдоос Замын ерөнхий инженер С.П.Старцев, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, Гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр, Ю.Нямжаргал нар үг хэлж, оюутнуудад амжилт хүссэн бол Замын даргын мэндчилгээг Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр уламжиллаа. Мөн Замын II анги, Зорчигчийн вагон депод ажилласан “Оюутны отряд”-ын оюутнуудад тухайн байгууллагаас нь дурсгалын зүйлс, мөнгөн урамшуулал олгож, зарим оюутанд төгсөөд ажиллах ажлын байрны урилга гардууллаа. Ийнхүү хоёр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт оюутнуудад амжилт хүссэн ухаарлын үгстэй, дуу хуур, бүжиг наадамтай өргөн дэлгэр болж өндөрлөлөө.