Замын долоо хоногийн нэгдсэн хурлыг Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков удирдлаа. Өнгөрсөн долоо хоногт хөдөлгөөний аюулгүй байдлаар гологдолгүй, 14 дутагдалтай ажилласан байна. Гарсан дутагдлаас зүтгүүр эвдэрч тусламж авсан, өртөө рүү ухарч орсон зэрэг таван дутагдал Зүтгүүрийн аж ахуйн албанд бүртгэгдэн бол Замын аж ахуйн албанд зам дээр мал байсан хоёр, 5/11 сп хэсэг хуурамч эзлэгдэж Н оруулах дохио унтарсан нэг гээд нийт гурав бүртгэгджээ. СИРДП-Е зүтгүүрийн БАБС ажиллаж 15 минут зогссон нэг бүртгэгдсэн бол үлдсэн таван дутагдал нь бусдаас буюу гадны шалтгаантай байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол 10, дутагдал 54 нэгжээр буурчээ.
Өнгөрсөн долоо хоногт 120 радио галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлт бөгөөд гурван радио галт тэргийг мөрдүүлж аялуулжээ.
Оны эхнээс тавдугаар сарын 22-ныг дуустал 12 сая 622.0 мянган тонн ачаа тээвэрлэсэн буюу 94.8 хувийн биелэлттэй байна. Энэ хугацаанд 8985.8 мянган тонн ачиж 93.8 хувиар биелжээ. Өнгөрсөн долоо хоногийн хувьд 598100 тонн ачаа ачсан байна. Үүнийг задлаад үзвэл транзит ачаа 117100, экспорт 218400 тонн болж өмнөх оны мөн үеэс тодорхой хувиар өссөн бол импортын ачаа 67000, орон нутгийн ачаа 195600 тонн болж буурчээ. План гэрээтэй ажилладаг “Багануур” ХК, “Шивээ-Овоо”, “Шарын гол” ХК, Эрдэнэт үйлдвэр энэ сарын 22-ны байдлаар бүгд төлөвлөгөөг давуулан ачсан байна.
Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 5078 вагон буюу хоногт дунджаар 111 вагон дутуу буулгажээ. Тавдугаар сарын 1-22 хүртэл аваад үзвэл 15554 вагон буулгасан буюу төлөвлөгөө 84.1 хувиар биелсэн байна.
Хэсгийн хурд 39.41 км/цагийн төлөвлөгөөтэй ажиллаж төлөвлөгөөнөөс +0.41 км/цагаар, өнгөрсөн долоо хоногоос +0.05 км/цагаар тус тус хурдассан байна. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 20 галт тэрэг 1506 минут зогсож, хэсгийн хурдыг 0.39 км/цагаар удаашруулжээ.
Галт тэрэгний дундаж жин өнгөрсөн долоо хоногт 3253.21 тонн болж, төлөвлөгөөнөөс +53.21 тонноор илүү, өмнөх долоо хоногоос -40.91 тонноор дутуу байна. Зүтгүүрийн бүтээмж тайлант долоо хоногт 1488.74 мянган бохир тонн/км болж төлөвлөгөө болон өмнөх долоо хоногоос ихэссэн байна.
Харин галт тэрэг солилцоо өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 112 галт тэрэг /707.1 вагон/ хүлээн авч, 111 галт тэрэг /711.2 вагон/ хүлээлгэн өгсөн нь хоногийн дундаж солилцоо 15.8-16 галт тэрэг болж, өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Нарийн царигаар 55 галт тэрэг /400.7 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /368.7 вагон/ хүлээлгэн өгсөн нь хоногийн дундаж солилцоо 7.7-7.8 галт тэрэг болж байгаа аж. Сүхбаатар-Наушкиар 46 галт тэрэг /309.4 вагон/ хүлээн авсан нь өмнөх долоо хоногоос нэг галт тэргээр дутуу, хоногийн дундаж нь 6.5 байна. Харин 59 галт тэрэг /364.4 вагон/ хүлээлгэн өгсөн нь өмнөх долоо хоногтой ижил, хоногийн дундаж нь 8.4 галт тэрэг болжээ.
Тайлант хугацаанд чингэлгийн 74 галт тэрэг аялсан байна. Оны эхнээс чингэлгийн нийт 1384 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 180 галт тэргээр илүү байна.
Одоогийн байдлаар транзит чингэлгийн хуримтлал 1165 болж буурсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Төмөр бетон дэрний үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарч, нэг ажилтан гараа гэмтээснийг ХАБЭА-н албаны дарга мэдээлж, салбар нэгжүүдэд ХАБЭА-н ажил сул байгааг анхаарууллаа.
Хурлын төгсгөлд Замын I орлогч дарга О.А.Казаков дараах үүргийг өглөө. “Нэгдүгээрт, Эрхүүд болох Ерөнхий хорооны хуралд тавих илтгэлийг яаралтай бэлтгэ. Хоёрдугаарт, Хойт дээр зогсолт нэмэгдсэн нь санхүүд хэрхэн нөлөөлж буй тооцоог гарга. Эргэлтийг нь сайжруулах талд Дорнод Сибирийн төмөр замын удирдлагатай ярилцана. Мөн Оны эхний дөрвөн сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөг илүү цагт төлсөн байна. Алба, хэлтэс, төв, салбар, нэгжүүд илүү цагийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг авч, зохион байгуулалт хий. Цаашид илүү цаг ихээр гаргаад байвал хатуу арга хэмжээ авч, их барилга, их засварынх нь төлөвлөгөөг хасна. Мөн ХАБЭА-г хангах талаар алба, хэлтэс, салбар нэгжүүд бүхий л түвшиндээ ажил зохион байгуулж, сайн хяналт тавь” хэмээн хатуухан сануулав.
