“УБТЗ”-ын Залуучуудын төв байгууллагын дэргэдэх Хувь хүний хөгжлийн академ ТЗДС-тай хамтран “Парламентын мэтгэлцээн, уран илтгэл сонирхогч төмөр замчин залуусын клуб” байгуулсан билээ. Тус клубт хамрагддаг оюутнуудын сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мэтгэлцээн, уран илтгэлийн дадлага сургуулийг долоо хоног бүрийн Баасан гарагт зохион байгуулж буй юм. Энэ удаад Улс тунхагласны өдрийг тохиолдуулан “Тусгаар тогтнол” сэдвээр илтгэлийн уралдаан зарлалаа. Үүнээс тэргүүн байрт Т-2 ангийн оюутан О.Ганхөлөг, дэд байрт СПМ-4 ангийн оюутан Б.Отгон-Эрдэнэ, гутгаар байрт М-2 ангийн оюутан Э.Пүрэвсүрэн нар шалгарч, П-2 ангийн оюутан О.Болоржин, ДТ-1 ангийн оюутан Г.Булган-Эрдэнэ нар удааллаа. Ингээд байр эзэлсэн гурван оюутны илтгэлээс хураангуйлан хүргэе.
Тэргүүн байр
О.Ганхөлөг /Т-2 анги/
-Би Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт төрсөн. “Эрээн уулнаас уулс эхэлнэ.
Эргэн шанднаас ус эхэлнэ
Энэ хоёроос би эхэлнэ
Эх орон минь эндээс эхэлнэ...” хэмээн Хөдлмөрийн баатар, АУЗ Д.Пүрэвдорж агсан шүлэглэсэн байдаг. Монгол Улсад төрсөн минь ямар их аз завшаан, хувь тохиол вэ гэж би боддог. Яах вэ, өнгөц харахад гараад л бухимдал байна. Зун нь усанд живж, өвөлд нь угаартчих гээд стрессийн дунд амьдарч байж яагаад баярлаад байгаа юм бол гэж зарим нь бодож магадгүй. Түүхийн шаргал хуудсын өчүүхэн хэсгээр аялаад үзвэл та бүхэн ойлгоно. Манайх шиг 2200 гаруй жилийн төрт улсын түүхтэй улс орон өөр байдаггүй юм байна. Бидний мэддэг өнөөгийн хамтгийн том гэгддэг улс гүрнүүд дээд тал нь мянга гаруй жилийн л түүхтэй юм билээ. Тиймээс би Монгол Улсаараа бахархдаг. Тусгаар тогтгол гэдэг нь онолын хувьд бие даасан эрх чөлөөт байдал шүү дээ. Эх орноо гэсэн өвөг дээдэс, эрэлхэг хөвгүүдийн халуун амь, бүлээн цус, хатан зоригоор тамгалагдаж үлдсэн тусгаар тогтнол Монгол хүн бүхэнд үнэтэй.
Дэд байр
Б.Отгон-Эрдэнэ /СПМ-4/
-Монгол Улсын иргэн та эгэл жирийн нэгэн талхны мухлагт үндэс угсаа, арьс өнгөний ялгаварлан гадуурхалтаас болж худалдан авсан талхыг чинь шидэж өгөх, янз бүрээр хавчих мэдрэмжийг авч үзээгүй учраас тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэхгүй байж болох юм. Харин тусгаар тогтнолгүй жижиг улсын иргэдэд энэ зовлон үргэлж тулгардаг. Бидний тусгаар тогтнол бол өвөг дээдсийн маань олон жилийн тэмцэл, амь нас, зовлон зүдгүүрийн төлөөсөнд бүрэлдэн тогтсон түүхэн үнэт зүйл. Тусгаар тогтнолыг эрх чөлөөтэй нягт холбож үздэг. Эрх чөлөө гэдэг нь хүн болж төрсний маань гол утга учир юм. “Хар гэртээ хаан, бор гэртээ богд” гэдэг шүү дээ. Өөрөө өөртөө эзэн болж, өөрийнхөө үйлийг мэдэж, эрх чөлөөтэй байхын жаргал энэ. Ойрын түүхээс иш татвал 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1961 онд НҮБ-д элссэн, 1990 оны Ардчилсан хувьсгал гээд бүгд тусгаар тогтнолоо бэхжүүлж, бататгах, эрх чөлөөт нийгмийг бүтээх гэсэн түүхэн тэмцэл. Энэ үнэт зүйлийг бид нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, цаашид улам бататгах нь чухал гэж боддог.
Гутгаар байр
Э.Пүрэвсүрэн /М-2/
-Би хамгийн эхлээд үеийнхнээсээ “Тусгаар тогтнолоо тунхаглаад бич гэвэл хаана бичих вэ?” гэж асуумаар байна. Хэрэв надаас хэн нэгэн асуувал “Би тусгаар тогтнолыг ээжээрээ, газар нутгаараа тунхаглаж бичнэ” гэж хэлнэ. Тусгаар тогтнолын маань үнэт баталгаа болсон газар шороогоо бид хамгаалах хэрэгрэй. “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү гэж” Галдан Бошигт хэлсэн байдаг шүү дээ. Тиймээс би эх орныхоо хилээ манаж байгаа эр цэргүүддээ үргэлж талархдаг. Харин бид тусгаар тогтнолын баталгаа болсон цэргүүдийнхээ амь насыг хайрлаж, эрүүл энхэд нь цаашид анхаарч байх хэрэгтэй. 2022 оны байдлаар долоон цэрэг амиа алдаж, хоёр цэрэг хүнд бэртсэн судалгаа байна. Энэ хэрээрээ тусгаар тогтнолдоо халдаж байна гэсэн үг. Бид тусгаар тогтнолоо улам бататгаж, дэлхийн улс орнуудад үргэлж мэдрүүлж байх хэрэгтэй гэж би боддог. Эх орны минь тусгаар тогтнол улам батжиж, Монгол Улсын торгон хил үргэлж амгалан байх болтугай.
М.Наранболд