Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах аяныг УБТЗ-ын хамт олон манлайлж, тус нийгэмлэг анхлан УОК-т 500 сая төгрөгийг хандивласан. Замын удирдлага УОК-т уг хандивыг гардуулж өгөхдөө байгалийн гамшгийг даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Улс орон даяар цас зуд ихтэйгээс зам даваа хаагдаж, малчны хотонд очих боломжгүй байгаа тул “УБТЗ” ХНН Онцгой байдлын газруудад цас ярж зам гаргагч хийж өгөхөөр ажиллаж байна. Зам гаргагчийн эхний загварыг УБТЗ-ын Төв засварын үйлдвэр хийснээ Улсын Онцгой комиссын гишүүдэд танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийг машины араас чирж явах бөгөөд 500 кг жинтэй юм. Үйлдвэрийн дарга Д.Ариунбаатар “Цаашид хэрхэн сайжруулж, нэмж юу хийх шаардлагатайг УОК-ынхон маань хэлж тохирвол манай зохион бүтээгч инженер, ажилчид маань хоёр хоногт нэгийг үйлдвэрлэх боломжтой” гэлээ. УОК-ыг төлөөлж ирсэн хурандаа О.Чингисболд тэргүүтэй гишүүд зам гаргагч онцгой байдлынханд маш их хэрэгтэйг дурдаад задалж, угсрахад илүү хялбар болгох, цас хамагчийн хашлага хойд үзүүрээ хүртэл намсах бус илүү өндөрсгөх шаардлагатайг зөвлөж хэллээ. Уг зөвлөмжийн дагуу ТЗҮ-ийнхэн зам гаргагчийг сайжруулж үйлдвэрлэхээр болов.