ОХУ-ын Засгийн газар төмөр замын санхүүгийн байдлыг сайжруулах томоохон хөтөлбөрийг боловсруулжээ.Банкуудын зээлийг хүүг бууруулж, бүтцийн өөрчлөлт хийх, мөн өрийн тодорхой хувийг Оросын төмөр замын хувьцаа болгон түр хугацаагаар хөрвүүлэх, дараа нь Сангийн яамны баталгаатайгаар буцаан худалдан авах зэргээр хэрэгжүүлнэ гэж үзжээ. Тус компанийн үйл ажиллагааны зардлыг дор хаяж 73.6 тэрбум рублиэр оновчтой зохион байгуулж, менежментийн зардлыг бууруулах, цалин хөлсийг индексжүүлэх юм.
Хөрөнгө босгохын тулд Оросын төмөр зам нь Москва хотын “Москва Сити” цамхаг дахь 350.000 хавтгай дөрвөлжин ам метр талбайг, мөн Холбооны ачаа тээврийн компанийг (ФГК) зарж магадгүй гэнэ.Мөн төсвийн дэмжлэг, дизель түлшний онцгой албан татварыг дахин хуваарилах, тарифын индексжүүлэлтийг хойшлуулах боломжуудыг хэлэлцэж байна.
Сангийн яам шууд татаасыг эсэргүүцэж, зарим дэд сайд нар замын сангийн хөрөнгийг дахин хуваарилахыг дэмжихгүй байна. Энэхүү хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд Оросын төмөр замын 2026 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг өнгөрсөн жилтэй харьцуулахад багасгах саналыг гаргаж байна.
Энэ тухай Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Денис Мантуровын 12 дугаар сарын 11-нд хийсэн уулзалтын тэмдэглэлтэй танилцсан эх сурвалж "Коммерсант"-д мэдээлжээ. Уг уулзалтад монополийн 2026 оны санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэлэлцсэн байна. Эхний есөн сарын үр дүнд үндэслэн Оросын төмөр замын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 4.2 дахин буурч 24.91 тэрбум рубль болсон бол орлого 10.6 хувиар өсөж, 2.7 их наяд рубль болжээ. 9 дүгээр сарын 30-ны байдлаар урт болон богино хугацааны нийт зээл 3.48 их наяд рубль болсон бөгөөд үүнд урт хугацааны зээл 1.84 их наяд рубль, богино хугацааны зээл 1.64 их наяд рубль болсон гэж Олон улсын санхүүгийн тайланд дурджээ.
2024 он хүртэл Оросын төмөр зам томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөрт идэвхтэй зээл авч байсан бол 2024 онд огцом буурч, Коммерсантын зах зээлийн эх сурвалжийн мэдээлснээр барилгын төслүүд аль хэдийн хэрэгжиж байгаа тул үүнийг шууд зогсоох боломжгүй байв. Коммерсантын эх сурвалжийн мэдээлснээр Оросын төмөр зам анх 200 тэрбум рублийн төсвийн дэмжлэг хүссэн боловч Сангийн яам татгалзсан байна. 11 дүгээр сард Оросын төмөр замд нийт 1.3 их наяд рублийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн боловч холбогдох яам, тамгын газрууд янз бүрийн эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Өрийн тухайд...
Үйл ажиллагааны зардлыг хамгийн бага түвшинд оновчтой болгохоор төлөвлөж захиргааны болон удирдлагын ажилтнуудыг 2026 онд цалингийн индексжүүлэлтийг 0.1 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.
Коммерсант сонинд мэдээлснээр, цалин хөлс, ажилтнуудын байртай холбоотой зардлыг бууруулахын тулд Оросын төмөр замууд таван жилийн хугацаанд Москвагаас ОХУ-ын бусад бүс нутаг руу удирдах ажилтнуудыг шилжүүлэх талаар авч үзэж байна. Тус компанид 2026 оны нэгдүгээр сараас 11 дүгээр сард төлөх даатгалын шимтгэлийн төлбөрийн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 28 хүртэл сунгах эрх олгож магадгүй юм.
Москва хотын “Москва Сити” товер дахь 350.000 хавтгай дөрвөлжин ам метр талбайг 2026 онд Оросын төмөр замын хувьд алдагдалгүйгээр, мөн дор хаяж 8.5 тэрбум рублийн орлого бий болгодог үндсэн бус хөрөнгөтэй хамт зарахаар төлөвлөж байна.
Коммерсантын эх сурвалжийн мэдээлснээр “Москва Сити” товер дахь талбайг 170 тэрбум рублиэр худалдаж авсан бөгөөд барилгын ажлыг дуусгахад дор хаяж мөн хэмжээний санхүүжилт шаардлагатай байна. Хэлэлцээрийн дагуу авсан зээлийн хүүг харгалзан үзвэл уг хөрөнгийг алдагдалгүйгээр зарах магадлал багатай юм.
Infoline-д мэдээлснээр 134.300 хөдлөх бүрэлдэхүүнийг удирддаг, Оросын төмөр замын операторуудын дунд хоёрдугаарт ордог “ФГК” компаний хөрөнгийг худалдах нөхцөлийг мөн авч үзэх болно. Хамгийн сүүлд иймэрхүү хэлцэл нь 2023 онд Ачааны нэгдүгээр компанийг (ПГК) 220 тэрбум рублиэр худалдахад болж байжээ.
Шударга монополийг судлах хүрээлэнгийн ерөнхий захирлын орлогч Владимир Савчук ФГК нь арилжааны бус чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд гэрээний суурь нь ПГК-ийнхээс хамаагүй сул гэж хэлэв. Цаашилбал, тэрээр ФГК-ийн эзэмшлийн 102.000 гаруй хагас вагоны 20 хувь нь дараагийн таван жилийн дотор ашиглалтын хугацаа нь дуусна гэж нэмж хэлэв.
Орлого ба зардал
Оросын төмөр зам 2026 онд 2028 оны холбооны төсвөөс 85 тэрбум рубль авах санал гаргаж байгаа бөгөөд энэ нь 2025 он хүртэл гарсан үйл ажиллагааны зардлыг хэсэгчлэн нөхөх зорилготой юм. Үйлдвэр, худалдааны яам нь хөдлөх бүрэлдэхүүн худалдан авахад жилд 20 тэрбум рублийн нэмэлт татаас олгож магадгүй.
2026 онд замын сангийн хөрөнгийг Оросын төмөр замын талд дахин хуваарилах асуудлыг авч үзэж байгаа бөгөөд энэ нь компанийн худалдаж авсан дизель түлшний онцгой албан татварын 33 тэрбум рублиас хэтрэхгүй байх ёстой.
Оросын төмөр зам онцгой албан татварыг дахин хуваарилахыг удаан хугацаанд шаардаж ирсэн: дизель түлшний онцгой албан татварыг замын санд төлснөөр тус компани өрсөлдөгчдөө татаас өгч байна гэж Коммерсантын эх сурвалжуудын нэг мэдээлэв. Оросын төмөр замын тээвэрлэлтээс олох орлогыг нэмэгдүүлэхийн тулд 2027 оны тарифын индексжүүлэлтийн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулж, 12 сарын хугацаанд 1.01 нэмэлт коэффициент нэвтрүүлэх санал гаргасан.
"Коммерсант"-ын эх сурвалжийн мэдээлснээр, засгийн газар доторх саналуудын талаарх санал зөрөлдөөнтэй байна. Оросын төмөр замын 2026 онд санал болгож буй хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн дээд хэмжээ нь 713.6 тэрбум рубль юм. 2025 онд түүний хэмжээг 890.9 тэрбум рубль гэж баталсан. Марат Хуснуллин, Антон Силуанов, Эдийн засгийн сайд Максим Решетников нар хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 590 тэрбум рубль хүртэл хязгаарлах ёстой гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Коммерсантын эх сурвалжийн мэдээлснээр, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг бууруулах нь Оросын төмөр замын дэд бүтцийг доройтуулж, компанийн захиалгыг бууруулж, ачаа тээвэрлэлт болон зорчигч тээврийн хэмжээг 100 сая тонн, 140 сая зорчигчоор бууруулах аюул учруулж байгааг Шадар сайд Виталий Савельев анхааруулжээ.
2026 онд Оросын төмөр зам дор хаяж 1132 сая тонн ачаа тээвэрлэх үүрэг хүлээсэн гэж Коммерсантын эх сурвалж нэмж хэлэв. Энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл ачаа тээвэрлэлт өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар буурч, 1023 сая тоннд хүрсэн байна.
Тэрээр хамгийн логик үр дүн нь банкуудын хүүгийн төлбөрийг түр хугацаагаар зогсоох, Сангийн яам Үндэсний баялгын сангаас санхүүжилт хуваарилахыг зөвшөөрөх, магадгүй Холбооны ачаа тээврийн компанийн (ФГК) борлуулалтыг байрнаас нь хөдөлгөх явдал болно гэж үзэж байна. Өмнө нь Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг компанийн өрийн дарамтыг бууруулахад ашиглаж болох эсэхийг асуухад Антон Силуанов Оросын төмөр зам одоогоор өрийг шийдвэрлэх, өрийн бүтцийг өөрчлөх, ирэх жилийн өрийн дарамтыг хөнгөвчлөх арга хэмжээ авч байгаа бөгөөд зээлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэж мэдэгдэж байсан. Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг "тодорхой зорилгоор - газрын тосны үнэ суурь үнээс доогуур унасан тохиолдолд болон технологийн тэргүүлэх чиглэлүүдэд зориулдаг" гэжээ.
Коммерсант сэтгүүлээс орчуулсан Л.Сурмаа
