Эрхэм хүндэт төмөр замчид Та бүхэндээ Монголын цагаан сарын шинийн нэгний мэндчилгээг дэвшүүлж, бялхаж, цэлгэж явахын ерөөлийг цэнхэр хадгийн хамт өргөн барья.

Монголын цагаан сар бол Монгол үндэстний том баяр билээ. Баян, барлаг хоёр зэрэг шинэлнэ. Хамгийн бэлгэ дэмбэрэлтэй сайхан өдөр юм аа. Тэнгэрт армаг тармаг үүлтэй байвал улам ч сайн гэдэг. Тэр өдрийн бүх сайхан үйл тэр жилийг даана. Бүх л үйл ариун сайхан байх учиртай. Хувь хүн ч тэр, хувьсгалын албан байгууллага ч ялгаагүй. Бар жил шувтарч туулай жил гарч байна. Өнгөрч буй онд нэлээд аймгуудад ган болж тэр хэмжээгээр зудархуу байлаа. Тэгэхдээ зуд зулагтай гэдэг, сайхан байх байхаа. Туулай ер нь хүний сэтгэлд хүүхдийн зан аалиар буудаг хөөрхөн амьтан шүү дээ. Манай төмөр замын хувьд Хятад улсын зүгээс хорио цээрээ суллаж, оны сүүл рүү ачаа тээврийн хэмжээ өслөө. Тээвэр зохион байгуулалтын албаны  70, 71 жилийн ой тохиож, энэ үеэр үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа таваар ачсан ачааны галт тэргийг явуулсан нь үйлчилгээний үлгэр жишээч том маркетинг болов.

Зүүнхараагийн вагон депо шинэчлэлийн рейсэн дээр найдвартай зогсож чадлаа гэж үзнэм. Толгойт өртөөний хамт олон хичээнгүйлэн ажилласны үр дүнд ялангуяа орон нутгийн ажлын чанар нь тогтвортойгоор дээшиллээ.

Зураг төслийн хэлтсийн ажлын чанар өндөр үнэлгээтэй явна. Дуу бүжгийн чуулгын ажил олны нүдэн дээр сайн байна. “Ган зам” сонины хэвлэлийн чанар сайжирлаа. Уншигчдын сониндоо хандах хандлага ч дээшилж байна.

    Улаанбаатарын Вагон ашиглалтын депогоос эхлээд шинийг санаачилах хөдөлгөөн зэгсэн өрнөж байгаа нь туйлын сайшаалтай. Энэ мэтээр ган замчид маань шударга арвин хөдөлмөрөөрөө олсон амжилтаа туулай жилд улам ахиулна гэдэгт гүнээ итгэж байна.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Ган зам зурайж, галт тэрэг жирийж байх болтугай!

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш