2009 оны эцсээр Монгол- Оросын хувь нийлүүлсэн ” Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хоёр талын хувь нийлүүлэгчид, нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Хоёр улсын Засгийн газрын дэмжлэгээр гарсан энэ шийдвэр нь УБТЗ-ын техник технологийг шинэчлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх түүхэн шийдвэр болов.

ХХХ

2010 оны зургаадугаар сард “2ТЭ-116УМ” серийн хос зүтгүүр, 80 вагоноос бүрдсэн 6800 тонны жинтэй ачаа бүхий урт бүрэлдүүхэнтэй галт тэргийг Толгойт өртөөнөөс  БНХАУ-руу үдэн гаргасан нь төмөр замын түүхэнд анхных болж бичигджээ. Мөн оны сүүлчээр галт тэрэгний хөдөлгөөны аюулгүй байдлыг найдвартай хангаж, тээврийн төлөвлөгөөт зорилтыг олон жил тасралтгүй давуулан биелүүлсэн Улаанбаатар Зүтгүүрийн депогийн машинч Н.Алтантогос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдав.

ХХХ

2011 оны эхээр Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд ОХУ-ын талд оногдох 125 сая ам.долларын санхүүжилтээр 2ТЭ116УМ серийн 30 зүтгүүр,ТЭМ-18ДМ серийн сэлгээний долоон зүтгүүр ОХУ-аас худалдан авах гэрээ байгуулагдав.

ХХХ

2013 оны сүүлчээр Сайншанд-Агьсүмбэт хоорондын замын 857 дугаар км-т алсын удирдлагатай микропроцессын цахилгаан төвлөрүүлэлттэй автомат зөрлөгийг барьж ашиглалтад орууулсан нь галт тэрэгний хөдөлгөөнийг удирдаж, тээвэр зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн өргөн хүрээтэй зорилтын эхнийг шанг татсан үйл явдал боллоо.

ХХХ

2014 оны хоёрдугаар сард ОХУ-ын Сочи хотод эхэлсэн  Өвлийн XXII Олимпын тоглолтыг байгууллагадаа олон жил үр бүтээлтэй ажилласан төмөр замчдад үзүүлэхээр УБТЗ-ын Захиргаа шийдвэрлэсэн байна. Ийнхүү гурван ээлжээр 72 төмөр замчин Сочи хотыг зорьсон нь төмөр замын түүхэнд анхных болж бичигдэв.

ХХХ

2014 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар улс орныхоо хөгжил дэвшлийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, түүчээгийн үүрэг гүйцэтгэсэн “Улаанбаатар Төмөр Зам”-ын хамт олныг 65 жилийнх нь ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын одонгоор шагнаж, шагналыг Хөлийн гол дахь төмөр замчдын баяр наадмын талбайд гардуулав.

ХХХ

Төмөр замчид 2014 онд 21118.6 мянган тонн ачаа, 3305.8 мянган зорчигч тээвэрлэж, 13668.2 сая шилжүүлсэн тонн км-ын ажил гүйцэтгэсэн нь 2009 оны дүнтэй харьцуулахад 6947.1 мянган тонн ачаа, 187.5 мянган зорчигч илүү тээвэрлэсэн дүн байв.