ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков Замын-Үүд суманд очиж, “УБТЗ” ХНН-ийн Замын-Үүдийн өртөө болон төмөр замын хилийн боомтын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцав.
Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлогч дарга Олег Казаков Элчин сайд Алексей Евсиковт тус боомтын өнөөгийн үйл ажиллагаа болон хийгдэж буй шинэчлэлийн тухай танилцуулав.
Тус өртөөнд хоёр дахь нарийн царигтай зам тавихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Хятадын талаас хүлээн авах ачааны галт тэрэгний тоог хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болох ажээ.
Түүнчлэн Элчин сайд одоо баригдаж буй ОХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэх терминалын явцтай танилцав. Тус терминал 2024 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсны дараа 600 шоо метр шингэрүүлсэн хий хуримтлуулах боломжтой болох юм.
Дараа нь Замын-Үүдийн чиглэлийн төмөр замын тээвэрт голлох үүрэг гүйцэтгэх гурван мянган чингэлэг хадгалах зориулалттай чингэлэг логистикийн терминалын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Элчин сайд Алексей Евсиков Улаанбаатар төмөр замын транзит ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлыг сайшаан тэмдэглэж, энэ чиглэл нь цаашид хөгжих асар их боломж байгааг онцлов.