Атар онгон хөрсөндөө барагдашгүй баялагтай нутагт
Алтан ургийн өвөг дээдсийн байгуулж өгсөн улсад
Алга дарам газар нь ч халуун амины үнэтэйг
Алтан хилийн атга чулуу нь ч гэрчлэх буурал түүхтэй
Тусгаар тогтнол
Дэлхийн тооллын, Манай Эриний тооллын өмнөхөн үеийн
Дээдэс Хүннүгийн Модун шаньюй ч хамгаалсаар л байсан
Даян дэлхий дээр Их Монгол Улсаа байгуулсан алдартан
Даяар Монголын Далай Чингис хаан нь дархлан босгосон
Тусгаар тогтнолоор
Халхын голынхоо хөвөөн дээр ясаа тавьтлаа хамгаалсан
Хамар давааныхаа хөрсөн дээр цусаа урстлаа өмгөөлсөн
Хатан зоригт баатрууд нь Манжийн дарлалаас чөлөөлсөн
Хятадын гамин цэргүүдийг ч газар нутгаасаа зайлуулсан
Тусгаар тогтнол
Орон орны тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдсөн
Олон улстай, Нэгдсэн Үндэснийхээ Байгууллагад элсээд
Олимп, дэлхийн дэвжээнд төрийн далбаа нь намираад
Олсон амжилт бүхэндээ төрийн дуулал эгшиглэсэн
Тусгаар тогтнол
Тулгар ээж минь намайгаа төрүүлж, өсгөсөн газар нь
Тусгаар тогтносон Монгол эх орны минь газар шороо
Тугал бяруугаа хариулж, харайлгаж өссөн нутаг минь
Туурга тусгаар орон, энэ нутгийн минь газар шороо нь
Тусгаар тогтнол
Түүх соёлын өвүүд нь дэлхийд хүндлүүлсэн эх оронд
Төр улсаараа тэтгүүлээд, ясли цэцэрлэгт явсан минь ч
Түүх соёлоо дээдлэн, хичээл номонд шамдсан минь ч
Төрөлх хэлээрээ ярьж, эрх чөлөөтэй суралцсан минь ч
Тусгаар тогтнол
Дөнгөж төрөх үеэсээ л бид эрх чөлөөг эдэлдэг заяатай
Дөрөв таван насандаа ч дураараа эрхлэх эрх чөлөөтэй
Дуртай сургуульдаа сураад мэргэжил эзэмших хувьтай
Дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх боломжтой
Тусгаар тогтнол
Өөрийгөө төлөөлөх хүнээрээ хууль эрх зүй тогтоолгож
Үндсэн хуульт төрд сонгоод ажиллуулах тогтолцоотой
Өрнө, Дорнын ертөнцтэй танилцаад ухаарсан иргэдтэй
Үндсэн хуулиараа хамгаалагдсан ардчилсан нийгэмтэй
Тусгаар тогтнол
Туурга тусгаартай эх орондоо төрж, өссөнийхөө шанд
Төрөлх хэл, зан заншлаараа дураараа амьдрах хувьтай
Тив дэлхийн аль ч улсад төрөөрөө өмгөөлүүлэх эрхтэй
Тэнд эндхийн аль ч оронд улсаараа өмөөрүүлэх азтай
Тусгаар тогтнол
Тулгар төртэй улс минь тусгаар тогтносон байдаг юм
Тусгаар тогтнолоо тунхаглан Улсын наадам хийдэг юм
Туг сүлд нь жавхаажин ариухан салхиндаа хийсдэг юм
Тун ч жавхаа золбоолог цэрэг эрсүүд нь хамгаалдаг
Тусгаар тогтнол
Өндөр настан Боржигон овогт Цэдэн-Ишийн Бурмаа