УБТЗ-ын Төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дашбалжин, халдвар судлаач Т.Халиун нараас улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч байгаа арга хэмжээ, эмчилгээ үйлчилгээний талаар тодрууллаа.
Б.Дашбалжин:
-Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэхээс өмнө бид жил бүрийн аравдугаар сараас эхлэн бэлтгэл ажлаа төлөвлөн, бэлэн байдлаа хангаж ажилладаг. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 4-ны өдрөөс эхлэн хүүхдийн тасагт ирж тусламж авч буй хүүхдээс зовиур ,эмнэл зүйн шинж тэмдэг , ялгах тест зэргээс үндэслэн А хүрээний томуугаар өвдсөн 1-2 хүүхэд оношлогдож эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс томуугийн А хүрээний вирусээс гадна бидний ярьдгаар RSV буюу амьсгалыг замын синциталь вирусын халдварын тохиолдол эрс нэмэгдсэн.
Манай эмнэлэгийн Хүүхдийн тасаг эрчимт эмчилгээ, боксын нийт 35 ортойгоор үйлчлэх хүрээний хүүхдүүдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
Хүүхдийн амьсгалын замын дээд ба доод замын халдвар , түүнээс үүдэлтэй амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдсэн учраас арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс Мэдрэлийн тасагт ор дэлгэсэн. Өнөөдрийн байдлаар /11/28/ Баасан гарагт хүүхдийн тасагт 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амралтын өдрүүдэд хүүхдийн яаралтай тусламжаар ирэх тохиолдлын тоо ихэсдэг учраас ЭМС-ын А/09 албан даалгаврын дагуу арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоног буюу 21-ний өдрөөс нэмэлтээр эмч, сувилагч, асрагч нарыг илүү цагаар ажиллуулж эхэлсэн.
Мөн Эрүүл мэндийн сайдын арваннэгдүгээр сарын 25-ны А-442 тоот тушаалаар Баянгол дүүргийн 3, 4, 20, 25, 27, 28, 29 дүгээр хорооны хүүхдүүдийг хүлээн авч тусламж үзүүлэх үүрэг өгсөний дагуу тусламж үзүүлж эхэлсэн.
-Хэдээс хэдэн насны хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна вэ?
Хүүхдийн амбулатори, яаралтай тусламжаар ирж буй , хүүхдийн тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь бага насны буюу 1-5 насных байна.
-Эмч нарын ачаалал их байна уу?
-Амбулаторид хүүхдийн нэг эмч ажилладаг. Гэтэл амбулаториор өдөрт 70-аас дээш хүүхэд ирж үзүүлж байгаа учраас нэг эмч хаанаа ч хүрэлцэхгүй байна. Тиймээс бусад мэргэжлийн эмч нараас нэмэлтээр ажиллуулж эхэлсэн.
Хоногийн 24 цагт яаралтай тусламжаар 100 гаруй хүүхэд ирж үзүүлж байна, иймд нэмэлтээр эмч ажиллуулах гэх зэрэг хөдөлмөр зохицуулалтыг хийж ажиллаж байна.
-Эм тарианы нөөц хэр байгаа вэ?
-Аравдугаар сараас эхлэн бид эм тарианы нөөцөө хангалттай хэмжээнд бэлтгэсэн. Одоогоор дутагдалтай эм эмнэлэгийн хэрэгсэлийн тасалдалгүй аль болох чирэгдэл хүндрэлгүй, шуурхай, оновчтой тусламж үзүүлэхийг зорин ажиллаж байна.
-Томуугийн улирал хэдий хүртэл үргэлжилдэг вэ?
-Сүүлийн гурван жилд томуугийн улирал хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн статистик байдаг.
-Баянгол дүүргийн долоон хорооны хүүхдүүдийг хүлээж авч байгаа болохоор ачаалал цаашид улам нэмэгдэх бололтой. Хүүхдийн тасагт ахин ор нэмэх боломжтой юу?
-Хүний нөөц зэрэг бүх боломжоо судлаад хамгийн дээд тал нь бид 70 хүртэл ор дэлгэх боломжтой.
-Эцэг эхчүүд хүүхдээ өвдсөн тохиолдолд гэрээр дур мэдэн эмчилж цаг алддаг өвчнийг хүндрүүлэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд та ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Хүүхдээ сайн анзаарч ямар нэгэн зовиур эхэлж биеийн байдал ердийн үеэс өөрчлөгдөж хоолондоо муудаж хүүхдийн хөдөлгөөн удаашрах, өндөр халуурах,уйлагнах,унтаарах,хордлогын зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандаж, оношлуулж, тохирох эмчилгээг л хийлгэх нь зөв шүү.Зарим тохиолдолд эцэг эхчүүд маань дур мэдэн гэрээр эм тариа хэрэглэн хүүхдээ хүндрүүлэх эрсдэлтэй байдаг. ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалууд гарч бүх дүүрэг, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа.
Төв эмнэлгийн халдвар судлаач Т.Халиун: Төмөр замын цэцэрлэг, сурагчдын дотуур байранд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэл хийх зөвлөмжийг боловсруулан , мөрдүүлж ажиллаж байна.
Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдэдээ “Д” амин дэмийг тогтмол уулгаж, ам, хамраа зайлах, хэрэв томуу, ханиад туссан бол цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх, гэрээр дур мэдэн эмчлэхгүй, цаг алдалгүй эмчид хандаж, тохирох эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Мөн гарын эрүүл ахуйг сахих, амны хаалт зүүж, онц шаардлагагүй бол олон хүн төвлөрсөн газруудад бага насны хүүхдээ авч очихгүй байх нь зүйтэй.
Эмнэлгийн хувьд эмч ажилтнууддаа малгай маск, бээлийг тогтмол хэрэглэх, нэг давхарт олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зэрэг арга хэмжээг авч байна.
Мөн ариутгал цэвэрлэгээг тотгмол хийж, олон хүн хүрэлцдэг хаалганы бариул, шат зэргийг өдөрт 2-3 удаа, жаволины 0.06 хувийн уусмалаар цэвэрлэж байна.
Хүүхдийн тасагт агаар солилцоог тогтмол хийж, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, хуучин хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд дээр шинээр хэвтсэн хүүхдийг нэмж хэвтүүлэхгүй, эмнэлгээс дахин халдвар авахаас урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Б.Гүнж
