Замын дарга Х.Хэрлэн долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт гологдолгүй ажиллажээ. Харин дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд тав, Вагоны аж ахуйн алба, СИРДП-Е, Баянтүмэн тасаг тус бүр нэг, зам дээр хүн, машин байсан зэрэг шалтгаантай бусдаар тооцогдсон гурав, нийт 11 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал гологдол хоёроор буурсан ч дутагдал есөн нэгжээр өсжээ.
Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 5-ныг дуустал 3657.7 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.8 хувиар биелүүлжээ. Мөн хугацаанд 2596.8 мянган тонн ачаа ачиж, 103.9 хувиар төлөвлөгөөг биелүүлэв. Тайлант долоо хоногт 6710 вагон буулгаж, хоногт дунджаар 67 вагон илүү буулгасан байна.
Орон нутгийн 288200, транзит 102400, экспорт 244200, импорт 95200 тонн буюу нийт 730000 тонн ачаа тээвэрлэсэн байна.
“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 79 вагон илүү буюу 1314, “Шивээ-Овоо” ХК 10 вагон илүү 722, “Эрдэнэт” үйлдвэр 13 вагон илүү буюу 139 вагон ачсан байна. Харин “Шарын гол” ХК жижиг хэрэглэгч рүү ачилт хийснээр удааширч зургаан вагон дутуу буюу 413 вагон ачжээ.
Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөнөөс 0.84 км/цагаар өсгөсөн байна. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 32 галт тэрэг 2568 минут зогсож, хэсгийн хурд 0.46 км/цагаар удаашрахад нөлөөлжээ.
Галт тэрэгний дундаж жин 3331.26 бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 81.26 тонноор, өмнөх долоо хоногоос 26.10 тонноор тус тус давсан байна. Зүтгүүрийн бүтээмж 1534.44 мянган бохир тонн/км болж өмнөх долоо хоногоос 48.51 тонноор давав.
Чингэлгийн хувьд Замын-Үүд-Эрээнээр 36 галт тэрэг авч, 35 галт тэрэг өгсөн бол Сүхбаатар-Наушкиар 36 галт тэрэг хүлээн авч, 31 галт тэрэг өгсөн байна. Үндсэндээ тайлант долоо хоногт чингэлгийн 66 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос таваар илүү, оны эхнээс нийт 343 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 83 галт тэргээр давсан байна.
Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 1923, импортын 850 чингэлэг шилжүүлэн ачжээ. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 591 чингэлэг, 1397 вагон ачаа байгаа аж.
Одоогийн байдлаар “Эрдэнэт” ТӨҮГ-аас 300 хагас вагон хүлээн авч зэс болон ТЭЦ-үүдийн нүүрсний тээвэрт явуулж буй бол үлдсэн 50 вагоныг хүлээн авахаар бэлтгэж байгааг танилцуулав.
Түүнчлэн, Вагоны болон Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга нар ажлаа танилцууллаа. Зүтгүүрийн хоногийн дунджийг 55 илчит тэргэнд барьж ажиллаж байгаа аж. Харин түлшний зургаан хоногийн буюу 3227 тоннын нөөцтэй байна. Өчигдрийн байдлаар Сүхбаатар өртөөнд 120 тонн түлш орж ирэн гаалийн бүрдүүлэлт хийсэн бол Улаан-Үдэд 500 тонн түлш байгааг албаны дарга нь хэллээ. Харин Замын дарга “Зүтгүүрийн хоногийн паркийг илүү нэмэгдүүлэхээс гадна дор хаяж 14 хоногийн түлшний нөөцтэй байх шаардлагатай. Хэрэв түлш дуусвал улс орны эдийн засаг, бүтээн байгуулалтад асар их нөлөө үзүүлнэ” гэдгийг холбогдох албадын удирдлагуудад сануулав.
Вагончдын хувьд засвар үйлчилгээний ажил хэвийн явж буйг тус албаны дарга Л.Болд хэллээ. Харин ОХУ-аас техникийн гэмтэлтэй вагонууд орж ирж байгаа аж. Энэ хүрээнд долоон вагоныг буцаасан байна. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас вагоны торон ар бүхий хуванцар шахавчны чанар муугаас засварын үед 16, ашиглалтын үед 12 шахавч хугарсныг онцоллоо.
Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн хойд хэсэглэлд хуримтлагдсан ачааг шуурхай татаж багасгах, ЗТ-ийн сайдтай байгуулсан 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг алба, хэлтэс, төвийн дарга нар сар, улирлаар биелүүлж ажиллах, шалган байцаах комисст шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй гаргаж өгч байх, тээврийн чанарын үзүүлэлтүүдийг төлөвлөгөөний дагуу тогтмол биелүүлэх, баярын өдрүүдэд ГТХАБ, болон ХАБЭА-г дор бүртээ мөрдөн ажиллах зэрэг үүргийг өгсөн юм.
М.Наранболд
