Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах аяныг УБТЗ-ын хамт олон манлайлж, тус нийгэмлэг Улсын Онцгой Комисст /УОК/ 500 сая төгрөгийг хандивласан. Замын удирдлага УОК-т уг хандивыг гардуулж өгөхдөө байгалийн гамшгийг даван туулахад цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Улс орон даяар цас зуд ихтэйгээс зам даваа хаагдаж, малчны хотонд очих боломжгүй байгааг харгалзан “УБТЗ” ХНН өөрсдийн санаачилгаар 8 ширхэг цас ярж зам гаргагч хийснээ ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнд “УБТЗ” ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт гардуулан өглөө.
Эдгээр зам гаргагчийг УБТЗ-ын Төв засварын үйлдвэрийн хамт олон хийхдээ УОК-ийн заавар зөвлөмжийн дагуу задалж угсрахад хялбар аргаар хийж УОК-т үнэ төлбөргүй хандивлаж байгаа юм. Зудын гамшигт нэрвэгдсэн малчин ард иргэддээ туслах үндэсний аянд нэгдэж, халуун сэтгэлийн хандив өргөсөн УБТЗ-ын хамт олонд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс талархал дэвшүүлсэн юм.