Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг бизнес эрхлэгчдэд танилцууллаа

Монголбанкнаас зохион байгуулсан "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг бизнесүүдэд танилцууллаа. Энэ үеэр Мөнгөний бодлогын хорооны хурлыг улиралд нэг биш, уян хатан байдлаар зохион байгуулах зэрэг саналуудыг оролцогчид илэрхийлж байлаа. Мөн валютын ханшийн хэлбэлзэл хүндрэл дагуулсаар байгааг онцолж байв.

Инфляц Монголбанкны зорилтот түвшнээс өндөр хэвээр буюу 20 гаруй сар хоёр оронтой тоонд хадгалагдаж байгаа юм. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар тогтвортой өсөлтийн суурь нөхцөл бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Энэ хүрээнд дунд хугацаанд инфляцыг 6 +-2 нэгж хувийн интервалд байлгах зорилт тусгаад байгаа юм.

Хэдийгээр ийнхүү тусгасан ч инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус байдал, төсвийн сахилга бат зэрэг ихээхэн нөлөөтэй. 2024 оны төсвийг 5.1 их наяд төгрөгөөр тэлэхээр төсөлд тусгаад байна.

Түүнчлэн инфляцыг зорилтот түвшинд барихад мөнгөний хатуу бодлогыг баримтлахаар байгааг Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлж байсан юм. Энэ нь эргээд бизнесүүдэд зээл авах нөхцөлд саад болохоор байгааг оролцогчид онцолж байлаа.