2015 оны сүүлчээр Хандгайт- Төмөртэйн 34 километр замыг Улаанбаатар төмөр замын Зам засварын машин станцын хамт олон чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад хүлээлгэн өглөө. Уг замын 20.7 км нь гол зам, 13.3 нь өртөө зөрлөгийн болон ачиж буулгах зам ажээ.
***
2016 оны есдүгээр сард Зорчигчдын вагон депогийн хамт олон нам, төрийн удирдагч асан маршал Ю.Цэдэнбалын вагоныг засварлан тохижуулж, мөнхийн зогсоолд нь залав. Ю.Цэдэнбал нь Монголын төр засгийг 44 жил удирдахдаа Улаанбаатар төмөр замын хөгжил дэвшлийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн билээ.
***
2017 оны хоёрдугаар сард “УБТЗ- 2030 форум” зохион байгуулагдав. Энэхүү форумаар Замын нийгэм, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч дарга, техникийн ухааны доктор Л.Халтарын удирдсан ажлын хэсгийн боловсруулсан УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг ул суурьтай хэлэлцжээ.
***
2017 оны зургаадугаар сард Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон, ачааны вагон угсрах цехийг ашиглалтад оруулан, төмөр замын түүхэнд анх удаагаа өөрсдийн угсарсан таван ачааны вагоныг тээвэрт хүлээлгэн өгөв.
***
2018 оны арваннэгдүгээр сард УБТЗ- ын Зам засварын машинт станцын хамт олон Сайншанд-Алтанширээгийн 27 км замыг барьж хүлээлгэн өгөв. Уг замын 18 км нь гол зам, 9 км нь өртөө зөрлөг, ачилт буулгалтын зам ажээ.
***
2019 оны долдугаар сард УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Н.Ширнэндугар Хөдөлмөрийн баатар, ахмад төмөр замчин Д.Пүрэвжав, Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Г.Гал-Эрдэнэ нар Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол хүртэв.
***
Төмөр замчид 2019 онд 28143.0 мянган тонн ачаа, 2948.0 мянган зорчигч тээвэрлэн, 18495.6 сая шилжүүлсэн тонн/км-ийн ажил гүйцэтгэсэн нь 2014 оныхоос ачаа тээврийн хэмжээ 24.4 мянган тонноор нэмэгдсэн ч, зорчигч тээвэр 357.8 мянган хүнээр буурсан үзүүлэлт ажээ.
МУСГЗ Л.Сэнгээ